Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шугам, шувуу хоёрыг “эвлэрүүлэх” шийдэл

Байгаль орчны салбарт тулгамдсан, шийдлээ олон жил хүлээж буй, шувуу судлаач, ажиглагчдын санааг чилээсэн асуудал бол байгальд ээлгүй, аюулгүй байдлыг нь хангаагүй цахилгаан дамжуулах агаарын шугам. Судлаачид үүнийг шувууны эрлэг, оршуулгын газар гэх зэргээр нэрлэдэг. Монголын шувуу хамгаалах төвийнхөн өнгөрсөн жил өндөр хүчдэлийн шугам дагуух долоон км зам туулахад 161 жигүүртний сэг зэм олджээ. Тэр дунд идлэг шонхор, шилийн сар зэрэг манай орны экосистемийн гол төлөөлөгч болсон, ховор шувуу цөөнгүй байсан гэдэг. Эндээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам хүрээлэн буй орчин, тэр дундаа биологийн төрөл зүйлд хэр зэрэг халтай нь харагдаж байна. Өнгөрсөн жилүүдэд хэчнээн шувуу ийм байдлаар амь тавьсныг төсөөлөхөд бэрх.
Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах болон Монголын шувуу хамгаалах төвийнхөн сүүлийн жилүүдэд энэ асуудлыг ул суурьтай хөндөж, дуугарсаар ирсэн. Жигүүртэн олноор нутагладаг газрууд дахь цахилгааны шугамыг аюулгүй болгох шаардлагыг холбогдох байгууллагуудад жил бүр ёс юм шиг хүргүүлдэг ч өнөөдүүл нь авч хэлэлцдэггүй. Хариуг нь хэдэн сараар хүлээлгэсний дараа “Судалъя, зохих хүмүүст нь уламжилъя” хэмээн аргацаасаар, дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдөртэй золгосон. БОАЖЯ, ЭХЯ-ныхан хоорондоо “цаас шидэлцэж”, манай, танай хариуцах асуудал хэмээн талцах зуур тогонд цохиулж үхсэн шувууны тоо нэмэгдсээр, цахилгаан дамжуулах шугам дагуух хэсэг жигүүртний сэг зэм, өд сөдөнд дарагдсаар байгаа нь харамсалтай.

Шувуу судлаач, мэргэжилтнүүд өндөр хүчдэлийн шугамыг аюулгүй болгоё, хамгаалалтын байгууламж суурилуулъя гэж олон жил ярьсан. Гэхдээ энэ чиглэлээр хийсэн дорвитой судалгаа, дэвшүүлсэн шийдэл өнөө хэр нь байхгүй. Цахилгааны шугамын аюулгүй байдлыг хангах ямар аргууд байдаг, тэдгээрээс аль нь Монголд тохиромжтой, холбогдох стандарт, журамд энэ талаарх зохицуулалт бий, эсэх талаар тодорхой ойлголт, мэдээлэл ч дутмаг. Тэгвэл Монгол Улсын зөвлөх инженер Н.Намхай, инженер Н.Бат-Эрдэнэ нар эдгээр асуултын хариуг “олжээ”. Тэд хамтран “Цахилгаанаас жигүүртний аюулгүй байдлыг хангах зөвлөмж” боловсруулж, ном хэвлүүлсэн байна.

Инженер Н.Намхайг эрчим хүчний салбарынхан андахгүй. Москва хотын Эрчим хүчний дээд сургууль төгссөн, Улаанбаатар хотын Цахилгаан, шугам сүлжээний газарт 40 гаруй жил ажиллахдаа монтёроос захирлын албан тушаал хүртэл дэвшсэн түүний шувуу хамгаалалд анхаарах, зөвлөмж боловсруулах болсон шалтгаан хачирхалтай. Тэрбээр энэ тухай “Би олон жил шувууны үүртэй тэмцэлдсэн нүгэлтэй хүн. Олон шувууны үүрийг сүйдэлсэн. Цахилгаан дамжуулах шугамд гэмтэл, доголдол үүсэх вий гэж санаа зовж, ажлаа л сайн гүйцэтгэхэд анхаарч байснаас биш жигүүртнийг ер бодож байсангүй. Хожим үүндээ их харамссан.

