Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Будилуу сайд нарын гайгаар буланд шахагдсан Түлэнхийн төв

Ашиглалтын шаардлага хангахгүй гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэсэн учир 2012 онд Түлэнхийн төвийн барилгыг суллаж, шинээр барихаар шийдвэрлэж байв. Түүнээс хойш 10 жил өнгөрч, эрүүл мэндийн салбарт есөн сайд солигдсон ч нэг нь ч тус төвийн барилгыг ашиглалтад оруулж чадсангүй. С.Ламбааг салбарын сайдаар ажиллаж байхад Түлэнхийн төвийн барилгыг актлах шийдвэр гарчээ. Түүнээс хойш нэг их удалгүй буюу 2012 онд Н.Хүрэлбаатар сайдаар томилогдсоныхоо дараахан барилгыг суллах тогтоол гарган, хэрэгжүүлсэн байна. Түлэнхийн төвийн барилгыг акталж, улмаар эмч, ажилтнуудыг нь нүүлгэснээс хойш нураах гэж хоёр жил зарцуулсан юм. Арайхийн буулгаж, суурин дээр нь барилгаа барьж эхлэх гэж дахиад хоёр жилийг өнгөрөөв. Ингэж явсаар 2016 онд барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд өдий хүртэл таван он улирсан ч ашиглалтад оруулаагүй. Гэтэл Түлэнхийн төвийн ажлыг эхлүүлснээс хойш барьсан олон барилга ашиглалтад орж, Яармагт л гэхэд бүхэл бүтэн “хот” бий болчихлоо. Түлэнхийн төвөөс ч том, хотын захиргааны шинэ барилгыг л гэхэд хоёр жилийн хугацаанд бариад, ашиглалтад оруулчихсан байх жишээтэй.

Түлэнхийн төвийн барилгыг ашиглалтад оруулах талаар эрүүл мэндийн салбарын үе үеийн сайд олон амлалт өгч иржээ. “Энэ онд ашиглалтад оруулна”, “Ирэх онд барилгын ажлыг дуусгана” гэж байсхийгээд л солигддог сайд нар нь амласан ч алиных нь ч биелсэнгүй. “Намайг сайдаар ажиллаж байх үед ажил амжилттай урагшилж байсан ч Засгийн газар солигдсоноор удааширсан” гэх утгатай тайлбарыг Н.Удвал, А.Цогцэцэг нар өгч байжээ. Уг нь улсын төсвийн хөрөнгөөс тус төвийн барилгад 11 тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хэлснээр энэ оны төсвөөс дахиад 1.4 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Түүнчлэн Кувейт улсаас 2017 онд 22.4 тэрбум төгрөг барилгын ажил болон тоног төхөөрөмжид зориулан хандивлажээ. Уг мөнгө хаачсан, хэрхэн зарцуулсан нь тодорхой бус. Гэтэл өдгөө барилгын ажлын явц 95 хувьд хүрсэн ч гүйцэтгэгч байгууллагууд төсөв хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар ашиглалтад оруулах хугацааг хойш татаад байгаа гэж ЭМЯ-наас тайлбарлажээ. Харин гүйцэтгэгч компаниудын тухайд төрөөс санхүүжилтээ дутуу өгсөн, бас төвийн барилга барих газрын асуудлуудыг шийдээгүй, улмаар шүүхэд маргаан үүсгэснээс ажил удааширсан гэх. Ийм асуудлууд үүсээд, барилгын ажил олны нүдэн дээр 10 жил гацчихаад байхад энэ нь ямар шалтгаантайг, үүнд хэн буруутайг ч тогтоосонгүй.

Гэтэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд Түлэнхийн төвийнхөн энд тэнд толгой хоргодож, хувийн хэвшлийн “Мөнгөн гүүр” эмнэлэгт талбай түрээсэлж ч үзэв. Түрээсийн төлбөрт л гэхэд төсвөөс хоёр жилийн хугацаанд 750 сая төгрөг зарцуулсан. Улмаар улсаас түрээсийн төлбөр дахин өгөх боломжгүй болсон учир аргагүйн эрхэд Гэмтэл согог судлалын төв (ГССҮТ)-ийг бараадсан байдаг. Уг нь улсад ганцхан байдаг, түлэнхийн чиглэлээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг чухал төв атал байргүйн шалтгаанаар үйл ажиллагаа нь жилээс жилд хумигдсаар байгаа аж. Жишээ нь, 1990 онд анх бие даасан төв болон үйл ажиллагаа явуулж эхлэхдээ 140 ортой байжээ. Гэтэл өдгөө ГССҮТ-ийн нэг тасагт 35 ортойгоор дөнгөн данган үйл ажиллагаа явуулж буй юм.

