Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оношилж чадаагүй хоцрогдлыг нөхөх шийдэл олдох уу

Манай улс өнгөрсөн хоёр хичээлийн жилд танхимын сургалтыг зогсоож, сурагчид теле болон цахим хичээл үзсэн. “Хичээлийн үр дүн сайн, амжилттай үргэлжилж байна” гэж холбогдох албаныхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон нийтийн тархийг “угаасаар” ирсэн. Харамсалтай нь, бодит нөхцөл байдал дарга нарын ярьснаас тэс өөр буюу теле, цахим хичээл нь үр дүнгүй, зарим хүүхэд тэдгээрийг огт үзээгүй бөгөөд хоёр жил шахмын хугацаанд сургууль завсардсан гээд хэлчихэд хилсдэхгүй нь. Салбарын сайд нь ч үүнийг хүлээн зөвшөөрч, “Хичээл үр дүнгүй байжээ” хэмээн ярих болсон. Алдаагаа олж харсан нь олзуурхууштай боловч хоёр жилийн дараа л мэдсэн нь хэтэрхий хожимдсон хэрэг.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн эдийн засаг, нийгмийн байдал, амьдрах хэв маягаас шалтгаалан зайны, цахим хичээлийн хүртээмж бидний бодсон шиг байж чадсангүй. Тухайлбал, алслагдсан бүс нутагт амьдарч байгаа өрхийн 178 500 сурагч эрчим хүчний хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүртээмжгүй байдал болон бусад шалтгаанаар теле болон цахим сургалтад хамрагдах боломжгүй байдалд хүрсэн. Цахим, зайны сургалтын чанар муу байсныг эцэг, эх, асран хамгаалагч нар шүүмжилж байна” хэмээн мэдэгдсэн. Уг нь салбарын сайд, яамныхан “Теле, цахим хичээлийн чанар сайн байна” бодоод л суух бус, нөхцөл байдлыг тухай бүрт нь хянаж, судалж, шийдвэртэй алхмуудыг цаг алдалгүй хийх байсан. НҮБ-ын Хүүхдийн сангийнхны хийсэн судалгаагаар нийт сурагчийн 21 хувь нь ямар нэгэн шалтгаанаар теле хичээл үзээгүй. Үүнээс гадна Боловсролын хүрээлэнгээс “2021 оны гуравдугаар сарын 1-нээс орон нутагт танхимын сургалт эхлүүлсэн ч 47 478 нь хүүхэд хамрагдаагүй, 1450 сурагч эцэг, эхийн хамт оторт явснаас сургуулиас хөндийрсөн” гэв.

Техник, технологийн эрин үед цахим, теле хичээлийг үр дүнтэй явуулах боломжтойг олон улсад хэдийн нотолж, амжилттай хэрэгжүүлж буй. Харин манай улс уг туршлагыг нэвтрүүлсэн нэртэй боловч үнэндээ холион бантан хутгажээ. Нөхцөл байдал өдгөө ч сайжраагүй бөгөөд энэ хичээлийн жилд гэхэд л цахим болон танхимын хосолсон сургалт гэх эх адаг, утга учир нь мэдэгдэхгүй “үймээн самуун” үргэлжилсээр байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлснээр бол 2020 онд сургалтын нийт хугацааны 47, өнгөрсөн жил 62-68-тай тэнцэх хувьд нь сурагчид теле болон цахим хичээл үзжээ. Теле хичээлд хамрагдалтын улсын дундаж 74.7 хувьтай гэж салбарын яамнаас дүгнэсэн байна. Харин хичээлийн чанар, үр дүнг тийм ч сайн судлаагүй. Өөрөөр хэлбэл, сурагчид чанартай боловсрол эзэмшиж чадсан, эсэхийг бүрэн дүүрэн тодорхойлж чадаагүй. Цөөн сурагч, багшийг хамруулсан судалгаа, шинжилгээ хийх төдийхнөөр хоцрогдлын оношийг тодорхойлсон нэр зүүх болсон. Тухайлбал, өнгөрсөн онд 1140 багшийг хамруулсан судалгаа хийхэд тэд сурагчдын сурлагын хоцрогдлыг 40-50 хувьтай гэж үзсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.7-д иргэн бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан. Тодруулбал, “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” хэмээн хуульчилсан. Гэсэн ч цар тахлын үед хүүхдүүд сурах эрхээ эдэлж чадсангүй. Ялангуяа улсын сургуулиуд суралцдаг хүүхдүүд хичээл, сургуулиа мартсан гэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, цахим, теле хичээл гэх холион бантанг ойлгоогүй хэрнээ үзсэн, судалсан гэсэн ангилалд багтаж, салбарын яамны ирц бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулсан хүүхэд олон байна. Үнэн хэрэгтээ бол тэдний зарим нь эзэмшвэл зохих мэдлэгээ хагас дутуу авсан, нэг хэсэг нь боловсролын үйлчилгээнд огт хамрагдаж чадаагүй. Тэгсэн хэрнээ өнгөрсөн хугацаанд хоёр анги дэвшиж, зарим нь ерөнхий боловсрол эзэмшсэн нэр зүүгээд, их, дээд сургуульд элсчихлээ. Угтаа бол сурах эрхийг хангах нь яаж ийж байгаад анги, сургууль төгсгөхийн нэр биш. Чанартай мэдлэг, боловсрол олж авах нь юу юунаас чухал.

