Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төсвийн “наадаан” дүүжин тээврийн төслөөр үргэлжилж байна

Хотын удирдлагууд хэлсэн шигээ хийдэг, аливаа ажлыг ягт нь тултал тооцоолж, төлөвлөсний үндсэн дээр хөдөлдөг, олон нийтэд танилцуулдаг, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нэрийдлээр хувийн тоглолт, пиар хийдэггүй сэн бол Улаанбаатарын одоогийн нөхцөл өдийд арай дээр байх нь гарцаагүй. Ядаж л төсвийн мөнгийг тооцоо, судалгаагүй ажилд хайр гамгүй үрдэг явдал багасаж, хэдхэн сар, жилийн настай “эрэмдэг” төсөл, хөтөлбөрийн тоо үлэмж буурна. Түгжрэл, утаа, орчны бохирдол гээд нийслэлчүүдийн толгойны өвчин болсон асуудал ингэтлээ ужгирч, дордохгүй байсан болов уу. Гэвч тэд энэ муухай жишгийг үеэс үед үргэлжлүүлж, амь бөхтэй нутагшуулан, төсвийн хөрөнгөөр “айл гэр”-дэж тоглосоор өдий хүрэв. Үүний хамгийн сүүлийн жишээ нь нийслэлд дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл болов.

Шадар сайд С.Амарсайхан хотыг удирдаж байхдаа буюу 2020 оны эхээр энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсноо албан ёсоор зарласан. Иргэд эл санаачилгад эхнээсээ ёозгүй, шүүмжлэлтэй хандсан ч хотын мээр болон түүний багийнхан “Боломжгүй, хийж чадахгүй хэмээн хойш суусаар байвал түгжрэлийн асуудлыг хэзээ ч шийдэхгүй. Энэ ажлыг зориглож эхлүүлэх хэрэгтэй” гэж олны хэл амыг үл ойшоон, тас зөрсөн. Ингээд төслийн санхүүжилтийг Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож байгаа зээл, тусламжаар шийдэхээр тогтсон нь Бүгд Найрамдах Франц Улстай хамтрах шалтгаан болсон юм. Тус улсын Засгийн газар 60.7 сая евро буюу 196.5 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, 40 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсний дагуу хоёр улсын албаны төлөөлөгчид 2020 оны тавдугаар сард санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Харин үүнээс хоёр сар орчмын дараа “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг байгуулсан байдаг.

Дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслийг үндсэн гүйцэтгэгчидтэй хамтран хэрэгжүүлэх, ажлын явц, үйл ажиллагаанд хяналт тавиулах зорилгоор тус газрыг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тухайн үед нийслэлийн Засаг даргын албан үүргийг орлон гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан энэхүү шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр танилцуулж, “Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөлд илүү хариуцлагатай хандаж, хяналт тавихын тулд энэ захиргааг зайлшгүй байгуулах шаардлагатай” гэж тайлбарлаж байв. Төслийн ажлыг урагшлуулахад үүн шиг хэрэгтэй, чухал газар үгүй гэж онцолсон. Гэтэл өнгөрсөн оны сүүлчээр, нийслэлийн төсөв батлахаас урьтаад тус газрыг татан буулгачихлаа. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид ингэж шийдвэрлэв. Тодруулбал, “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа”-г байгуулснаас хойш 1.5 жилийн дараа үйл ажиллагааг нь зогсоолоо.

Төслийн хэрэгжилтэд хяналт тавиулах хамгийн чухал нэгж (хотын удирдлага ийнхүү тодорхойлсон) бүхий байгууллагыг ямар шалтгааны улмаас татан буулгав гэдэг асуудал эрхгүй анхаарал татаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийнхнээс энэ талаар тодруулахад “Нарийн учир шалтгааныг нь мэдэхгүй. Үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргасан байх. Ашиглалтын өмнөх захиргааг татан буулгалаа гээд төсөл зогссон гэсэн үг биш. “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин тээврийн зам нэвтрүүлэх төсөл”-ийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн гүйцэтгэнэ” гэв.

