Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тэсрэлт

Бидний ойрын хөрш, зүгээр ч үгүй “үсэрсэн цус, тасарсан мах” нь бидэнтэй хамт аж төрж буй, саяхан хажууд минь байсан олон хүн амьдрал хөөж очоод байгаа, тогтвортой, яггүй хөгжиж буй гэх Казахстан улсад юу болоод байна вэ? Жагсаал болж гэнэ гэж байснаа байдал хурцдаж Алматы хотод байгаа Ерөнхийлөгчийн хуучин өргөөг шатаав, хэд хэдэн хүний амь үрэгдлээ. Назарбаевын хөшөөг нураав… гэх мэт мэдээ дуулдах болов. Тэнд үнэндээ чухам юу болоод байна вэ? Үймээн самуун юунаас үүдэв?

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь хүмүүсийн тавьсан шаардлагаар Засгийн газраа огцруулаад, шатахууны үнийг буулгаад байдлыг намжааж чадаагүй сурагтай. Казахстан даяар эсэргүүцэгчид машин шатааж, орон нутгийн засаг захиргааны байрыг эзэлж, хууль сахиулагчид руу зэвсэглэн халдаж байна гэнэ. “Тогтвортой байдлын арал” маань яагаад гэнэт буцалж буй галт уул болчихов? Казахстаны эрх баригчид ямар үед, ямар алдаа гаргачихав гэх мэт олон асуудал хариулт хүлээж байна. ОХУ-ын Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал, Орос-Казахстаны харилцаагаар мэргэшсэн судлаач Юрий Солозобов бидний анхаарлыг татаад байгаа асуудлуудаар ямар бодолтой байгааг нь сонирхоё.

-Казахстанд өрнөсөн олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн чухам юунаас үүдэлтэй юм бол?

-Автомашинд хэрэглэдэг шингэрүүлсэн хийн түлшинд энэ сарын 1-нээс зах зээлийн үнэ тогтоохоор Засгийн газар нь шийдсэн нь цагаа олоогүй туршилт боллоо. Энэ түлшний үнэ хоёр дахин нэмэгдэж нэг литр нь 60 тенге байснаа 120 (10 рубль байснаа 20 болж) болж өсөв. Эсэргүүцэл 2-ны өдөр баруун өмнөд нутагт байх нефть, хийн Мангистау мужид эхэлсэн байна. Юуны түрүүнд хий дахин боловсруулдаг томоохон үйлдвэр байдаг Жанаозенд үймээн дэгджээ. Үүнийг Алматы, Нур-Султан, Караганда зэрэг томоохон хот, бүс нутгийн хүн ам дэмжив. Хий, шатахууны үнэ огцом өссөний шалтгааныг Засгийн газар нь гоёчлох маягтай тайлбарлаж, эхэндээ хүмүүстэй энд тэнд уулзах, үнийг хорогдуулахаар амлах, жагсаалыг цагдаа нараар хөөлгөж, хүчээр тараах гэх мэтээр их буруу аргаар хандсан. Эсэргүүцэл 2-ны өдөр эхэлсэн атал 5-нд Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь сая л нэг юм зөвлөгөөн хийлээ. Хийн үнийг 50 тенге (8.5 орчим рубль) болгож буулгах, Засгийн газраа огцруулах шийдвэр гаргав. Энэ нь эдийн засгийн үндэслэлгүй, өмнөх бүх үндэслэлээ эргэлзээнд оруулсан, амиа аргацаасан шийдвэр болжээ. Эсэргүүцэгчдийн тавьж байсан нийгмийн чанартай шаардлагууд яваандаа улс төрийн заналхийлэл болж хувирлаа.

-Эрх баригчдын энэ мэт үлбэгэр үйлдэл юутай холбоотой вэ?

-Казахстаны улс төр судлаач Данияр Ашимбаев “Сайд, орон нутгийн захиргааны удирдлагуудын ихэнх нь улстөрч биш, өөрийн хүрээллийн бус хүмүүстэй хэл амаа ололцох чадваргүй түшмэд байна. Тэдний харилцааны доод түвшин нь шийдвэрээ тайлбарлаж, үндэслэлийг нь гаргаж хэлж чадахгүйд хүргэсэн” хэмээн Казахстаны эрх баригч нарын ноцтой дутагдлыг хөндсөн. Үүнийг сүүлийн үеийн үйл явдлууд тод харуулж байна. Казахстаны Засгийн газар хийн үнийг буулгах талаар амархан буулт хийсэн нь бусад салбар, өөр бүс нутгуудад шинэ, шинэ шаардлагын тоог нэмэгдүүлснээс хэтэрсэнгүй. Нэг хэсэг нь үнэ буулгахыг, нөгөө нь зээл тэглэхийг, гурав дахь нь нийгмийн хөнгөлөлт үзүүлэхийг, дөрөв дэх нь цалин нэмэхийг, нийтдээ бол эрх баригчдыг айлгаж сүрдүүлэхийг хүсэж байна. Мөн чанараараа энэ нь тодорхой удирдагчгүй, нарийн хөтөлбөргүй, дээд хэсгийнхнээ сөрсөн үйлдэл юм. Гэхдээ урьд казахстанчууд сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байсан бол одоо эдийн засгийн байдалдаа бухимдах болсон байна. Үймээн дэгдээгч ийм хүмүүст удирдлага, уриа лоозон байдаггүй. Тийм болохоор эрх баригчид хийгээд хүн ам нь үе үе уриалаад байгаа яриа хэлэлцээг хийх хүч нөгөө талд байхгүй байна.

