Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Миний мэдэх С.Удвал дарга

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ахмад ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, профессор, франц хэлний багш, орчуулагч Балдангийн Хэнмэдэх хэмээх эрхэм хүмүүний нэгэн сайхан дурсамжийг уншигч танд толилуулъя. Монголын боловсролын салбарт өөрийн гэсэн тод мөртэй, олон шавьтай, монгол эмэгтэйчүүдийн соёл, гэгээрэлд онцгой хувь хэмэр оруулсан энэ хүн 1969-1972 онд Францын Парис хот дахь Монголын Элчин сайдын яаманд атташегаар ажилласан бөгөөд 1998 онд Францын Ерөнхийлөгчийн зарлигаар Францын үндэсний гавьяаны одонгоор шагнуулсан нь хоёр орны харилцаанд оруулсан түүний гавьяа, хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн хэрэг юм. 1972-1984 онд Монголын эмэгтэйчүүдийн хороо (тухайн үеийн нэршил)-нд зааварлагч, орлогч даргаар ажиллаж байсан тэрбээр уншигчдад Монголын бахархалт эмэгтэйчүүдийн нэгэн манлай С.Удвал хэмээх их соён гэгээрүүлэгч, эгэл хүмүүний тухай сайхан дурсамжаа толилуулж байна. С.Удвалын мэндэлсний 100 жилийн ой энэхүү цагаагчин үхэр жилд тохиосон билээ.

Үнэнийг хэлэхэд 1963 он хүртэл би Монголын эмэгтэйчүүдийн байгууллага болон С.Удвал гуайн талаар тун бага ойлголттой байлаа. Тэр жилийн хавар би Москвад сургуулиа төгсөх гээд шалгалтад бэлдэж тун завгүй байтал нэг өдөр Элчин сайдын яамнаас дуудсаны дагуу яаран очтол, Элчин сайд С.Лувсан гуай “Ирэх зургадугаар сард Москвад болох Дэлхийн эмэгтэйчүүдийн их хуралд оролцох Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд чамайг оруулсан талаарх шийдвэр төвөөс ирсэн” гэв. Энэ мэдээг сонсоод би баярласан боловч дөнгөж сургуулиа төгсөж буй надад ахадсан итгэл байна гэж бодож билээ.

Ингээд зургадугаар сарын эхээр Монголын эмэгтэйчүүдийн хороо (МЭХ)-ны дарга С.Удвал тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-ын нийслэл Москва хотод ирлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд манай улсын ажилчин, малчин, сэхээтний болон бүх давхаргын төлөөлөгч байсны дотор санаанд байгаа заримаас нь дурдвал, эрдэмтэн зохиолч Э.Оюун, Хөдөлмөрийн баатар, ногоочин C.Бадамсүрэн, Гавьяат багш Б.Долгормаа, Гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн нарын олон эмэгтэй байсан. Маргааш нь Кремлийн Их хурлын ордонд дэлхийн 100 гаруй орны төлөөлөлч оролцсон их хурал эхэлж билээ.

Ингэж би С.Удвал гуайг мэдэх болсон юм. Москвад сургуулиа төгсөөд эх орондоо ирж, МУИС-д багшилж байхад 1970-аад оны эхээр намайг Монголын эмэгтэйчүүдийн хороонд авах гэсэн боловч тэр үеийн МУИС-ийн ректор Д.Цэвэгмид багш С.Удвал гуайд “Удвал аа, чи тэгвэл МУИС-ийн франц хэлний ангийг хаачихаад энэ хүнийг ав л даа” гэж хэлсэн гэдэг. Энэ тухай С.Удвал дарга нэлээд хожим, намайг МЭХ-нд ирсний дараа хэлээд жуумалзаж билээ. Гэвч дээрх ярианаас хойш төд удалгүй Д.Цэвэгмид ректор Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга болон дэвшиж, манай сургуулийн ректороор Ж.Батмөнх гуай томилогдон ирлээ. Тэгээд С.Удвал дарга маань шинэ ректортой тохиролцож, 1973 оноос намайг МЭХ-нд гадаад асуудал хариуцсан зааварлагчаар, 1976 оноос орлогч даргын албан тушаалд томилснор би тэр их эгэл атлаа ховор хүний дэргэд арваад жил ажилласан юм.

