Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийг сүүлийн есөн жилд огт үнэлсэнгүй

Барилгын дээвэр дээрээс хөтлөлцөөд үсэрсэн өсвөр насныхан, гурван сартай нялх хүүхдээ тэврээд зургаан давхраас унасан эмэгтэй, 3-15 насны балчир үрсээ орхиод 15 давхраас “ойчсон” эх, 7-14 насны гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд амиа хорлосон эцэг, найз бүсгүйгээ галт зэвсгээр хороогоод амиа егүүтгэсэн залуу… Төрсөн эхээ зодсоор байгаад бүрэлгэсэн хүү, харуулын даргаа буудаж хөнөөсөн цэргүүд, төв талбайд өөрийгөө шатаасан залуу, төрсөн охиноо хүчирхийлсэн аав, сурагчаа бэлгийн дарамтад оруулсан багш гээд монголчуудын ой тойнд буухааргүй аймшигт, зүрх зүсэм хэргүүд, амиа хорлолтууд өнгөрсөн онд гарчээ. Үүнээс ч өмнө нь энэ мэт балмад, хүний санаанд багтамгүй жигшүүрт хэрэг өч төчнөөн гарч байв. Тэгэх бүрт нь нийгэм даяараа донсолж, “шуурдаг” ч дуулиант хэргүүд цагийн тоосонд жамаараа замхарч, мартагдсаар өнөөдөртэй золгов. Хамгийн хачин нь холбогдох албаныхан дээрх шиг ноцтой хэргүүд, амиа хорлолтууд нэмэгдсээр, давтагдсаар байхад яагаад үүний цаад учир шалтгааныг тогтоож, тэмцдэггүй юм бэ.

Монголчууд ярьдаг л даа, эрүүл ухаантай хүн хэзээ ч ийм үйлдэл хийхгүй гэж. Энэ нь ч оргүй үг биш бөгөөд шинжлэх ухаан үүнийг баталсаар буй. Учир нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй хүн л балмад хэрэг өдүүлдэг, амиа хорлож, эсвэл ийм оролдлого хийдэг аж. Харин Монголд үүнийг сэтгэцийн эрүүл мэнд гэдэг талаас нь, өргөн утгаар нь авч хэлэлцдэггүй. Болчимгүй хэрэг хийхээс нь урьтаж олонход сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлдэггүй. Магадгүй хэн нэгнийг аймшигт хэрэг өдүүлэхээс нь өмнө яаж мэдэж сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх вэ хэмээн та бодож буй байх. Гэвч энэ нь боломжтойг олон улсад хэдийн нотолчихоод буй билээ. Нийгмийн олонхын сэтгэл зүйг тандсан судалгаа, зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт, бодит жишээнүүдэд үндэслэсэн кампанит ажлууд өрнүүлдэг туршлага олон улсад цөөнгүй бий. Өөрөөр хэлбэл, олон улсад сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт нь маш том судлагдахуун бөгөөд анагаах ухааны голлох салбарынх нь нэг болон хөгжиж байна. Харамсалтай нь, манайд сэтгэцийн эмгэгийг албаныхан нь ч тэр, иргэд ч сэтгэл гутрал, стресс мэтхэнээр өнгөц ойлгодог. Цөөнгүй нь сэтгэлзүйчид л хандчихвал болчих юм шиг санадаг. Тиймдээ ч аймшигт хэрэг хийсэн, амиа хорлосон хүмүүсийг, архинд донтсон нэгнийг ч өвчтэй гэдэг утгаар нь хардаггүй. Сайн дураараа архинд “живсэн”, дуртайдаа хүн алж, хүүхэд хүчирхийлсэн л гэж үздэг. Ингэх нь ч аргагүй юм билээ. Учир нь монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийг тандсан судалгаа, тордох орчин, нөхцөл, тохирсон үйлчилгээ, эмчилгээ манайд хомс байна.