Харин төслийг санаачлагч хотын дарга асан, Шадар сайд С.Амарсайхан тухайн шийдвэртэй уялдуулан “Дүүжин тээвэр нэвтрүүлэх төсөл зогсохгүй. Үйл ажиллагаа, явцыг нь эрчимжүүлэхэд Засгийн газар ач холбогдол өгч, ийм зохицуулалт хийсэн болов уу. Зарим чиглэлийг өөрчлөх юм шиг байна лээ. Цаашид нийслэлийн ЗДТГ, Сангийн яам хамтран тус төслийг хэрэгжүүлээд явна гэж ойлгож байгаа” гэж мэдээлэв. Харин нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрээр баталгаажсан төсөл учраас хэрэгжүүлэх нь тодорхой. Гэхдээ бэрхшээлтэй зүйл олон байна. Анхны зураг төсөлд тусгасан чиглэлийн дагуу газар чөлөөлөхөд хүндрэлтэй, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан гэдгийг Францын Элчин сайдад учирлахад “Танайх чинь яадаг улс вэ” гэж ихэд гайхаж, хүлээж авсан. Үнэнийг хэлэхэд тус улсын Элчин сайдтай маш хүнд, эвгүй нөхцөлд уулзсан” хэмээсэн юм.

Газар чөлөөлөх ажил урагшгүй байгаатай холбогдуулан шинэ чиглэл тогтоох судалгаа, зураглалыг дахин хийхээр болсон. Зөвхөн үүнд зориулж ирэх оны төсөвт 498 сая төгрөг тусгасан. Гэвч төслийн бэлтгэл шатны ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээ төсөөлснөөс өндөр байх талаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцсэн гэнэ. Эндээс үзэхэд, дүүжин тээврийн зам нэвтрүүлэх төсөл нэг, хоёроор тогтохгүй олон жилээр сунжирч, удааширч болзошгүй нь. Чиглэл тогтоох, түүнд үндэслэн зураг төсөл боловсруулах, газар чөлөөлөх гээд гүйцэтгэлийн өмнөх шатны ажил нь ахицгүй, зуун задгай байгаа учраас “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа”-г санхүүжүүлэхээс татгалзаж, татан буулгасан бололтой. Хэрэв төслийн тооцоо, судалгааг эхнээсээ чамбай хийж, энэ зэргийн эрсдэлийг үнэлсэн бол бид гадаадынхны өмнө ингэж нүүрээ улалзуулахгүй байв. Түүнчлэн хэрэгжүүлж эхлээгүй төслийнхөө хэрэгжилтэд хяналт тавих газрыг яаран сандран байгуулж, төсвийн хөрөнгөөр тоглохгүй байх боломжтой. Эндээс манай улстөрч, хотын удирдлагуудын аливаад хөнгөн хуумгай, сэтгэлийн хөөрлөөр ханддаг, ам, ажлын хол зөрүүтэй байдал тодоос тод харагдаж байна.

…Есөн хүнийг цалинжуулж, тав тухтай орчинд ажиллах нөхцөл боломжоор хангахад л хоёр жил хүрэхгүй хугацаанд хагас тэрбум орчим төгрөг зарцуулсан гэсэн үг. Харамсалтай нь, тус газрынхныг төсвийн хөрөнгөөр “тарвалзуулсныхаа” ач гавьяаг нийслэлчүүд ч, хотын захиргааныхан ч амссангүй. Төслийн ажил урагшлах нь байтугай барианаасаа ч хөдлөлгүй гурван он дамжлаа…

