Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдэд 308 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоно

Эрүүл мэндийн даатгалын сангаас өрхийн эмнэлгүүдэд 308 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдав. Хуралдаанаар  “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Дараа нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 болон 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд тогтоолын хэрэгжилтийг заалт бүрээр танилцуулсан.

Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулжээ. Эрүүл мэндийн даатгалын санд төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэх, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг оновчтой болгох, төлөвлөлтийг сайжруулах, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар тусгажээ. 

Энэ оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг Засгийн газрын 2021 оны 408 дугаар тогтоолоор батлуулж,  төрөөс шимтгэлийг хариуцдаг

  • 0-18 насны хүүхэд,
  • Тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн,
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн,
  • Хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг),
  • Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч болон ял эдэлж байгаа ялтны шимтгэлийн орлогод  энэ онд 164 тэрбум төгрөг буюу 2021 оноос 79.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлуулжээ.

Түүнчлэн, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг энэ сарын 01-нээс хоёр дахин нэмэх шийдвэр гарч, 2022 онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 308 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгоно.

Мөн эмнэлгүүд бие даан төсвөө зарцуулах боломжийг зохих журмын дагуу бүрдүүлэх замаар эмч, ажилчдын цалинг гүйцэтгэлд суурилан нэмэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтний цалингийн доод жишгийг нэмж, чадварлаг эмч, сувилагч, асрагч нарын ажиллах хөшүүргийг бий болгоно.

Энэ хүрээнд “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн доод хэмжээ, сүлжээ”-г шинэчлэх Засгийн газрын тогтоолын төсөлд оруулах саналыг боловсруулан, танилцуулга, тооцооллыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Энэ саналд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний цалингийн сүлжээний доод хэмжээг төсвийн нөөцөд тулгуурлан тогтоож, 13.7-35.0 хувиар (дундаж нь 23 хувь) нэмсэн гэлээ.

Эрүүл мэндийн сайдын багцад 2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 118 төсөл, арга хэмжээний нийт 387,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 128,6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй хөрөнгө оруулалт батлагдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.