“Надад хандах хэн нэгний үл тоосон үгс, хандлага таалагдаагүй учраас дахин ийм байдалд орохгүй гэж хичээх бүрт алхам ухарч, өөрийгөө үхэл рүү түлхлээ”. “Миний хүүхдүүд, гэр бүл минь намайг уучил, хүнд байдлаас гарах арга алга”. “Намайг мартаарай, хэнийг ч үүнд буруутгах хэрэггүй шүү. Амьдралын төлөөх хүсэл тэмүүлэл минь арилжээ. Зөвхөн би л буруутай” хэмээн гэрээслэл бичээд амиа хорлосон хүмүүс хагацал, харуусал, үзэн ядалт тээсээр, тусламж, дэмжлэг эрсээр энэ хорвоогоос буцсаар байгааг Үндэсний статистикийн хороо, Жендерийн үндэсний хорооны 2020 оны суурь судалгааны тайланд онцолжээ. Тэд уг судалгааны дүгнэлтэд үндэслэн амиа хорлосон хүмүүст гэр бүл, хүн хоорондын харилцааны зөрчил, нийгмийн уур бухимдал, стресс зэрэг нь хүчтэй нөлөөлсөн байхад мөрдөн байцаагч, прокурорууд дээрх шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийдэггүйг илрүүлсэн байна. Мөн амиа хорлогсдын ийм алхам хийхэд хүргэсэн шалтгаан, хүчин зүйлсийг тодруулахад шаардлагатай мэдээлэл, тэр дундаа бие хүний онцлог, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл зэргийг хавтаст хэрэгт хангалттай цуглуулаагүй байж. Түүгээр ч зогсохгүй өөрийгөө егүүтгэх оролдлого хийсэн иргэдийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд бүртгэдэггүй. Тэдний ийм үйлдэл хийхэд хүргэсэн шалтгааныг тодруулдаггүйгээс сэтгэцийн эмгэг, сэтгэл гутралтай, эсэхийг нь мэдэхгүй, эмчлэхгүй хөсөр хаяж байгаа нь эргээд нийгэмд маш том сөрөг үр дагавар авчирч болзошгүйг сэрэмжлүүлжээ.

Монголчууд цөөхүүлээ. “Тогоон дотроо” нэгнээ хэрцгийлж, төрсөн эцэг, эхээ хөнөөж, үр хүүхдээ хүчирхийлсээр байхад дээр өгүүлсэнчлэн тэдний сэтгэл зүйн байдал, эмгэгийг тандсан судалгаа Монголд одоогоор алга. 90 жилийн түүхтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийнхний үүрэгт ажил нь уг нь энэ юм сан. Гэвч тэд 2013 онд хийсэн ганц судалгаагаа л өнгөрсөн есөн жилийн турш эцтэл ярьж, мэдээллээ. Тодруулбал, тус төвийнхөн хүн амын дунд буюу насанд хүрэгчдэд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг 2013 онд хийсэн байдаг. 1992 оноос хойш улсын хэмжээнд хийсэн анхны нэгдсэн судалгаа нь энэ юм. Ичгэвтэр нь, тэд жил бүрийн аравдугаар сарын 10-нд Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрөөр эл судалгаагаа л ярьдаг. “Манай улсад сүүлийн арван жилд архинд донтох байдал 25 дахин, сэтгэл түгших эмгэг найм, сэтгэл гутрах нь долоо дахин өссөн үзүүлэлттэй байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 65 хувьд нь сэтгэцийн ямар нэг тулгамдсан асуудал байгааг тогтоосон” гэж.

Зориуд, сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг нийтийг хамруулан дахин хийсэн, эсэхийг ЭМЯ-ны Сэтгэц судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, СЭМҮТ-ийн ерөнхий захирал, доктор, дэд профессор Л.Насанцэнгэлээс тодруулахад “Насанд хүрэгчдэд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын нэгдсэн судалгааг 2013 онд хийсэн. Харин тайланг нь нэгтгэж, дүгнэсэн нь 2019 он юм. Тиймээс энэ судалгааг 2019 оных гээд мэдээлчихэж болно. Түүвэр судалгаануудыг бол төлөвлөгөөнийхөө дагуу хийж байгаа. Сэтгэцийн эмгэгийн тархалтын нэгдсэн судалгаа өөр байхгүй” гэв.

Нөхцөл байдал ийм л байна. 2013 онд авсан судалгааны дүгнэлтийг 2019 онд тайлагналаа гээд энэ нь монголчуудын гурван жилийн өмнөх сэтгэл зүйн байдал, өвчний тархалтыг илтгэх боломжгүй. Сүүлийн есөн жилд хүн амын тоо өссөн, хүүхэд байсан нь өсвөр насанд шилжсэн, өсвөр үеийнхэн нь насанд хүрсэн. Цаг үеийн байдал өөрчлөгдөж, нийгмийн олонхын сэтгэл зүй ч тогтворгүй болсон гээд маш их өөрчлөлт гарсан. Гэтэл салбар хариуцсан дарга нь дээрх ичмээр тайлбарыг хэлж байх юм. Өөрөөр хэлбэл, уг судалгаа өнөөгийн нийгмийн монголчуудын сэтгэцийн өөрчлөлт, эмгэгийг тодорхойлохгүй шүү дээ.

