Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зэсийн “нугарсан” өгөөж

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн зэсийн үнэ дэлхийн зах зээлд түүхэн дээд түвшиндээ хүрсэн жил улирлаа. Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 10-нд тонн зэсийн ханш олон улсын зах зээлд 10 724.5 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт байв. Мөн зэсийн үнэ өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нд тонн нь 10 651 ам.долларт хүрсэн. Энэ нь удаах өндөр өсөлт нь байсан юм. Одоогийн байдлаар тонн зэсийн үнэ 9691.8 ам.доллар байна. Олон улсын таваарын зах зээлийн шинжээчид цаашид зэсийн үнэ өндөр байна, мөддөө буурахгүй гэсэн таамаглал дэвшүүлж буй.

Тэд хоёр үндсэн шалтгааны улмаас зэсийн үнэ өндөр байна гэж таамагласан юм. Нэгдүгээрт, улс орнууд цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч гэх мэт зэсийн орц ихтэй технологи хөгжүүлэх нь тодорхой болж зэсийн ханшийг өсгөнө гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, зэсийн эрэлт өснө, тэгэхээр эдийн засгийн хуулийн дагуу үнэ нь нэмэгдэнэ гэж тооцсон хэрэг. Хоёрдугаарт, ойрын жилүүдэд зэсийн томоохон уурхай ашиглалтад орохгүй. Эрэлт нэмэгдэх үед түүнийг хангах шинэ уурхай ашиглалтад орохгүй гэсэн үг. Нийлүүлэлт нэмэгдэхгүй учраас үнэ өсөх нь дамжиггүй.

Дэлхийн зах зээлд цэвэр зэсийн ханш өссөн учраас Монгол Улс баяжмалын экспортоос өндөр ашиг олох нь ойлгомжтой. Манай улс энэ онд нийт 1,282.5 мянган тонн буюу 1.28 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ. Үүнээс 2,899.9 сая буюу 2.9 тэрбум ам.долларын орлого олсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Нэг тонн зэсийн баяжмалын дундаж үнэ 2261.1 ам.доллар байжээ. Хэрэв манай улс зэс хайлуулах үйлдвэртэй байсан бол өртөг шингээн нэг тонныг нь 9000 “ногоон”-оос дээш үнээр борлуулах байв. Цаашлаад газар нутгаасаа олборлосон зэсээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болбол улам их нэмүү өртөг шингээж, эдийн засагтаа өндөр өгөөж хүртээх нь гарцаагүй.

…Зэсийн үнэ өссөнөөр өнгөрсөн онд борлуулалтын орлого нь 1,121.9 сая буюу 1.12 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Зэсийн баяжмалаа борлуулж, 2020 онд 1.77 тэрбум ам.долларын орлого олж байсан. Тэгэхээр 2021 онд зэсийн баяжмалын орлого өмнөх жилийнхээсээ 85 хувиар нэмэгдсэн гэсэн үг…

Өнгөрсөн оны зэсийн баяжмалын экспортын хэмжээг 2020 оныхтой харьцуулбал, 112.5 мянган тонноор буурчээ. Баяжмалын экспортын хэмжээ буурсан нь хоёр үндсэн шалтгаантай юм. Манай улс өнгөрсөн оны эхний 11 сард дунджаар 114 мянган тонн зэсийн баяжмал экспортолж байв. Тэгвэл арванхоёрдугаар сард 25.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Монгол Улс зэсийн баяжмалаа зөвхөн БНХАУ-д экспортолдог. Тус улс өнгөрсөн сард цар тахлаас болгоомжлон манайхаас зэсийн баяжмал импортлохоо түр зогсоосон. Тиймээс өнгөрсөн сард зэсийн баяжмалын экспорт өмнөх саруудын дунджаас дөрөв дахин багасжээ. Тодруулбал, цар тахлаас шалтгаалсан хил, гаалийн хориг, хязгаарлалт зэсийн баяжмалын экспорт буурахад нөлөөлсөн хэрэг.

Зэсийн баяжмалын экспорт буурсан нөгөө шалтгаан нь уурхайнуудын хүдэр дэх агууламж багассантай холбоотой. Манай улс 2019 онд 1.4, 2020 онд 1.39 сая тонн зэсийн баяжмал экспортолж байсан. “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Оюутолгой” компани л зэсийн баяжмал экспортолж буй. Ялангуяа “Оюутолгой” компанийн зэсийн ил уурхайн хүдэр дэх агууламж буурч буй нь баяжмалын экспорт багасахад голлон нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Оюутолгой ордын гүний уурхайг 2023 онд ашиглалтад оруулна. Гүний уурхай 2028 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 30 хувиар өсгөнө гэж тооцож буй. Өөрөөр хэлбэл, гүний уурхайг ашиглалтад оруулснаар зэсийн баяжмалын хэмжээ огцом нэмэгдэх юм. Үүнээс гадна МАК компани зэсийн Цагаан суваргын ордыг ашиглах төсөл хэрэгжүүлж байгаа. Ингэснээр Монгол Улс зэсийн гурван орд ашиглаж эхэлнэ. Энэ нь зэсийн баяжмал цаашид Монгол Улсын эдийн засагт томоохон нөлөөтэй байхыг илтгэнэ.
Зэсийн баяжмалын экспортын хэмжээ өнгөрсөн жил буурчээ. Тэгвэл борлуулсан дундаж үнэ нь 986.6 ам.доллароор өсөв. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” компани 2020 онд нэг тонн зэсийн баяжмалаа дунджаар 1274.5, 2019 онд 1279.5 “ногоон”-оор борлуулж байжээ. Зэсийн үнэ өссөнөөр өнгөрсөн онд борлуулалтын орлого нь 1,121.9 сая буюу 1.12 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Зэсийн баяжмалаа борлуулж, 2020 онд 1.77 тэрбум ам.долларын орлого олж байсан. Тэгэхээр 2021 онд зэсийн баяжмалын орлого өмнөх жилийнхээсээ 85 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Баяжмалаас олох орлого хоёр дахин буюу ченжүүдийн хар ярианы хэллэгээр “нугарч” өссөн байгаа биз.

Манай улс уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хураадаг. Энэ нь уул уурхайн салбараас улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг гол татвар. Уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх тусам Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдэх нь ойлгомжтой. Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар зэсийн баяжмалын экспортоос улсын төсөвт 2.34 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 1.46 тэрбум төгрөг буюу 2.7 дахин өссөн үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн зарлагын 15 орчим хувийг зэсийн баяжмал экспортоос олсон татвараас хаажээ. Зэсийн уурхайнууд олон мянган ажлын байр бий болгон, мөн өчнөөн туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчийг ажилтай болгож буй. Үүгээр зогсохгүй бүтээгдэхүүнийх нь үнэ өссөнөөр улсын төсөвт үлэмж хэмжээний орлого төвлөрүүлэв. Зэсийн “нугарсан” өгөөжийн ачаар хөл хорьж, хорио цээрийн дэглэм тогтоож, цар тахалтай тэмцсэн амаргүй жилд төсвийн орлого тасарсангүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.