Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мэдэх эрх чөлөөнд халдаж, хүнд суртлыг гааруулж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар юу хэлэх нь энэ вэ. “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ямар ч санкцгүй тул хэрэгжих боломжгүй” гэх юм. Хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн ингэж хэлсэн гэхээр уг хууль үнэхээр хэрэгждэггүй, хэрэгжүүлдэггүй болж байна уу.

1998 оны наймдугаар сарын 28-нд УИХ-аар баталж, дарга Р.Гончигдорж гарын үсэг зурсан, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах зорилттой энэ хууль нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангасан эрх зүйн үндсэн баримт бичиг билээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно гэсэн заалттай. Мөн мэдээлэлд хяналт тавихыг хориглодог бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхээр заасан байдаг. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй, ингэхдээ төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй ч гэж заасан. Мөн төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох гэсний дагуу төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон. Үүний ч дагуу төрийн төв хэвлэл “Ардын эрх”, Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонин үйл ажиллагаагаа зогсоож, хамт олон нь эв саналаа нэгтгэн хуулийн дагуу хувийн өдөр тутмын сонинууд үүсгэн байгуулж байсан нь ердөө 23 жилийн өмнөх явдал. Телевизийн орчинд ч адил. Тэгээд ч төрийн зүгээс энэ л хуулийг баримталж олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй, хяналт тавих байгууллага байгуулахгүй, хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй явж ирсэн. Ядаж л өнгөн дээрээ ийм байсан.

Гэтэл одоогийн УИХ-ын дарга ил, шулуун, тэгэх тусмаа сэтгүүлчдийг урьж байгаад “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ямар ч санкцгүй тул хэрэгжих боломжгүй” гэж хэлснийг юу гэж ойлгох вэ. Хэрэгждэггүй хууль гэж байдаг уу. Хууль мөн юм бол хэрэгжих, хэрэгжүүлэх ёстой бөгөөд баримталж, дагаж мөрдсөөр байна бус уу. Дарга ингэж хэлснээрээ МАН эрх барьж буй энэ үед чөлөөт байдлаар үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд хууль бус шүү гэх гэв үү. Эс бөгөөс яам, агентлаг болгон, нийслэлийн ч харьяаны байгууллага бүрийг хэвлэл мэдээллийн алба гээчтэй болгож, бичдэг, дуранддаг, зурагладаг, эвлүүлдэг хүмүүсийг олноор цуглуулан, тараан байршуулж, сул цалинжуулах замаар амыг нь үдэж орхидог болсон технологийг зөвтгөх гэв үү. Төрийн шат шатны ажлын, байгууллагуудын мэдээллийг чөлөөт нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хүссэнийх нь зоргоор өгч болохгүй гэсэн цензур тавьдгийг мөн үг алдах мэт аяглаж батлах гэж оролдов уу. Юутай ч хуульчид бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хүчин төгөлдөр гэж буй. Хууль мөн юм бол тийм байхаас ч яах билээ. Эс бөгөөс УИХ-ын дарга үүнийг мэдэхгүй байгаагаас үзвэл өөрөө юу ярьж байгаагаа ухаарахгүй түвшинд хүрчихсэн үү.

Ардчилсан нийгмийг сонгосон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүчин төгөлдөр үйлчилж буй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хүрээнд зорилгодоо хүрч, зорилтоо биелүүлэн урагшилсаар буй билээ. Дөрөв дэх засаглалын үүргээ ч гүйцэтгэсээр. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэгчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд асуудал хөндөж, бичиж, нэвтрүүлж байдаггүй бол төрийн байгууллагынхан, улстөрчид ойд төөрсөн сармагчин лугаа адил зүгээ олдоггүй гэдэгтэй санал нийлэх нь олонх буй за. Сэтгүүлчдийн хөндсөн нийтлэл олон ч асуудлыг шийдэх талд гарц, гаргалгаа нь, баримжаа болдгийг баримтуудаар нотолж болно. Тийм атал өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг эрх зүйн орчныг нь хууль бус гэх нь холгүй ярьж суух УИХ-ын дарга гэж байж болох уу.

Хэвлэл мэдээллийн байгууллагынхан өдгөө төрийнхөн цар тахлаар далимдуулж мэдээлэл бүрийг чандлан нууцалдаг болсон цаг үед ажил үүргээ гүйцэтгэж байна. Ямар ч түвшний “хурган” дарга ярилцлага өгсөн л бол заавал уншина гэдэг болсон. Болох, болохгүй юм бурж, энэ тэр даргын уурыг хүргээд яах вэ гэдэг. Гэтэл яамдын газрын дарга нар, агентлагийн “толгой”-нууд мэдээлэл, ярилцлага өгөхөөр бол, мөн өгсөн хойноо ч дээд албан тушаалын даргатайгаа зөвлөлдөх, эсвэл уншуулах гэнэ. Ажил хариуцаж байгаа албан тушаалтан хийсэн болон хийх гэж байгаа ажлынхаа талаар олон нийтэд мэдээлэх, эсэхээ толгой мэдэн шийдэж чадахаа байх хүртлээ намын тэжээсэн “гөлөг” болчихсон гэдэг нь энэ бус уу. Уучлаарай ингэж хэлэхээс аргагүйд хүрч байна.