Уг нь манай улс “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөртэй. 2003 оноос хойш хэрэгжүүлсэн тус хөтөлбөрийн хоёр дахийг нь 2010 оноос эхлүүлжээ. Улмаар нийслэлийн ЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Сэтгэцийн эрүүл мэнд-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлсэн байдаг. Тэгэхэд судалгаанд оролцогчдын 44 хувь нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг гадуурхдаг. Сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй хүмүүс нь түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, эмнэлэгт ханддаггүй, нуун дарагдуулах тохиолдол нийтлэг ажиглагдсан нь нийгэмд энэ талаарх буруу ташаа ойлголт, хандлага байсаар буйг харуулжээ. Мөн хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын албан ёсны хөтөлбөргүй, энэ талын сургалт, сурталчилгаа хангалтгүй аж. Түүнчлэн тус судалгаагаар манай улсын хүн амын гурван хувь нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй гэж тодорхойлогджээ. Тэгвэл хүн амын 38 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, эмгэгт өртөх эрсдэлтэй аж. Тодруулбал, 30-54 насныхны дунд сэтгэцийн эмгэг өндөр үзүүлэлттэй оношлогдсон байна. Гэвч сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэж байгааг мөн анхааруулжээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.1-т “Хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн буй орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн, хувь нэмрээ оруулж чадахуйц байна”. Мөн тус хуулийн 3.1.2- т “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байхыг хэлнэ” гэжээ. Харин энэ төрлийн өвчнийг олон улсын ангиллын “Сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр тодорхойлдог аж. Нэгэнт сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон хүнийг нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тэгш хамруулж, хяналт тавих, сэргийлэх арга хэмжээ тасралтгүй авах ёстойг хуульчилж. Гэвч манайд энэ бүхэн хангалтгүй хэвээр. Тиймдээ ч монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд эдүгээ тартагтаа тултлаа доройтсон талаар судлаачид байнга л хэлдэг. Үүнд нийгмийн олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд тэр дундаа үнийн хөөрөгдөл, замын түгжрэл, агаарын бохирдол, халдварт өвчин, ажилгүйдэл зэрэг нь жин дарсаар иржээ. Ийм нийгэмд бид өөрсдийгөө болон ойр дотнынхноо сэтгэцийн ямар нэгэн эмгэгт өртөхөөс нь сэргийлж, үргэлж хайхарч, халамжлах нь зүйтэй аж. Магадгүй та сэтгэл түгших, айдас төрөх, мэдрэл сульдах, дэлгэцэд донтох, эсвэл архи, тамхи, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэдэг бол, мөн жирэмсний болон төрсний дараах сэтгэл гутрал, гэмтлийн дараах стресс, ахмад насанд тохиолддог сэтгэцийн хямрал, өсвөр үеийн сэтгэл зүйн тогтворгүй байдал зэрэг асуудал тулгарвал эмнэлгийн тусламж цаг алдалгүй авахыг сэтгэлзүйчид зөвлөлөө.

Нэмж мэдээлэхэд, сэтгэцийн эмгэгт зөвхөн монголчууд өртдөггүй. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийд дунджаар нэг тэрбум хүн сэтгэцийн эмгэгтэй амьдарч байгаа гэнэ. Тэр дундаа манай улсын харьяалагддаг Номхон далайн баруун бүсийн хөгжингүй орнуудад мэдрэл сэтгэц, зан үйлийн эмгэг хүн амынх нь 27, хөгжиж буй орнуудад 15 хувьтай оношлогдоод байна. Мөн ДЭМБ-ын гишүүн орнууд 2020 онд сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах зорилтуудын нэгийг нь ч биелүүлээгүйг 171 улсын эмхэтгэсэн мэдээллээр баталжээ. Тиймээс тус байгууллагаас 2021 оны аравдугаар сард гишүүн орнууддаа сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилт олгохыг Засгийн газруудад уриалав. Түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг 2030 он хүртэл сунгажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.