Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цар тахлыг сөрж, 70000 төгрөгөөр эхлүүлсэн бизнес

Ж.Адьяахүү 31 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр Солонгост тогооч мэргэжлээр олон жил ажилласан. Өдгөө Монголдоо өөрийн хоолны газраа нээн ажлуулж байна. Мөн “Адьяа кимчи” брэндийг үүсгэн байгуулсан хөдөлмөрч нэгэн юм.

Уг нь Ж.Адьяахүү геологич мэргэжилтэй

Эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан ч, цалин нь амьдралд нь хангалттай хүрэлцэхгүй учир, 2014 онд 23 настайдаа БНСУ-ыг зорьжээ.

Эхэндээ аяллын визээр ирэн, очин ажилладаг байж. Улмаар тэндээ суурьшин ажиллах болсон гэнэ. Хүний нутагт ажил голохгүй, борви бохис хийлгүй ажиллаж, амьдарч байтал, 2019 онд коронавируст цар тахал гарснаар эх орондоо эргэж ирсэн гэнэ.  Улмаар хоолны газар ажлуулж эхэлжээ.

Гэтэл хэд, хэдэн удаа хатуу хөл хорио тогтоож, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд хаагдсан гэнэт тул ажилгүй, орлогогүй болсон аж. Буцаад явчихья гэхээр хил ч хаалттай. Тухайн үед Цагаан сар дөхөж байж. Гэтэл түүний халаасанд 70 мянган төгрөг л үлдсэн. Байрны эзэн түрээсийн мөнгөө нэхэж утас цохино…

“Адьяа кимчи”

Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчхоод, “яая даа” гэж байхдаа тэрбээр “Адьяа кимчи” брэндээ үүсгэн байгуулах санаагаа олсон гэдэг.

Энэ тухайгаа дурсахдаа “Солонгост  тогооч хийдэг байлаа. Тэнд байхдаа сурсан зүйлээ Монголдоо хэрэгжүүлж, Солонгос хоолны газар нээсэн ч хатуу хөл хорионд үүдээ хаахад хүрсэн. Халаасаа уудлахад гарч ирсэн 70 мянган төгрөгөөрөө байцай авч, кимчи дарж, нүүр номынхоо найзуудад зарж эхэлсэн. Тухайн үед амжилттай болно гэж огт бодоогүй. Одоо хүмүүс надад маш их урмын үг бичиж, “Хичээгээрэй Адьяа, чи чадна” гэж зурвас илгээдэг. Энэ нь надад маш том сэтгэлийн дэм болдог” гэсэн юм.

Мөн “Хил гааль хаагдсан нэрийдлээр өргөн хэрэглээний барааны үнэ арай л хэтэрхий нэмэгдлээ. Кимчи хийж эхэлж байхад нэг кг байцайг 2000 төгрөгөөр авдаг байсан. Өнөөдрийн байдлаар нэг кг байцай 6500 төгрөг болчихлоо. Эхний үнээрээ зарахгүй бол хүмүүс авах нь цөөрнө. Үүнийг яаж өөрчлөхөө мэдэхгүй гайхаад л сууж байна.  Одоохондоо кимчигээ бага багаар хийж байгаа. Уг нь 7,8 дэлгүүртэй байнгын гэрээтэй ажиллаж, үнэнч хэрэглэгчидтэй болчихсон байсан юм. Үнийн хөөрөгдлөөс болж, дэлгүүрүүд гэрээгээ цуцална гэсэн.

Гэхдээ миний хийсэн кимчины амтанд орсон хүмүүс захиалсаар байгаад баяртай байдаг. Солонгост хоолны газар ажлуулж байхад нутгийн хүмүүс миний хийсэн кимчиг идэхдээ “Яг солонгос кимчи шиг байна. Амт нь мөн байна” гэдэг байсан. Би яг тэнд дардаг байсан кимчинийхээ орц найрлагаар дардаг нь захиалагчдын маань сэтгэлд нийцдэг юм болов  уу” гэв.   

“Адьяа” хивс цэвэрлэгээ

Тогоочийн цалин Монголд амьдрахад хүрэлцэхгүй байгаа тул өөр юу хийх боломжтойг бодож үзээд, өмнө нь солонгос эгч нартай айлд хивс цэвэрлэдэг байснаа санасан. Ингээд урдаас хивс цэвэрлэгээний төхөөрөмж худалдаж аваад, дуудлагаар цэвэрлэж эхэлсэн. Одоо үйлчлүүлэгчид маань сэтгэгдэл өндөр байдаг.

Хааяа хивснийхээ төхөөрөмжөө аваад айл руу ороход, “Энэ нэг ядарсан юм” гэсэн харцаар хардаг. Гэхдээ би огт ичдэггүй. Ажил бол ажил. Зарим хүмүүс оффист комьпютерын ширээний ард,  костюмтэй суухийг ажил гэж боддог хандлага ажиглагддаг. Миний хувьд гар, хөл хоёулаа хөдөлж байвал ажил гэж боддог.

Солонгос, Монголд ажиллаж амьдрах хоёр тэнгэр газар шиг ялгаатай

Тэнд хүний хөдөлмөрийг үнэлдэг. Харин манайд хөдөлмөрийн хэмжүүр маш доогуур. Ажил хийгээд байхад хүрэлцдэггүй. Солонгост би нэг л  ажил хийхэд монгол мөнгөөр 4-5 сая төгрөг авдаг. Харин Монголд тогооч хийж, кимчи хийж зараад, шөнийн хоол хүргэлт  хийж, хивс цэвэрлэж байж л солонгост авдаг цалингаа авч байна.

Гэхдээ Солонгост үйлдвэрийн бригадын дарга нь нэг кноп дарж эхлэхэд хүмүүс ажиллаж эхэлдэг. Дараагийн кноп дарах хүртэл ямар нэгэн амралт байхгүй. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ажлын машин болдгийг би биеэр мэдэрсэн. 

Харин Монголдоо ажил хийвэл, хэл нэвтрэлцэж байна. “Би ядарч байна. Амармаар байна” гээд амарч болдог. Харин тэнд бол тийм зүйл байхгүй. Ажил бол ажил гээд автомат машин шиг л ажиллуулдаг. Тийм ч болохоор хөдөлмөрийн хөлс нь өндөр байдаг байх.

“Адьяа” компани

Хөдөлмөрлөсөн хүний ам тостдог гэдэгт би итгэдэг.  Одоогоор дээрээ боссгүй, доороо цэрэггүй ажиллаад л явж байна. Гэхдээ миний хувьд хүнээс юм гуйхгүй, олсноороо болоод л байдаг юм. Бүр өргөжөөд, үнэхээр  өргөжин тэлээд явбал, ажилчин аваад, “Адьяа” гэсэн нэртэй компани үүсгэн байгуулна гэж мөрөөддөг.

7
Зөв, гоёЗөв, гоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Цар тахлыг сөрж, 70000 төгрөгөөр эхлүүлсэн бизнес