-Цуглаанд оролцож буй хүмүүсийн дотор оросуудын төлөөлөл харагдаж байсан. Одоогийн улс төрийн хямрал Казахстанд амьдарч буй оросуудад хэрхэн нөлөөлөх бол?

-Казахстанд байгаа олон орос хүн “энэ манай дайн биш, отог омгуудын дотоод зөрчил” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байна лээ. Урьд нь оршин суугчид нь оросоор ярьдаг, ая тухтай байсан Алматы одоо тонуулчид, хүчирхийлэгчдийн гарт очсон хувьсгалт Бишкек шиг болж орхилоо. Энэ бүхэн тэнд байгаа оросуудын үлэмж хэсгийг Орос руу юм уу, өөр илүү амгалан тайван улс руу явах шийдвэр гаргахад нөлөөлж таарна. Дундад Азид бий болсон улс төрийн аливаа тогтворгүй байдал оросуудтай холбогдож төгсдөг жамтай. Казахстанд дэд бүтэц, боловсролын “яс мод” нь олон талаар оросууд дээр тогтож байдаг болохоор энэ үйл явдал амьдралын түвшин, ахуйн соёлыг мэдэгдэхүйц бууруулна.

-Казахстаны эдийн засгийг нефтийн орлого дээр цэцэглэн хөгжиж байгаа гэж үздэг. Астана хэмээх нэртэй шинэ нийслэл байгуулж, орчин үеийн тэнгэр баганадсан барилгуудтай энэ хотыг одоо Нур-Султан гэх болсон. Өнгөн талын энэ гялгар цалгар байдлын цаана юу нуугдаж байж вэ?

-Казахстан нь Оросын адил нефтиэр хөлжсөн дунд зэргийн орлоготой орнуудын занганд орсон юм. Үнэндээ нефтиэр олж буй ам.долларын урсгал байгаа ч Ойрхи Дорнодын вант улсуудын адил хүн ам нь нийтээрээ чинээлэг амьдрахад тэр ам.доллар нь хүрэлцэхгүй байна. Казахстан бол газар зүй, эдийн засаг, улс төрийн хувьд Оросын арав дахин багасгасан загвар юм. Тэнд нефтиэс их орлого олдог. Гэтэл нефть, хийн диваажингаас ангид жирийн хүмүүс бий. Тэдний орлого их биш, нийгэмд хурцадмал байдал оршиж, орлогын зөрүү их байх тусам нийгмээ шударга байхыг шаардах нь зайлшгүй юм. Төр засаг нь нийгмийн зөвшлийг хангаж чадахгүй бол шударга ёсыг гаднаас хайхад хүрдэг.

-Казахстанд бий болоод байгаа нөхцөл байдал цаашдаа юунд хүргэж болох бол?

-Нефтийн эх үүсвэрийг өөрийн орлогоо болгох лалын тэрс үзэлтнүүдийн хүсэл ирак, сири маягаар хэрэгжиж болзошгүй. Казахстаны баруун нутагт байдаг нефтийн үйлдвэрлэл радикалуудад амттай хоол байх тул ирээдүйн тогтворгүй байдлын үр шимтэй хөрс нь болох магадлалтай. Харамсалтай нь, Казахстаны эдийн засгийн бэрхшээл нефтийн орлогыг тэгш бус хуваарилаж байгаагаар хязгаарлагдахгүй. Казахстаны нэрд гарсан шинжээч Марат Шибутов “Ядуурал манайд ажилчдын дунд түгээмэл, байнгын ажилтай хүмүүс ч өөрийнхөө амьдралыг хангаж чадахгүй байна” гэж өнгөрсөн оны эцсээр байдлыг дүгнэсэн байдаг.