“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн байгууллагаас хийсэн судалгаагаар сурагчдын бие даан суралцах чадвар сул буюу теле, цахим хичээлийг үзэх боломж хязгаарлагдмал гэсэн дүн гарчээ. Тодруулбал, сурагчдын дөнгөж 12 хувь нь л бие даан суралцах арга барил сайн эзэмшсэн гэж дүгнэсэн байна. Үндсэндээ монгол хүүхдүүдийн дийлэнх нь зайны сургалтад бэлэн бус байж. Тус байгууллагынхан “Теле хичээлийн агуулга сурлагадаа сайн хүүхдэд зориулсан хурдтай байсан. Гэртээ зурагтгүй, гар утасны сүлжээгүй, алслагдмал газарт, эсвэл олуулаа амьдардгаас теле хичээл үзэх боломжгүй сурагч олон байв. Хичээлээ үзсэн ч олж авсан мэдлэгээ багшид шалгуулах, даалгавраа илгээх боломж нь хязгаарлагдмал буюу интернэтгүй айл олон байна” гэж дүгнэжээ.

Теле хичээлд сурагчдын оролцооноос гадна багш, эцэг, эх, асран хамгаалагчийн дэмжлэг, үүрэг чухал байсан. Тэгвэл зөвхөн сурагчид бус, нөгөө хоёр тал нь ч зайны сургалтад огт бэлэн биш байсан нь “Бүх нийтийн боловсролын төлөө” байгууллагын судалгаагаар тодорхой болжээ. Жишээ нь, багш нарын 80 орчим хувь нь гэрээсээ ажиллахад хүндрэлтэй, зарим тохиолдолд ахуйн ажлаа хичээл заахтай хослуулахад бэрхшээлтэй гэж судалгааны асуулгад хариулсан байна. Товчхондоо, тэдний олонх нь өмнө нь зайны сургалт явуулж байгаагүй, үүнд шаардлагатай техник, хэрэгсэл ч хангалтгүй байсан аж. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаанд оролцсон багш нарын 28 хувийнх нь техник хэрэгсэл дутмаг, 14 хувь нь цахим орчинд ажиллах туршлагагүй байсныг тогтоожээ. Мөн эцэг, эхчүүдийн оролцоо ч сул байв. Тухайлбал, багш нарын 58 хувь нь эцэг, эхчүүдийн оролцоо хангалттай бус байсан хэмээн үзжээ.

Зайны сургалтын явцад тулгарсан бэрхшээлүүдийг зарим судалгаагаар ийнхүү тогтоожээ. Харин сурагчид хичээлийн үр дүнд хэр зэрэг мэдлэг олж авсан нь, хэр хэмжээгээр хоцорсон нь, ямар түвшний сургалтыг цаашид явуулах шаардлагатай нь өдий хүртэл тодорхойгүй. Гол шалтгаан нь зайны сургалтын явцын болон үр дүнгийн үнэлгээний цахим систем байхгүйтэй холбоотой гэнэ. Гэхдээ холбогдох албаныхан тойм маягийн үнэлгээ хийж, сурагчид ойролцоогоор 1-1.5 жилийн хичээлээс хоцорсон гэж үзсэн байна. “Энэхүү үзүүлэлт нь олон улсын дундажтай ойролцоо” гэж БШУЯ-ныхан өөрсдийгөө зөвтгөжээ. Маш их ачаалалтай, угаасаа “сульдаатай” боловсролын салбарын хувьд энэ хэмжээний хоцрогдлыг нөхөх нь “дэлхийг эргүүлэх” дайны хүнд хөдөлмөрт тооцогдож ч мэднэ.

Сурлагын хоцрогдлыг арилгахад 373 тэрбум төгрөг хэрэгтэй гэж салбарын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн юм. Ийм хэмжээний мөнгө байлаа гэж бодоход бүрэн, найдвартай оношилж чадаагүй хоцрогдлыг нөхөх шийдэл олдох уу гэдэг нь эргэлзээтэй, хамаг ажил зуун задгай байна. Нөхцөл байдал энэ хэмжээнд хүрсэн атал эрх баригчид цар тахал, ханиад, томуугаар далимдуулан сурагчдыг нэг сараар амраачихаад, сэтгэл амар сууж буй. Дорвитой ажил хийхгүй суусаар байтал асуудал улам зузаарч, тун удахгүй сурагчид дахин нэг анги “улирах” нь. Энэ “цонх” үед “сурч мэдсэн” хүүхдүүд тун удахгүй эх орныхоо ачааг үүрэх гол хүч гэдгийг мартаж болохгүй.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.