Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Казахстаны байдал тогтворгүй хэвээр байна

Казахстаны Алматы хотын захиргааны байрны өмнө цэргийнхэн болон эсэргүүцэгчид хооронд ширүүн буудалцаан үргэлжилж байна. ТАСС, “Sputnik Казахстана” агентлагаас мэдээлснээр тус байрны өмнөх талбайн төвд зэвсэглэсэн 200 орчим хүн буй аж. Тус улс даяар онц байдал зарласан, интернэт, үүрэн холбоо, зарим телевиз ажиллахгүй байгаа. Банкууд болон хөрөнгийн бирж, нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Автомашины хийн үнийг өсгөснийг эсэргүүцсэн, олныг хамарсан жагсаал эмх замбараагүй байдал болж өргөжсөнтэй холбогдуулан тус улсын Засгийн газрыг огцруулсан. Алматы хотод эмх замбараагүй байдал газар авч, хотын захиргааны байрыг шатааж, тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хуучин өргөөг түйвээжээ.

“Казахстаны ахан дүүс дотоод асуудлаа бие даан шийдэж чадна” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ард түмэндээ хандаж үг хэлэхдээ тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийг Нурсултан Назарбаевын оронд тэргүүлэхээ мэдэгдэв. Тэрбээр хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэний сацуу санхүүгийн дэмжлэг авсан хуйвалдагчид эмх замбараагүй байдал үүсгэсэн гэлээ.

Тус улсын ДХЯ-наас мэдээлснээр эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийн болон Үндэсний гвардын цэргийн алба хаагч нийлсэн найман хүн амь эрсдэж, 317 нь шархаджээ. Засгийн газраа эсэргүүцэгчид Алматыгийн олон улсын нисэх буудлыг эзэлж, дээрэмдсэн гэнэ. Гэсэн ч терроризмын эсрэг тусгай ажиллагаа явуулах үеэр нисэх буудлыг чөлөөлснөө тус хотын орлогч дарга мэдэгдсэн байна. Алматыгийн гэрчүүдийн хэлснээр хэт давруу үзэлтнүүд албан байгууллагуудыг түйвээж, дэлгүүр, мөнгөний автомат машинуудыг дээрэмджээ. Алматы мужийн засаг захиргааны төв болох Талдыкорган хотод жагсагчид тус улсын анхны Ерөнхийлөгч, бүс нутгийн уугуул иргэн Нурсултан Назарбаевын хөшөөг нураасныг КазТАГ цахим хуудас мэдээлэв.

Пүрэв гарагт шилжих шөнө терроризмын эсрэг ажиллагаа эхэлснээр тус хотод бууны болон тэсэрч дэлбэрэх дуу гарах болсныг оршин суугчид нь мэдээлж байна. Иргэдийг гудамжинд гарахгүй байхыг чанга яригчаар анхааруулсан гэнэ.

Касым-Жомарт Токаев терроризмын аюулыг даван туулахад туслахыг Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагуудын түншүүдээс хүсжээ. Үүний дагуу тус байгууллагаас Казахстан руу энхийг сахиулах хүч илгээж байна. Хүчирхийллээс зайлсхийхийг тус улсын сөргөлдөгч талуудад НҮБ болон Европын Холбоо уриалав. Эсэргүүцлийн ажиллагаанд АНУ оролцоотой гэсэн нотолгоог Цагаан ордон няцаасан байна. Казахстанд эмх замбараагүй байдал үүссэний улмаас ураны ханш найман хувиар өсжээ.

Казахстаны зарим хотод жагсаал, цуглаан болж буйтай холбогдуулан тус улсад оршин сууж байгаа Монголын иргэдийг олныг аливаа арга хэмжээнд оролцохгүй, өөрийн болон ойр дотнын хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг Монгол Улсын ЭСЯ-наас зөвлөсөн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.