Шугам, шувуу хоёр байнга зөрчилдөж байдаг. Цахилгаан дамжуулах агаарын шугам бол олон айл, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр хангадаг чухал байгууламж. Гэтэл шувуу үүнтэй их ойр амьдардаг. Утсан дээр нь сууна. Тулгуур багана дээр нь үүрлэнэ. Сангасаа дусаана. Үүрээ засах зорилгоор мод, төмөр, үс, ноос зэрэг янз бүрийн зүйл авчирч, тавина. Ингэхдээ цахилгааны шугамд гэмтэл, доголдол учруулдаг. Ерөөс шувуу өндөрт байхдаа тав тух, аюулгүй байдлыг мэдэрдэг учраас агаарын шугамын тулгуурыг суурьшин амьдрах газраа болгож, тэндээсээ алсыг ажиглан, идэш тэжээлээ ангуучилдаг.

Ийм байлаа гээд шувуудыг ад шоо үзэж болохгүй. Биднийг бага залууд шувуу хамгаалах арга хэмжээ төдийлөн авдаггүй байв. Харин цахилгааны шугам, тоноглолоо хамгаалдаг байсан. Одоо цаг үе өөр болсон. Шугам, шувуу хоёроо давхар хамгаалдаг жишиг тогтоосон. Өндөр хүчдэлээс шувууг хамгаалах зорилготой инновацын бүтээгдэхүүнийг дэлхий нийт өргөнөөр ашиглаж, нэвтрүүлж байна. Тэр туршлагуудаас хуваалцах, энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, залуу насныхаа алдааг жаахан ч атугай цайруулах үүднээс зөвлөмж бүхий ном бичсэн” хэмээн ярьсан юм.

Дэлхийн олон орон эрчим хүчний байгууламжаас жигүүртнийг хамгаалах хууль, гэрээ, тунхаг, стандарт, журам боловсруулан, баталж, дагаж мөрдөн, хэрэгжилтэд нь хяналт тавьж буй талаар инженерүүд онцоллоо. Зарим улсад аюулгүй байдлыг нь хангаагүй цахилгаан тоноглол ашиглахыг хуулиар хориглодог юм байна. Шувууд ийм золгүй байдлаар эндсэн тохиолдолд тухайн хэсгийн шугам, дэд станцыг хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцож, хохирлыг нөхөн төлүүлдэг жишиг хүртэл бий аж. Гэтэл манай улсад энэ чиглэлийн эрх зүйн акт огт байдаггүй гэнэ. Цахилгаанд цохиулж үхсэн шувуудаа тоолохоос өөр “ажил” хийж чадалгүй өдий хүрсний гол шалтгаан нь энэ.

Монгол Улс эрчим хүчний салбарт өдгөө “Цахилгаан техникийн байгууламжийн дүрэм”, “Цахилгаан станц ба шугам сүлжээний техник ашиглалтын дүрэм” зэрэг техникийн норматив албан бичгийг мөрдөж байна. Хойд хөршөөс нутагшуулсан эдгээр дүрмийг олон жил ашиглажээ. Оросууд байгаль орчны салбарт тулгамдсан энэ асуудлыг шийдэхийн тулд эл дүрэмд “цахилгаан дамжуулах агаарын шугам ба шувууны харилцан үйлчлэлийн сөрөг үр дагавраас хамгаалах арга хэмжээ” гэсэн хэсгийг сүүлд нэмж, оруулжээ. Тухайлбал, том оврын шувуудын суурьшлын бүс дэх төмөр бетон тулгуурын дээд амсрын хоосон хөндийг битүүмжлэн хаана, 35-220 кВ-ын агаарын шугамын тулгуур траверсны дээр болон ган татлагын тулаас бүхий бэхэлгээнд жигүүртэн суух, үүрлэхийг хязгаарласан хаалт суурилуулна гэх зэргээр олон, нарийн зохицуулалтыг тусгажээ. Харамсалтай нь, монголчууд энэ шинэ заалтуудыг тусгаж, дүрмээ шинэчлээгүй аж.

