Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүн “биш”, хөдөлмөрийн хүч

Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт хамтран албан бус хөдөлмөр эрхлэгчдийн өнөөгийн нөхцөлийг судалжээ. Албан бус хөдөлмөр эрхэлж буй хүмүүс хөдөлмөрийн суурь эрхээ эдлэх боломж туйлын хязгаарлагдмал аж. Наад зах нь цалингаа цагтаа авч чадахгүй, нийгмийн даатгалыг нь төлдөггүй атал илүү цагаар ажиллаж, эрүүл мэндээрээ хохирдог, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чаддаггүйг эл судалгаанд тодорхой дурджээ. Мөн эвлэлдэн нэгдэж, хамтын хэлэлцээр хийх, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны нөхцөл, аюулгүй байдлаа хангуулах зэрэг олон эрх нь байнга зөрчигдөж байдаг. Тийм хэдий ч тэд хуулийн байгууллагад ханддаггүй.

Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн олонх нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Цөөн хэсэг нь өөрийн эзэмшдэг ажлын байранд ажилладаг. Гэхдээ ажил, үйлчилгээ явуулдаг байршлын хувьд ялгаатай. Улаанбаатар хотод тэдний олонх нь түрээсийн байранд ажилладаг бол хөдөөгийнхөн өөрсдийн эзэмшлийн ажлын байртай байх нь элбэг таарчээ. Эл салбарт ажиллагчид ажил олгогчтой албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Тодруулбал, иргэдийн 75.5 хувь нь хөдөлмөрийн гэрээгүй, эсвэл ажил олгогчтойгоо зөвхөн амаар тохиролцон ажилладгаа хэлжээ. Энэ нь өвдвөл хүлээж авах эмнэлэггүй, хөгшрөөд тэтгэвэргүй үлдэх нөхцөл бүрдсэн гэсэн үг юм.

Албан бус хөдөлмөр эрхлэгчид урт цагаар ажилладаг нь судалгаагаар ил болов. Тэд долоо хоногт дунджаар 58.1 цаг буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан 40 цагаас хавьгүй илүү хугацаагаар ажиллаж буй. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн дундаж цэвэр орлого 1 709 000 төгрөг. Харин ажил олгогчдын хувьд орлого нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилтнуудтай харьцуулахад өндөр. Гэхдээ ажилтнуудын тавны хоёр нь тогтсон хуваарийн дагуу цалин авдаггүй гэжээ.

Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь бизнес эрхлэхэд татвар, хураамж, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаа, ажлын байрны эзэд асуудал үүсгэдэг гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, албан бусаар хөдөлмөр эрхлэхэд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт, татвар, хураамжийн тухай хуулийн мэдлэг дутмаг, нягтлан бодох бүртгэлийн асуудал, бүртгэлийн дүрэм журмын төвөгтэй байдал нь үргэлж асуудал дагуулдаг аж. Харин ажиллагсдын хувьд боловсрол эзэмшээгүй, шаардлага хангахгүй, мэргэжил, ур чадвар хангалтгүй нь асуудал болдог аж.

Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөр, хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаар мэдлэггүй байжээ.

Уг судалгаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээлийн нөхцөл, тухайлбал, шимтгэл, барьцаа хөрөнгийн шаардлага, баталгаа, зээлийн хэмжээ болон хүү хүндрэл дагуулдгийг хамгийн их дурдсан байна. 249 жижиг, дунд үйлдвэрлэгчээс зээлийн ямар нөхцөл чанга байсныг тодруулахад дийлэнх нь “Хүү өндөр, хугацаа хэт богино” гэжээ. Баримт бичгийн бүрдүүлэлт, хэт өндөр шаардлага зэрэг нь зээл авахад хүндрэл үүсгэх бас нэг чухал хүчин зүйл аж.

Албан эдийн засагт шилжих хөшүүргийг албан бус хөдөлмөр эрхлэгчид дараах байдлаар тодорхойлжээ. Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажлын байрны түрээсийн хөнгөлөлтийг гол хөшүүрэг гэж үзэж байна. Тодорхой хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийн салбараар авч үзвэл барилгын салбарынхан орлогын албан татвараас чөлөөлөх талаар дурдсан бол боловсруулах үйлдвэрлэлийн салбарынхан төрийн худалдан авалтад хамрагдах боломжийг илүү онцолжээ. Ажил олгогчдын хувьд Орлогын албан татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажлын байрны түрээсийн хөнгөлөлт, бичил бизнесийг дэмжих бага хүүтэй зээл, төрийн худалдан авалтад оролцох боломж зэрэг нь бизнесээ бүртгүүлэх, бас өргөжүүлэх хөшүүрэг болно гэж хариулсан байна.