Түлэгдэлт нь манай улсад гардаг осол гэмтлүүдийн тэргүүлэх шалтгааны нэг. Тус төвийнхөн жилд 6000 гаруй хүнд үйлчилдэг аж. Өнгөрсөн оны эхний есөн сард л гэхэд 4184 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн юм байна. Түлэгдсэн хүмүүсийн олонх буюу 80 гаруй хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд. Уг нь түлэгдсэний дараах нөхөн сэргээх эмчилгээг ч Түлэнхийн төвд үзүүлж байх ёстой. Тэр байтугай олон улсад шинээр нэвтрүүлж буй технологиудыг ч нутагшуулж, дэвшилт техник нэвтрүүлэх шаардлагатай. Харамсалтай нь, өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалаад илүү хөгжих нь битгий хэл ирсэн иргэдэд л арайхийн яаралтай тусламж үзүүлж, хоног өдрийг аргацаах маягаар ажиллаж буй бөгөөд нөхцөл байдал нь 1990-ээд оныхоосоо ч өмнөх түвшинд байна. Энэ мэтээр Түлэнхийн төвийн шинэ барилгыг гацаасан хугацааны алдагдсан боломжийн өртгийг тооцох хэрэгцээ шаардлага ч бий.

Хүний эрхийн үндэсний комиссоос тус төвд өнгөрсөн наймдугаар сард шалгалт хийгээд “Түлэнхийн тасаг нь эмч, ажилтан 50 хүний бүрэлдэхүүнтэй, хэвтэн эмчлүүлж байгаа 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Гэсэн ч өнөөдрийн байдлаар 35 ортой, зөвхөн яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдийг л хүлээн авч, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн 2020 онд 2.3 тэрбум төгрөгийн төсөвтэй үйл ажиллагаа явуулж байсан бол 2021 оны долдугаар сарыг хүртэлх хугацаанд 892 сая төгрөгийн төсөв зарцуулж, зардал нь буурчээ. Энэ нь тасгийн орны тоо 65-аас 35 болж багасаж, зөвхөн яаралтай өвчтөнүүдийг хүлээн авч, үйл ажиллагаа нь хязгаарлагдсантай холбоотой. Ачаалал ихтэй тохиолдолд коридорт ор дэлгэдэг, эмч, ажилтнууд өвчтөний өрөөнд нэг дор сууж ажиллах зэргээр наад захын стандарт шаардлага хангагдаагүй. Энэ нь өвчтөнүүд болон эмч, ажилтнуудын эрхийг ноцтойгоор зөрчиж байна” гэж дүгнэжээ. Будилуу сайд нарын гайгаар буланд шахагдсан Түлэнхийн төвдөө анхаарч, нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай болсон нь үүнээс харагдана.

Уг нь шинэ байраа барьчихвал 250 ортой болж өргөжин, олон улсын стандартын дагуу иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг болно гэж дээрх төвийнхөн өдий хүртэл хүлээсээр буй юм билээ. Харамсалтай нь, ийм найдлага тун бага бөгөөд ашиглалтад оруулах хугацаа нь жилээс жилд “сунасаар” л байна.

2012.07.26

Н.ХҮРЭЛБААТАР (Эрүүл мэндийн сайд):

-Түлэнхийн төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлэхийн тулд төвийг тэр чигт нь ГССҮТ рүү шилжүүлсэн. Одоогоор барилгын зураг төслийг хийж дууссан. Тус төвийг барихад нийт 14.6 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо гаргасан. 2013 оны төсөвт Түлэнхийн төв барих зардлыг тусгана.

(Хэвлэлд өгсөн ярилцлагаас)

2013.11.13

Н.УДВАЛ (Эрүүл мэндийн сайд):

-Өмнөх Засгийн газрын үед Түлэнхийн төвөө нураагаад, өвчтөнүүдээ гэмтлийн эмнэлгийн шалаар нэг зулаад хэвтүүлсэн байсныг сийрэгжүүлж, Түлэнхийн төвийг түрээсийн байранд оруулсанд олон хүн бидэнд талархаж байгаа. Анхны төсөвт өртөг нь найман тэрбум төгрөг байсан нь өдгөө 26 тэрбум болж өссөн.

(Хэвлэлд өгсөн ярилцлагаас)

2016.06.28

С.ЛАМБАА (Эрүүл мэнд, спортын сайд):

-Түлэнхийн төвийн барилгыг 2018 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

(Төвийн барилгын ажилтай танилцах үеэр)

2017.02.15

Т.МӨНХСАЙХАН (ГССҮТ-ийн захирал):

-Түлэнхийн тасаг өнөөдөр 80 ортой үйл ажиллагаа явуулж байна. Тэнд хэвтээд гарсан иргэд дараагийн шатны эмчилгээ буюу сорви арилгах, арьс нөхөх зэрэг мэс засал хийх шаардлагатай байдаг. Ийм шат дараалсан эмчилгээ хийхэд байр хангалтгүй. Манай улсад 400 ортой Түлэнхийн төв хэрэгтэй. Шинээр барьж буй Түлэнхийн төвийг ашиглалтад оруулах хугацаа тодорхойгүй байна. Барилгын ажил эхэлсэн ч одоогоор түр зогссон.