Эмэгтэйчүүдийн төв байгууллага болох МЭХ-ны орон тоо тун цөөн, тодруулбал, дарга, орлогч, хариуцлагатай нарийн бичгийн дарга болон туслах, гадаад харилцаа эрхэлсэн гурван зааварлагч, “Монголын эмэгтэйчүүд” сонины хоёр ажилтан гээд арваад хүн болохоор хот, хөдөөгийн эмэгтэйчүүдийн дунд ажил зохиохдоо аймаг, хотын анхан шатны зөвлөлүүдтэйгээ хамтран их л ачаалалтай ажиллаж байсан. Хорооныхон маань өдөржин, шөнөжин ажил дээрээ байх үе олон байсан шүү. Гэхдээ тухайн хамт олныг зөв удирдаж, ажилтан нь хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийж чадвал орон тоо тийм ч чухал биш юм билээ л дээ.

МЭХ хэмээх том байгууллагыг тэргүүлж байсан С.Удвал даргын уужуу ухаан, тэсвэр тэвчээр, мэдлэг чадвар биднийг их зүйлд сургасан билээ. Даргын маань нэг онцлог нь бид их ажлын үед яарч тэвдэж байхад маш тайван, огт бухимдахгүй зөвхөн товч тодорхой үгээрээ удирдаж чаддаг. Энэ нь биднийг ногдсон үүргээ тайван биелүүлэхэд сэтгэл санааны их дэмжлэг болж, урам өгдөг байлаа. Хорооны хэд маань очихгүй газар, оролцохгүй ажил гэж бараг байхгүй. Заримдаа бид бүр эмч, багш, хуульч юм шиг болно.

Улс орны бүх л салбарт эмэгтэйчүүд ажилладаг болохоор Хорооны шугамаар хийх ажил маш өргөн хүрээтэй байв. Ялангуяа эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд дэвшүүлэх, ажилчин, малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, малчдын хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулах талаар төрийн болон олон нийтийн байгууллагуудтай хамтран бүх төрлийн ажилд оролцдог байсны нэг нь 1970-1980-аад онд улс даяар жил болгон өрнүүлдэг “Соёлжилтын үзлэг” юм. Энэ ажилд төрийн бүх яам, олон нийтийн төв байгууллагууд аймаг, хотод соёлжилтын үзлэг хийдэг байв. Үзлэгт тухайн аймаг, хотын дүүрэг, сум, нэгдэл, сангийн аж ахуйн үйлдвэр, соёл, боловсролын бүх байгууллага, тэр ч байтугай айл өрх бүгд хамрагддаг болохоор ариун цэвэр, ахуйн соёлын хүрээнд уг үзлэгийг угтаж их ажил өрнүүлнэ дээ. Зарим газар нүд хуурдаг байсныг үгүйсгэх юун. Гэхдээ л энэ үзлэгээр олон газар, айл өрх хир буртаг, тоос шорооноосоо салж, ядаж л хур хоггүй болдог байсан юм.