“Та судалж, мэдсэн зүйлээ, боловсруулсан зөвлөмжөө холбогдох албаны хүмүүстэй хуваалцсан уу. Санал, шийдэл хүргүүлж байв уу” хэмээн зөвлөх инженер Н.Намхайгаас асуухад “Олон жил ажилласан салбарынхаа талаар муу үг унагахыг хүсэхгүй байна. Гэхдээ ЭХЯ энэ асуудлыг шийдвэрлүүлэх талаас нь шахалт үзүүлээсэй. Шахалт бол дарамт биш, асуудлыг шийдүүлэх түлхэц. БОАЖЯ цахилгаан дамжуулах агаарын шугамаас жигүүртнийг хамгаалах, техникийн шинэчлэл хийх ажлыг даруй зохион байгуулах хэрэгтэй. Шувуу олноор цугладаг, тархац нутаг бүхий газруудыг судалж тогтоон, тэндээс ажлаа эхлүүлбэл зохилтой” гэсэн юм.

Цахилгаан дамжуулах агаарын шугамыг аюулгүй болгох олон арга бий. Зарим оронд ийм зориулалттай байгууламж, тоноглолыг инновацын бүтээгдэхүүний хэмжээнд хөгжүүлж, үйлдвэрлэж эхэлжээ. Дэлхийн улсууд газар нутгийн онцлог, үйлдвэрлэл, эдийн засгийн чадамж зэргээс шалтгаалаад эдгээрээс аль тохиромжтойг нь нутагшуулдаг аж. Тухайлбал, германчууд агаарын шугамын утсанд Х хэлбэрийн чагтан хөндлөвч, тулгуур дээр нь акустик систем (дуу чимээгээр цочоож, үргээх зориулалттай) суурилуулж, шувуу суух, үүрлэхээс сэргийлдэг. Түүнчлэн цахилгааны шугамтай шувуу мөргөлдөх эрсдэлээс сэргийлэхийн тулд тод өнгийн шошго наадаг юм байна. АНУ-д тулгуурын хөндлөвч дээр цацраг хэлбэртэй хуванцар саваанууд байрлуулдаг. Олон ширхэг, сараалжин хуванцраас жигүүртнүүд халгадаг учраас үүрлэх нь байтугай ойртдоггүй гэнэ. ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг репеллент хэмээх аргаар хамгаалах нь түгээмэл. Тулгуур баганын оройд суурилуулсан антенн соронзон орны нөлөөгөөр цахилгаан гүйдэл үүсгэж, шувуу дамжуулагч утсанд шүргэх төдийд л үл мэдэг “цочроо” өгч, айлгадаг гэнэ. Зохиомлоор гүйдэлд цохиулж, үргээдэг гэсэн үг.

Инженер Н.Намсрай, Н.Бат-Эрдэнэ нар шувууг цахилгаанаас хамгаалах энэ мэт олон аргыг зөвлөмждөө тусгажээ. Эдгээрээс хамгийн түгээмэл ашигладаг, Монголд нутагшуулахад нэн тохиромжтой нь цахилгаан дамжуулах шугамын утсыг тусгай материалаар бүрэх, шувуу үргээгч суурилуулах, жигүүртэн үүрлэх боломжтой газруудад тусгай тавцан байгуулах аж. Эдгээр аргыг хэрхэн нэвтрүүлэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Цахилгаанаас жигүүртний аюулгүй байдлыг хангах зөвлөмж”-д нэгбүрчлэн бичсэнээс гадна шувуу хамгаалах ажлыг зохион байгуулах, төлөвлөгөө, стратеги боловсруулах аргачлалыг тусгажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Шугам, шувуу хоёрыг “эвлэрүүлэх” шийдэл