-Казахстан улс олон жилийн турш, улс төр, эдийн засгийн тогтвортой байдлын үлгэр загвар байснаа гэнэт их чамээ гарган нурж байна…

-Сайн ч, муу ч олон үйл явдал тэнд тун хурдан өрнөж байна. Казахстан одоо эрх мэдлийг шилжүүлэх төвөгтэй үеэ үзэж байна. Анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нь суудлаа сайн дураар орхиж, бүрэн эрхээ Ерөнхийлөгч Токаевт шилжүүлсээр байгаа. ЗХУ задарснаас хойших орон зайд энэ бол ардчилсан замаар эрх мэдлээ шилжүүлсэн цорын ганц тохиолдол. Гэхдээ Назарбаев 2019 онд Ерөнхийлөгчийн суудлаа орхихдоо Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, эрх баригч “Нур Отан” намын дарга, Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн зэрэг хэд хэдэн албаа хадгалж үлдсэн. Ойрын өдрүүдэд Касым-Жомарт Токаевт эрх баригч “Нур Отан” намын даргын үүргээ шилжүүлэхээр төлөвлөж байсан юм. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь 2024 оны сонгуульд ялах боломжийг Токаевт олгох байсан. Улс төрийн системийн бус олон тоглогч, улс төрийн ангийн төлөөлөгчид, эрх мэдлийг завсраас нь шүүрч авах хүчний хөшүүргээ идэвхжүүлэхийг хичээж байсан гэж би боддог. Үүссэн эмх замбараагүй байдалд өөрийн тоглолтыг хийхийн тулд дор хаяж тогтвортой байдлыг үгүй болгохыг тэд эрмэлзэж байв.

-Казахстанд бий болсон тогтворгүй байдал Орост ямар аюул учруулах вэ. Биднийг чухам юу холбож байна вэ?

-Казахстан, Орос хоёр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл дотроо нутаг дэвсгэр, эдийн засгийн хувьд хамгийн том нь. Казахстан нь Оростой хуурай газраар хамгийн урт 7.5 мянга гаруй километр хил залгаа оршдог. Энэ хил үндсэндээ нээлттэй. Шулуухан хэлэхэд Казахстаны тогтворгүй байдал нь манай Сибирийн тогтворгүй байдал гэсэн үг. Энэ нь Транссибирийн магистрал руу, манай нефть, хийн бүс нутаг руу нэвтрэх шууд гарц юм. Тиймээс Казахстаны стратегийн аюулгүй байдал нь өнөөдөр Оросын аюулгүй байдал болж байгаа юм. Энэ бол манай улсын бүрэн бүтэн байдал, дотоодын тогтвортой байдлын чухал хүчин зүйл мөн. Төв Азийн талаас хил хязгаар маань хамгаалагдсан нөхцөлд Орос улс өөрийгөө аюулгүй байдалтай боллоо гэж үзнэ. Ийм шалтгаанаар Казахстан улс Оросын геостратегийн чухал холбоотон болж байгаа юм. Тиймээс Казахстан хүсвэл хөрш орныхоо нөхцөл байдлыг хэвийн болгохын тулд бид бүхий л хүчин чадлаа дайчлах ёстой.

-Эдийн засгийн хувьд ч бидэнд чухал хэлхээ холбоо бий шүү дээ.

-Казахстан экспортынхоо дөрөвний гурвыг манай улсаар дамжуулан гаргаж байдгийг хэлье. Бас импортын нь гол эх үүсвэр Орос (30-40 хувь) гэдгийг бүгд мэднэ. Бүхэлд нь авч үзвэл Оросын түүхий эдийн бус экспортын 15-20 хувийг казахстанчууд хэрэглэж байгаа. Хил орчмын худалдаа хоёр улсын бараа эргэлтийн 75 хувийг эзэлж байна. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай залгаа хилд Оросын 27 бүс нутгийн 12 субъект Казахстаны долоон мужтай хөрш байдаг юм. Бид эртнээс найрсаг харилцаатай байж ирсэн. Казахстанд дөрвөн сая шахам орос хүн, Орост нэг сая гаруй казах иргэн аж төрж буй. Манай хоёр хөрш улс жинхэнэ “Сиамын ихрүүд” юм. Тиймээс Казахстаны аливаа бэрхшээлийг Орос үлэмж эмзэг хүлээж авах болно.

-ЗХУ задарснаас хойших орон зайд байгаа хөрш улсуудад маань болж буй үйл явдал Оросын эрх баригчид, олон түмний нь хувьд яагаад санамсаргүй байдаг юм бэ?