Мөн тэдний аравны долоо орчим нь төрөөс ямар нэгэн дэмжлэг авах шаардлагатай гэжээ. Хамгийн их дурдагдсан дэмжлэг нь эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг, бичил бизнесийн зээл, гарааны бизнесийг дэмжих зэрэг байв. Энэ бүх нөхцөлийг бүрдүүлчихвэл ихэнх нь албан эдийн засагт шилжих сонирхолтой гэдгээ илэрхийлсэн аж.

Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн талаас илүү хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бол 51 орчим нь боловсруулах аж үйлдвэрийн салбарт ажилладаг. Мөн тээвэр, агуулахын үйл ажиллагаа, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажилладаг аж. Нарийвчлан задалбал, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 53.7 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, машин мотоциклын засвар, үйлчилгээний, 19.7 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 7.4 хувь нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 6.3 хувь нь үйлчилгээний бусад салбарт ажилладаг. Үлдсэн нь зочид буудал, нийтийн хоол болон бусад салбарт ажил, үйлчилгээ эрхэлдэг. Хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийн 45.4, эмэгтэйчүүдийн 30.8 хувь нь албан бус хөдөлмөр эрхэлж байна.

Судалгаанд дурдсанаар албан бус салбарт голчлон эрэгтэй хүн ажилладаг. Харин ажил олгогч нь эмэгтэйчүүд байх нь түгээмэл болохыг тогтоожээ. Монгол иргэдийн албан бус хөдөлмөр эрхэлсэн дундаж хугацаа 11.8 жил. Тэднээс 64.8 хувь нь наймаас доошгүй жил ажилласан гэх. Цөөнх нь, тэр дундаа эмэгтэйчүүд хувийн хүсэл сонирхлоо дагаж албан бус хөдөлмөр эрхэлж буйгаа дурджээ. Тэгвэл олонх эрэгтэйчүүд албан ёсны ажил олоход бэрхшээл саад их, өөр сонголтгүйгээс албан бус хөдөлмөр эрхэлж буйгаа судалгааны багийнханд ярьсан байна.

Дээр дурдсан бэрхшээл, асуудлыг арилгах боломжтой. Угаасаа үүнийг тулд Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт хамтран судалгаа хийсэн билээ.

Уг нь төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг УИХ-ын 2006 оны 01 дүгээр тогтоолоор баталж, 2006-2015 онд гурван үе шаттай хэрэгжүүлсэн. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого 2016-2025”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Алсын хараа-2050” зэрэг бодлогын баримт бичигт нийт ажиллагсдын хөдөлмөр, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар тусгажээ. Гэсэн ч албан бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан бодлогын баримт бичиг одоогоор байхгүйг Олон улсын хөдөлмөрийн байгууллага эл судалгаанд онцоллоо. Тус байгууллагаас Албан бусаас албан эдийн засагт шилжих тухай 204 дүгээр зөвлөмжийг 2015 онд баталсан. Энэ нь олон улсад албан бус эдийн засагт ажиллаж буй хүн бүрийг албажуулах замаар эрхийг хамгаалах, албан салбараас албан эдийн засагт шилжих шилжилтийг дэмжихэд чиглэсэн бодлого, арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэхэд удирдамж, чиглэл болдог аж.

Албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар НХХЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын дарга асан Н.Аюуш “Албан бус салбарын ажлын орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, осол гэмтэл бүгд бүртгэлгүй байгаа” хэмээсэн. Мөн ХНХЯ-ны ахлах шинжээч Ш.Маяа “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тухайн хүн ямар секторт ажиллаж байгаагаас үл хамааран хуулийн хамгаалалтад хамрагдах зарчмыг баримталсан. Бид хөдөлмөрийн хуулийн хамрах хүрээгээ өргөжүүлж ажиллагсдын суурь дөрвөн эрх буюу эвлэлдэн нэгдэх, албадан хөдөлмөр эрхлэлтээс ангид байх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг хориглох, ялгаварлан гадуурхалтай холбоотой эрхийг суурь зарчим болгож оруулсан” гэв. МҮЭХ-ны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг “Төрөөс баримтлах бодлого маш тодорхой байх хэрэгтэй. Аль салбарт, ямар арга хэмжээг хэнд зориулж хэрэгжүүлээд, ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь тодорхой байгаад хөдөлмөрийн харилцаанд оролцогчид бүрэн мэдээлэлтэй байх хэрэгтэй болов уу” хэмээн санал хэлсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.