(ЭМЯ-ны төлөөлөл ГССҮТ-д ажиллах үеэр)

2017.04.06

А.ЦОГЦЭЦЭГ (Эрүүл мэндийн сайд):

-Кувейтийн сангаас олгож буй найман сая ам.долларыг Түлэнхийн төвийн барилгын ажилд зарцуулахаар болж байна. 6.8 сая ам.долларыг барилгад, 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар гэрээ хийлээ. Түлэнхийн төвийг энэ онд ашиглалтад оруулна.

(УИХ-ын чуулганы үеэр)

2018.04.25

Д.САРАНГЭРЭЛ (Эрүүл мэндийн сайд):

-Түлэнхийн төвийн барилгын ажлыг яаравчлах шаардлагатайг ойлгуулах гэж эмэгтэй гишүүдтэйгээ газар дээр нь хэд хэдэн удаа очиж ажилласан юм. Тус төвийг энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулна.

(Олон нийтийн сүлжээнд ийнхүү бичжээ)

2021.11.14

Ц.ЭРДЭМБИЛЭГ (Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга):

-Түлэнхийн төвийн барилгын ажил одоогоор 95 хувьтай байна. Хоёр корпусаас бүрдэж буй. Нэгийг нь “Цаст констракшн”, нөгөөг нь “Нутгийн зам” компанийнхан барьж байгаа. Энэ хоёр компанийн бүх санхүүжилтийг олгосон. Гэтэл компанийн хариуцлагагүй байдлын улмаас барилгын ажил удааширсан. Ялангуяа “Нутгийн зам” компани санхүүжилтээ авчихаад ажлаа хийхгүй байна. Бид удаа дараа шаардлага хүргүүлсэн. Бүр болохгүй бол хуулийн байгууллагад хандана.

(Хэвлэлд өгсөн ярилцлагаас)

2021.11.22

С.ЭНХБОЛД (Эрүүл мэндийн сайд):

-Түлэнхийн төвийн шинэ барилгын А, В корпусын ажил 97-98 хувьд хүрсэн. Улсын комисст хэсэгчилсэн байдлаар хүлээн авах хүсэлт өгсөн. Барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор нэмэлт санхүүжилтийн асуудал үүссэн. Ирэх жилийн төсөвт 1.4 тэрбум төгрөг суулгасан.

(Хэвлэлд өгсөн ярилцлагаас)

2021.12.10

Ж.ХУНАН (Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч):

-Монгол Улсдаа ганц гэгдэх Түлэнхийн нөхөн сэргээх, түлэгдлийн эмгэгийн эмнэлгийн барилгыг 2011 онд акталснаас хойш өдий хүртэл өөрийн байргүй есөн жил долоон сар болж байна. Уг эмнэлэг ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, өөр тасгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тэнд хэвтэн эмчлүүлэх ёстой иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх хязгаарлагдаж буй. Үүний хохирогч нь хүүхдүүд байгаа нь харамсалтай. Ямар ч үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хязгаарлагдах ёсгүй.

(Хүний эрхийн үндэсний форумын үеэр)

Бэлтгэсэн М.Оч

1
Савж уналааСавж уналаа
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Будилуу сайд нарын гайгаар буланд шахагдсан Түлэнхийн төв

  • zochin says:

    Урд 10 хоногт том эмнэлэг барьж байхад манайхан 10 жил бариад ч бардаггүй ээ, үнэхээр арчаагүй сайдууд шүү

  • иргэд олон түмэн says:

    Арчаагүй сайд нарыг ард түмэн гаргаж тавиагүй,арчаагүй нөхдийг мэдсээр байж сайд болгосоэ эрх баригч гэж өөрсдийгөө дөвийлгөдөг улс төрийн намынханд л сайн хэл,уг нь ҮНДСЭН ХУУЛИНД ТӨРИЙН ЭРХИЙГ АРД ТҮМНЭЭС СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨЛҮҮД БАРИНА ГЭЖ ЗААСАН,ГЭТЭЛ ОДОО ЦАГТ УЛС ТӨРИЙН НАМ ГЭЭЧ ЮМНЫ НӨХӨДҮҮД ТӨРИЙН ЭРХ БАРЬДАГ БОЛЖ