Эмэгтэйчүүдийн байгууллага, ялангуяа хөдөөгийн эмэгтэйчүүдийн дунд төлчдийн семинар, бригадын өдөрлөг, Хөдөлмөр соёлын чуулган зохиож, нэгдэл, сангийн аж ахуйн төвүүдийг төрөх эмэгтэйчүүдийн байртай болгох, малчдын хүүхдийн сургуулийн дотуур байрыг тохижуулах, сайн чанарын хоол хүнсээр хангах зэрэгт их анхаардаг байлаа. 1960-1970-аад онд МЭХ-ны шугамаар манай оронд олон улсын чанартай хэд хэдэн том хурал, уулзалт болсны нэг нь 1972 оны намар Ази, Африкийн эмэгтэйчүүдийн II бага хурал болж, 20 гаруй орны төлөөлөгч оролцон, манай хот, хөдөөгийн эмэгтэйчүүдийн ажил, амьдралтай танилцаж, зочид хөдөөгийн айлд очин, морь, тэмээ унаж, их л хөгжилдөж билээ. С.Удвал даргыг гадаадад очиход газарт бүр л “Мадам (хатагтай) Удвал” гэж зарим орны төрийн томчуудаас эхлээд, улс нийгмийн нэрт зүтгэлтнүүд, зохиолчид бүгд л хүндэтгэдэг байлаа. Дарга дэлхийд нэр цуутай олон хүнтэй танил, найз байсан юм. Зөвлөлтийн зохиолч Константин Симонов, сансрын нисэгч Валентина Терешкова, Чилийн яруу найрагч Пабло Неруда, Дагестаны Расул Гамзатов гээд нэрлэвэл олондоо олон. Ялангуяа В.Терешковатай дотно, тэд манайхны хэлдгээр ёстой л хуурай эгч дүүс байсан.

С.Удвал дарга өөрийн орны хүндтэй олон шагналаас гадна Энх тайвны төлөөх Жолио Кюригийн медаль, Ази, Африкийн зохиолчдын “Лотус” (Бадамлянхуа) зэрэг шагналтай. Удвал даргатай хөдөө орон нутагт олон удаа ажилласан. Тэгэхэд дарга тааралдсан хүүхдүүд, үйлчлэгч бүсгүйчүүлд цүнхээ ухаж байгаад л чихэр, эсвэл энгэрийн тэмдэг, дэвтэр, үзэг өгдөг сөн. Энэ нь тэр үедээ бол чухал нандин эд л дээ. Хүнд чин сэтгэлээсээ өгсөн юм багаддаггүй, гологддоггүй юм. Гадаадад явахдаа ч адил. Онгоц, галт тэрэг, зоогийн газарт манайханд үйлчилсэн хүн болгонд Монголын тухай ил захидал, энгэрийн тэмдэг, малын дүрстэй бэлэг дурсгалын зүйл тараадаг сан. Би одоо хэр нь гэрт минь орсон, гарсан хүнд юухан хээхэн өгөх гээд байдаг юм. Алтны дэргэдэх гууль шарладаг гэгчээр тэр их хүнээс сурсан зан юм уу даа.

С.Удвал дарга тун даруу хүн байсан. Ер нь ямар ч үед хүний өмнүүр орохгүйг хичээнэ. Ганц жишээ дурдъя. 1976 онд Софи хотод Социалист орнуудын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн болж, гадаадын зочид Болгарын Төрийн Зөвлөлийн дарга Тодор Живковтой зургаа татуулахад С.Удвал дарга маань В.Терешковагийн ард зогсож, нүүрнийх нь гуравны нэг хэсэг л гарсан гэрэл зураг бий. Энэ зураг одоо ч миний гэрэл зургийн цомогт байгаа. Өөрийнх нь туурвисан “Ховор хүн” зохиол шигээ үнэхээр ховор хүн байж дээ, Удвал дарга. Манай бага хүүгийнх дунд охиндоо Э.Удвал нэр өгсөнд нь би баярлаж явдаг юм. Харин энэ санаа надаас огт гараагүйг би хариуцлагатай хэлнэ шүү. Тэр их хүний мэндэлсний 100 жилийн ой XVII жарны цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилд тохиож байгаа билээ. Үүний хүрээнд С.Удвал гуайн үр хүүхдүүд, МЗЭ, МЧЗЭ, Булган аймгийнхан ойг ёслол төгөлдөр өргөн тэмдэглэж, таньдаг мэддэг бүгдээрээ дурсан санаж байгааг тэр эрхэм хүмүүн маань тэнгэрийн ордноосоо хараад баяртай мишээж суугаа байх даа.

МУИС-ийн франц хэлний багш, орчуулагч, хэл шинжлэлийн ухааны профессор Б.ХЭНМЭДЭХ

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.