Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Африкийн цомын тухай юу мэдэх ёстой вэ

2021 оны Африкийн цомын төлөөх хөлбөмбөгийн тэмцээн энэ сарын 9-нөөс хоёрдугаар сарын 6-ны хооронд Камерун улсад болно. Тоглолтууд нийслэл Яунде болон Лимбе, Дуала, Бафуссаме, Гаруа гэсэн таван хотын зургаан цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм.

Тус тэмцээн хэсэг хугацаанд Африкийн хөлбөмбөгийн холбооны (CAF) толгойны өвчин болж байв. Анх 2019 онд Камерунд болох байсан тус тэмцээнд иргэний дайн болон зарим цэнгэлдэх хүрээлэн баригдаж дуусаагүй нь сөргөөр нөлөөлсөн. Тиймээс эл тэмцээнийг зохион байгуулах эрхийг Египет улс руу шилжүүлсэн юм.

Тэмцээний бэлтгэл ажлуудаас хамгийн их асуудал дагуулсан нь Яунде хотод баригдаж байсан 60 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх. Барилгын ажил 12 жил үргэлжилсэн агаад санхүүжилт, ажил хаялт зэргээс шалтгаалж хугацаа нь олон удаа хойшилж байв. Харин 2021 оны арванхоёрдугаар сард л Африкийн хамгийн үнэтэй (300 сая евро) цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орсон юм.

НЭР

2020 оны Евро, зуны олимпын наадмын нэгэн адил маркетингийн шалтгаанаар тус тэмцээний нэрийг “Африкийн цом-2021” гэж хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Гэхдээ тус тэмцээн үнэндээ л “зовлон үзсэн”-ийг дурдах ёстой.

Улирлын ид дундуур нэг сарын турш африк тоглогчдоо алддаг Европын клубүүдийн шахалтаар CAF хэдэн жилийн өмнөөс тивийн аваргын тэмцээнийг зун зохиож эхэлсэн. Гэвч цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж 2019 онд Египетэд зун хийх боломжгүй болов. Шатам халуунаас шалтгаалж тоглолтуудыг шөнө дунд явуулахад хүрэх байлаа.

Харин Камеруны хувьд өөрийн гэсэн онцлог буюу борооны улирал нөлөөлжээ. Тус улсад зун тэмцээн явуулах ямар ч боломжгүй юм. Тиймээс 2020 оны нэгдүгээр сард CAF тус тэмцээнийг 2021 оны зургаа, долоо бус нэг, хоёрдугаар сард зохион байгуулахаар шийдсэн юм. Төдөлгүй цар тахал саад болсноор 2022 онд болгож хойшлуулсан.

ТЭМЦЭЭНИЙ ФОРМАТ

Энэ жилийн тэмцээнд 24 баг оролцож буй бөгөөд тэмцээний формат нь Европын АШТ-тэй ижил. Багуудыг зургаан хэсэгт хувааж, хэсгээ тэргүүлсэн хоёр баг болон гуравдугаар байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй дөрвөн баг хасагдах шатанд шалгарна. Цаашдаа хасагдах зарчмаар явагдах юм.

БАГУУД

А хэсэг
Камерун, Буркина-Фасо, Этиоп,
Кабо-Верде

В хэсэг
Сенегал, Зимбабве, Гвиней, Малави

С хэсэг
Марокко, Гана, Коморын арал, Габон

D хэсэг
Нигери, Египет, Судан, Гвиней-Биссау

E хэсэг
Алжир, Сьерра-Леон, Экваторын Гвиней, Кот-д’Ивуар

F хэсэг
Тунис, Мали, Мавритан, Гамби

Хуваарь
Хэсгийн тоглолтууд-I.9-21
Шөвгийн 16–I.23-26
Шөвгийн найм-I.29-30
Хагас шигшээ-II.2-3
III байрын төлөөх тоглолт-II.6
Финал-II.6

ҮЗЭГЧИД

Цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглолт 60 хувийн дүүргэлттэй болох ёстой. Гэхдээ Камеруны шигшээгийн тоглолтын үеэр энэ тоо 80 хувь болж нэмэгдэх “эрхтэй” юм. Түүнээс гадна вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан, шинжилгээний хариу нь сөрөг гарсан үзэгчдийг л цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрүүлнэ. Камеруны 26 сая хүн амын гурав хүрэхгүй хувь нь вакцин хийлгэсэн учир тоглолтыг тийм ч олон хүн үзэхгүй байх магадалтай.

ЕВРОПЫН ЛИГҮҮД

Тус тэмцээнд Франц, Английн дээд лигээс хамгийн олон тоглогч дуудагджээ.

Франц-Нийт 56 тоглогч ирснээс “Мец” (7), “Нант”, “Сент-Этьен” (тус бүр 5) хамгийн олон тоглогчоо илгээсэн байна.

Англи-Нийт 32 тоглогч. “Арсенал” (5), “Уотфорд”, “Лестер” (тус бүр 4) багаас хамгийн олон тоглогч ирсэн.
Итали-14 тоглогчийн гурав нь “Милан”, тус бүр хоёр нь “Наполи”, “Рома”, “Сассуоло” багийнх.
Испани-Нийт 10 тоглогчийн олонх нь “Вилларреал” (4), “Севилья” (3) багийнх ажээ.
Герман-“Байерн”, “Байер” багаас тус бүр хоёр нийт таван тоглогч иржээ.

Бэлтгэсэн Э.Манлайбаатар

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.