Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН: Холбоо болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжинэ

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ээлжит хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцжээ. Өнгөрсөн пүрэв гарагт нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн, Засгийн газраас өргөн барьсан Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Тэд тус хэлэлцүүлгээс завсарлага авсан бөгөөд саналаа нэгтгэснийг бүлгийн дарга нь уламжлав. Эдгээр төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүдэд мэдээлэл өгч, асуултад нь хариулжээ. Улмаар уг төслийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэж санал нэгдсэн юм байна.

Мөн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралдаанд оролцож, хоёр чиглэлээр мэдээлэл өгчээ. Нэгдүгээрт, гадаад нөхцөл байдал буюу хоёр хөрш болон Бүгд Найрамдах Казахстан Улсад болж буй үйл явдал, тухайн улсад амьдарч байгаа иргэдийнхээ талаар мэдээлэл хийсэн аж. Хоёрдугаарт, үнийн өсөлттэй холбоотойгоор хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулжээ. Хурлын шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, сайд Х.Нямбаатар, бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар дэмжсэний дараа ажлын хэсэг байгуулж ажиллана. Олон гишүүнийг хамруулж, өргөн бүрэлдэхүүнтэй байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Үүнээс гадна Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, сангийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж, ойлголтуудаа нэгтгэх, явцын дунд засах шаардлагатай. Эдгээрийг ирэх хаврын чуулганаар батлах нь зүйтэй. Казахстанд байгаа манай иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа, эсэх талаар Элчин сайдын яам болон консулын байгууллагаас цаашид анхаарч ажиллах хэрэгтэй. Инфляцыг бууруулах чиглэлд УИХ, Засгийн газар онцгой анхаарал хандуулах ёстой. Үнийн өсөлтийн улмаас тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлага үүсэж байгаа. Энэ чиглэлд Засгийн газар тодорхой хэмжээний судалгаа, тооцоо хийж байгаа юм байна. Мөн хил хаагдсантай холбоотойгоор бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх чиглэлд онцгой анхаарал хандуулах шаардлага бий. Ялангуяа Замын-Үүдэд анхаарч ажиллах шаардлагатай” гэв.

Мэдээллийн үеэр сайд Х.Нямбаатар Эрээний хил дээр гацсан ачаа, барааг хэрхэн татах талаарх сэтгүүлчийн асуултад “БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манайх руу импортлох гэж байгаа чингэлэг төвлөрсөн. Эрээний гаалийн хашаанаас тэг цэг дээр БНХАУ-ын компанийнхан авчирч өгнө. Үүнээс нааш 7000 гаруй жолооч тухайн барааг татаж авъя гэж байгаа. Бүх жолоочийн халдвар, хамгааллыг нь сахиулаад, вирус тархаахгүй байж чадна гэвэл БНХАУ-ын талаас тэг цэг дээр байнгын тээвэрлэлт хийе гэсэн. Гэтэл энэ нь боломжгүй. Сая жолооч нараас халдвар илэрлээ гээд нэлээд асуудал үүссэн. Тиймээс төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй жолооч, тусгай алба хаагчдаас бүрдсэн баг тэг цэгээс чингэлэг тээврийг дамжуулан ачиж, Замын-Үүдэд буулгана. Чингэлэг зөөх хоёр баг ажиллана. Нэг нь 100 хүнтэй. Нэг баг нь тээвэрлэлт хийж байхад нөгөө баг нь тусгаарлагдана. Энэ бол тээвэр ложистикийн хүндрэл, инфляцыг бууруулах алхам. Маргаашнаас (өнөөдөр) ажлыг нь эхлүүлнэ” хэмээн хариулсан.

Мөн тэрбээр “Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)- ын өмнө бид хэд хэдэн үүрэг хүлээсэн. Нэгд, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлан гаргах ёстой. Хоёрт, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын бүртгэлжүүлэх шаардлагатай. Гуравт, үнэт эдлэл худалдан авдаг алт хайлуулдаг үйлчилгээг зөвшөөрөлжүүлэх, бүртгэлжүүлэх үүрэг хүлээсэн. Дөрөвт, банк бус, санхүүгийн байгууллагын болон ашгийн төлөө бус хуулийн этгээдүүдийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох ёстой. Энэ оны төгсгөлд ФАТФ-д тайлангаа хүргүүлж, үнэлүүлнэ. Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилснээр Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, холбооны дүрэм, татан буугдах зэрэгтэй холбоотой харилцааг тодорхой болгоно. Ямар тохиолдолд төрийн зарим чиг үүргийг биелүүлэх, нийтэд тустай үйл ажиллагаа хийх вэ гэдгийг ойлгомжтой болгох юм. Олон компани, их сургууль төрийн бус байгууллагын нэрээр үйл ажиллагаа явуулж, ашгаас зугтаж байгаа шүү дээ” хэмээн тайлбарлав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.