-Энэ орон зайг Оросын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн олон удаа зарласан. Тэгсэн хэрнээ энэ чиглэл боловсон хүчний хийгээд зохион байгуулалтын хувьд хангалт муутай байсаар ирсэн. Хөрш орнуудынхаа байнгын “гэнэт”-ийн хямралыг Оросын эрх баригчид системийн согог гэж үздэг. Ойр залгаа орнууддаа хандаж буй Оросын бодлогод байгаа хоёр алдааг хэлж болж байна. Эхнийх нь, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл дэх Оросын оролцоо тухайн улсын нэгдүгээр хүнтэй нь сайн харилцаатай байх, ЭСЯ-дынхаа ёс төдий үйл ажиллагаа гэсэн нэг л системээр хэрэгжиж ирсэн. Эдгээр улсууд руу тэтгэврийн юм уу, тэтгэвэрт гарах дөхсөн мэргэжлийн дипломатчдыг илгээдэг, тэд нар нь санаачилга муутай ажилладаг. Ийм шалтгаанаар дээрх орнууд дахь Оросын ЭСЯ-д ялангуяа байгаа орнуудад нь эрх мэдэл шилжих эгзэгтэй үед үйл ажиллагаа явуулах чадвар огт байдаггүй. Хоёрдугаарт, хөрш орнуудаа системтэй судлах үйл явцыг тусгай ажиллагаа, пиар-кампанит ажил, телевизийн шоу төдийгөөр орлуулж ирсэн.

-Таны тоочсон асуудлуудыг нааштай шийдвэрлэх боломж бий юү?

-Миний үзэж буйгаар ЗХУ задарсны дараа тусгаар тогтносон орнуудыг системээр нь судлах ажлыг өргөн далайцтай хийх тохиромжтой цаг ирээд байна. Яагаад энэ чухал вэ гэвэл эдгээр улсын төрийн байгууламж, эдийн засаг, нийгэмд ихээхэн өөрчлөлт бий болсон. Үе солигдож, улс төрийн тавцан, эдийн засагт Зөвлөлтийн үеийн туршлагагүй шинэ үе орж ирж байна.

Сүүлийн үед бидний хүлээж авч буй мэдээллээс үзвэл Казахстанд болж буй хямрал эрх баригчдаас тухайлбал, тус улсыг олон жил удирдаж, бурханчлагдаж байсан Нурсултан Назарбаевын бий болгосон дэглэмээс олон түмэн нь залхаж бухимдах болсонтой холбоотой гэж хэлж болохоор байна. Шатахууны үнийн өсөлт уг бухимдал тэсэрч дэлбэрэх шалтгаан болсон гэлтэй. Олон түмний дургүйцэл бухимдал шүдэнз зурахыг л хүлээж байгаад сая тэсрэв бололтой. Назарбаевын зөвлөх явсан Ермухамет Ертысбаев үүсэн бий болсон үймээн самууныг төрийн зарим ажилтны урвалт шарвалттай холбоотой, төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж үзсэн байна. Тэрбээр уг үймээнийг “эрх тушаалтны дээд эрэмбийнхний урвалтгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй үйл ажиллагаа” гэж дүгнэснийг гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд эш татжээ. Назарбаевыг эх орноосоо зугтсан, Хятадад очсон гэсэн мэдээлэл эртхэндээ нэг дуулдаад чимээгүй боллоо. Уг мэдээлэл нотлогдоогүй. Харин ч Назарбаев иргэдээ Ерөнхийлөгч Токаеваа тойрон эв эетэй, нэгдмэл цул байхыг уриалсан тухай мэдээлэл дуулдаж байна.

Канадын дипломатч байсан Патрик Армстронг Казахстанд өрнөж буй үйл явдлыг Өрнөдөөс төлөвлөж, заан чиглүүлсэн “өнгөт хувьсгал”-ын сонгодог шинж чанарыг агуулж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ. “Хүмүүсийг эсэргүүцэл тэмцэл хийхэд хүргэсэн суурь шалтгаан байж, зохион байгуулагчид нь түүнийг хүлээн авч, удирдан чиглүүлж байна. Гэнэт гарч ирж буй зэвсэгт бүлэглэлүүд, хилийн чанадад суугаа түүний удирдагч, геополитикийн хувьд Оросоос хөндийрүүлэх гэсэн шаардлагуудыг бид Казахстанаас олж харж байна” гэж тэр хэлээд, аюулгүй байдлын асуудлаар Орос-Америкийн зөвлөлдөх уулзалтын босгон дээр өрнөсөн эсэргүүцлийн цаг хугацаанд анхаарлаа хандуулсан байна.

Эцэст нь хэлэхэд, Lnternational centet for Non-Prot байгууллагын баримтаар Казахстанд байдаг иргэний нийгмийн 38 мянга орчим байгууллагын ихэнхийг АНУ болон Европын орнууд санхүүжүүлдэг аж. Одоо бий болоод байгаа нөхцөл байдлыг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гадаадын нөлөө, оролцоотой холбож үзсэн байна лээ.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.