Саяхныг хүртэл хийх ажилгүй, хүлээлтийн байдалтай байсан “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа”-ныхан 1.5 жилийн хугацаанд нийслэлийн төсвөөс 480 орчим сая төгрөгийн санхүүжилт авчээ. Тодруулбал, тус газарт 2020 онд 65, 2021 онд 414.3 сая төгрөгийн санхүүжилт олгосон гэсэн баримт Сангийн яамны “Шилэн данс”-нд байна. Төсвийн зарцуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг харвал, нийт санхүүжилтийн 90 орчим хувийг цалин, урамшуулал, байр ашиглалтын зардал, эд хогшил, хангамжийн бараа материал буюу бичиг хэрэг, ном хэвлэл, интернэтийн төлбөрт зарцуулжээ. Есөн хүнийг цалинжуулж, тав тухтай орчинд ажиллах нөхцөл боломжоор хангахад л хоёр жил хүрэхгүй хугацаанд хагас тэрбум орчим төгрөг зарцуулсан гэсэн үг. Харамсалтай нь, тус газрынхныг төсвийн хөрөнгөөр “тарвалзуулсныхаа” ач гавьяаг нийслэлчүүд ч, хотын захиргааныхан ч амссангүй. Төслийн ажил урагшлах нь байтугай барианаасаа ч хөдлөлгүй гурван он дамжлаа.

“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин тээврийн зам нэвтрүүлэх төсөл”-ийн гүйцэтгэлийг энэ чиглэлд туршлагатай “Пома”, “Эжис рэйл” хэмээх Францын хоёр компани хариуцахаар болж, гэрээ байгуулсан. Ажлын урьдчилгаа болгож эдгээр компанид 22 тэрбум төгрөгийг 2020 оны наймдугаар сард шилжүүлсэн баримт “Шилэн данс”-нд мөн бий. Дэлгэрүүлбэл, “Пома”-д 16.2, “Эжис рэйл”-д 6.1 тэрбум төгрөг шилжүүлсэн. Тэгвэл энэхүү мөнгийг чухам юунд зарцуулсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тус компаниуд руу шилжүүлсэн 22 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаагүй. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Сангийн яамнаас шилжүүлэг хийж, данс хөтлөхдөө нийслэлд хамааруулж бичсэн” гэж дурджээ. Харин Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрынхан “Тодорхой шалтгаануудын улмаас төсөл удааширсан ч ажил нь гэрээ, хэлцлийн дагуу үргэлжилнэ. Хэлэлцээрийн дагуу 22 тэрбум төгрөг шилжүүлсэн. Гүйцэтгэгч компаниудын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, алдаа гаргасан зүйл байхгүй. Урьдчилгаа төлбөрийг зориулалт бусаар ашиглах боломжгүй” гэв. Төслийг гардан гүйцэтгэх хоёр компани татан буугдсан захиргааны нэгэн адил хүлээлтийн байдалтай байгаа, ажлын урьдчилгааг өөр зорилгоор ашиглаагүй, хэвээрээ буй гэдэг итгэхэд бэрх, “хачирхалтай” тайлбарыг албаныхан ийнхүү хэлж сууна. Үндсэндээ дүүжин тээврийн зам барих төсөлд 22.5 орчим тэрбум төгрөгийг хэдийн зарлагаджээ. Гэвч төсөл хэрэгжүүлэх чиглэл нь ч тодорхой болоогүй байгаа нь эмгэнэлтэй.

Зарим албан тушаалтан эл төсөл удаашрах болсон шалтгааныг цар тахлын нөхцөл байдалтай холбон тайлбарласаар буй. “Гадаадаас ирэх зөвлөх, мэргэжилтнүүд саатсан учраас ажил гацсан” гэсэн бэлэн тайлбар хэлдэг. Бодит байдлыг харвал, гадаадынхнаас бус, биднээс шалтгаалах хүчин зүйл олон байна. Адаглаад иргэдтэйгээ ойлголцож, газар чөлөөлөх ажлаа эрчимжүүлэх, хот төлөвлөлт, зохион байгуулалтын онцлогийг харгалзан чиглэлүүдийг оновчтой тодорхойлох хамгийн чухал, хариуцлагатай ажлыг нэг тийш нь болгох хэрэгтэй. Хийх хүнд арга, хийхгүйд нь шалтаг олддог гэдэг. Коронавирус тархахаас өмнөх цаг үед ч ийм байдлаар “алга болсон”, сураг тасарсан, бариандаа гацсан төсөл, хөтөлбөр өчнөөн байсныг сануулъя.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.