Саяхан манай сонин БОАЖЯ-наас мэдээлэл авах хэцүү болсон, ялангуяа тусгай хамгаалалттай газруудын талаарх мэдээллийг аль аль шатандаа хав дараад өгдөггүй гэж бичсэн. Энэ ч үнэн. Мэдээллийн бас нэгэн байгууллагаас МАН байгаль орчны чиглэлээрх нууц үйл ажиллагааны өндөр ашгаар санхүүгээ босгодог бололтой гэсэн утгатай мэдээлэл түгээсний дараа УИХ-ын дарга ингэж хэлэв үү ч гэж харагдаж буй юм. Монголд эрх баригчид мэдээлэлд одоохондоо харам хандаж чадаж байна, энд тэндгүй байгуулан санхүүжүүлж буй хэвлэлийн алба, студиудын хүчээр олон түмний тархийг угааж болно гэж бодож буй бол эндүүрэл болов уу. Мөнгөний л гарз байх. Яагаад гэхээр олон түмэн дунд чигч дуу хоолойтой, тодорхой үзэл бодолтой, хэнээс ч хараат бус сэтгүүлчид бий. Орчин үеийн оюунлаг, ухаалаг иргэд ч намын мөнгөөр угжуулж буй мэдээллийн ажилтнуудынхаас илүү эрүүл сэтгэлгээ, хүчтэй нь олон талаар харагддаг. Тэгэхээр мэдээллийг хумих, базах, нэг гарт төвлөрүүлэх гэж хичээх нь үл гүйцэлдэнэ.

Одоохондоо бол төрийн байгууллагуудаас мэдээлэл авахад хүндрэл байнга гарч байгаа нь үнэн тул ердөө сүүлийн хэдэн өдөрт ямар байгууллагад, хэнд, хэрхэн “чадуулснаа” хэлье.

Соёлын яамны хөрөнгө, санхүү хариуцсан Отгонбат гэдэг даргаас (93060054) 2022 онд улсын төсвийн санхүүжилтээр барих объектуудын талаар мэдээлэл авах гэж олон удаа залгасан ч ганцад нь “Завгүй байна, дараа залгаарай” гэснээс өөрөөр хариу өгөөгүй. Утсаа ер авдаггүйгээс үзвэл тэрбээр ярих, ярихгүй хүн хэмээн ангилчихдаг бололтой. Түүнээс энэ онд Дорноговь аймгийн Замын-үүд сумд 500 суудалтай соёл, урлагийн ордон барих гэж байгаа нь үнэн юм уу, түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд зонхов” төвийн барилгыг үргэлжлүүлэн санхүүжүүлж, 2023 онд дуусгана гэсэн, төлөвлөснөөр хэрэгжүүлэх үү гэх зэргийг асуух гэсэн боловч чадаагүй. Албаны эх сурвалж хэмээн хүндэтгээд, харилцах гээд байдаг, утсаа авдаггүй. Ам ангайвал алдаа болчих гээд байдаг болохоор айдаг байх.

Төрийн албаны зөвлөлийн 264347, 266135 гэсэн утас руу олон ч залгадаг. Ихэнхдээ авдаггүй. Нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллагуудын хэвлэлийн алба руу залгаад бүр нэмэргүй. Хэвлэлийн төлөөлөгч нар нь уриалгахан гэгч нь “Байна уу” гэх авч толгой мэдэн мэдээлэл өгнө гэж бараг байхгүй. Гайхаж асуухад “Мэдээлэл хамаагүй гадагш гаргалаа гэж загнадаг юм. Нийслэлийн хэвлэлийн төв алба зөвшөөрвөл өгч болно” гэдэг. Зарим нь тэр даргатай ярь, харин утасны дугаарыг нь намайг өгсөн гэж хэлж болохгүй шүү. Гуйя” гэнэ. Төрийн өнөөгийн эрх баригчид, МАН-ын ажил хаанаа, хэрхэн явагддагийг эндээс харж болохоор. Хэвлэлийн төлөөлөгч нарт ажил хийх боломж олгохгүй юм бол яах гэж байлгадаг вэ. Орон тоо эзлүүлэн цалинжуулж, үр ашиггүй зардал гаргаж байх нь эрх баригчдад л ашигтай юу гэхээс, өөр хэнд ч биш. Андуураагүй бол нийслэлийн ЗДТГ-ын харьяанд 36 газар багтдаг. Тэр бүгд хэвлэлийн албатай, эс бөгөөс төлөөлөгчтэй, зарим нь давхар ажилтай. Ингээд бодохоор татвар төлөгчдийн мөнгийг ямар хайр гамгүйгээр үрэн таран болгодгийг ч харж болохоор. Үүний төлөөсөнд өнөө бид нийгмийн даатгалын шимтгэлд үлэмж их хэмжээний мөнгө тушаадаг болоод байна.

Эрх баригчид иргэдийн мэдэх эрх чөлөөнд иймэрхүү байдлаар бүдүүлгээр халдах аргаар төрийн албаны хүнд суртлыг улам гааруулж байна. Захын жишээ дурдахад энэ бөгөөд өөрсдөө намын хурал, ямар нэгэн арга хэмжээний үеэр бүх юм сайхан байна, болно гэж мэдэгддэг.

Хэвлэл мэдээллийнхэн, олон нийт хууртагдахгүй ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.