Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эх барих эмч нарынхаа ёс зүйд анхааръя”

Амаржих эхийг элдвээр доромжлох, загнах зэргээр сэтгэл зүйн дарамт учруулах, улмаар биед нь халдах болон хярзан сэтлэх, Кесарево хагалгаа зэрэг мэс ажиллаврыг зөвшөөрөлгүйгээр хийх нь хүчирхийлэл мөн гэдгийг НҮБ дэх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх тусгай илтгэгч Рийм Алсалем өнгөрсөн оны арванхоёрдугаар сард монголчуудад сануулсан билээ. Төрөх үеийн хүчирхийлэл хэмээн олон улсад тодорхойлдог эл үзэгдэл Монголд газар авсан тул онцгой анхаарал хандуулж, арга хэмжээ авахыг тэрбээр бодлого боловсруулагчдад зөвлөсөн юм. Харамсалтай нь, манай улсын холбогдох албаныхан, төрийн болон төрийн бус байгууллагынхан, тэр тусмаа эрүүл мэндийн салбарынхан үүнийг асуудал хэмээн тоосонгүй. Хүний эрхийн үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн үндэсний хороо, “Монголын эмнести интернэшнл” зэрэг хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагынхан ч энэ талаар судалгаа хийж, мэдээлэл цуглуулж байсангүй. Эрүүл мэндийн яамнаасаа авхуулаад эмч нар хүртэл үүнийг хүчирхийлэл гэдэгтэй санал нийлэхгүй байна. Харин амаржсан эхчүүд ийм асуудал хаа сайгүй, байнга гардаг, ялангуяа улсын эмнэлгүүдэд хэвийн үзэгдэл болсон, хүчирхийлэл биш гэж үзэхээс ч аргагүйд хүртэл даамжирсан гэдэгтэй санал нэгдэж буй. Мөн ээж болсон монгол эмэгтэйчүүдийн олонход нь ийм муу түүх байдгийг илчилж, ярьсаар өдий хүрэв. Тиймээс холбогдох албаныхан төрөх үеийн хүчирхийлэлд анхаарал хандуулж, арга хэмжээ авах хүртэл “Өнөөдөр” сонин уг сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно.

Манай сонины өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22- ны дугаарт нийтлэгдэж, unuudur.mn цахим хуудас, нийгмийн сүлжээнд байршуулсан “Хүлээн зөвшөөрдөггүй хүчирхийлэл буюу төрөх үеийн дарамт” нийтлэлийн сэтгэгдэл үлдээх хэсэгт хэдэн зуун иргэн энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Иргэдийн олонх нь ийм хүчирхийлэл байнга гардгийг, тэгсэн хэрнээ хэн ч тоодоггүйг онцолсон байлаа. Бас олон ээжийг эмзэглүүлсэн, тэдний өөрсдийнх нь болон хүүхдийнх нь эрүүл мэндэд ч хохирол учруулсан эл асуудлыг иргэдийн хэн нь ч огт сөхдөггүй, үргэлж хаалттай үлдээдгийг дурджээ. Гол шалтгаан нь “Эх, үр эсэн мэнд үлдсэн л бол бусад асуудал нь яах вэ” хэмээх бодол, сэтгэхүй аж.

Ээжүүд төрөх үеийн хүчирхийлэлд хэрхэн өртөж, яаж даван туулж байсан талаараа манай нийтлэлийн хүрээнд сэтгэгдэл үлдээхийн зэрэгцээ олон нийтэд дуу хоолойгоо хүргэж, эл асуудлыг арилгахын төлөө зүтгэхийг уриалсан байна. Гадаадын орнуудад, манайд бол хувийн хэвшлийн зарим эмнэлэгт ээжүүд ямар нэгэн дарамтгүй орчинд амаржиж болдог. Харин улсын эмнэлэгт маш их дарамт, хүчирхийлэл байдаг учраас зарим хүн айж, түүнээсээ болж гэртээ амаржсан тохиолдол ч бий аж. Өдгөө Орхон аймагт оршин сууж буй нэгэн ээж 2014 онд анхны хүүхдээ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрүүлжээ. Тэрбээр эмч нарын хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны дарамтад орж, ихэд хямарсан байна. Ингээд дараагийн удаа буюу 2017 онд төрөхдөө эмнэлэгт очихоос халширч, ихэд айдастай байсан гэнэ. Үүнээс болж эмчид хандаж чадахгүй явсаар гэртээ амаржиж, төрснийхөө дараа түргэн тусламжаар эмнэлэгт очиж байжээ. Хүнийг ийм байдалд хүртэл нь хүчирхийлдэг гэхээр нөхцөл байдал хэрхэн хүндэрснийг ойлгож болох биз ээ. “Хүлээн зөвшөөрдөггүй хүчирхийлэл буюу төрөх үеийн дарамт” нийтлэлтэй холбоотойгоор иргэдийн бичсэн зарим сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна.

  • Т. Өлзий: -Эмч нар муухай ааштай, хүнд сурталтай, гар харна, хайхрамжгүй. “Хүний өмнөөс төрж байгаа юм уу. Юундаа баашлаад байгаа юм” гэх бол юу ч биш. Хэл амаар доромжилно. Дахиж төрж чичлүүлж байснаас төрөөгүй нь дээр.
  • Б. Хонгорзул: -Хурдан төрүүлэх гээд гэдсэн дээр хоёр хүн зүүгдэж дарсан. Төрснийхөө дараа хартал бүр цус хурчихсан байж билээ, аймаар.
  • Да Ва Ка: -Төрнө, жирэмсэлнэ гээд гэр бүл бөөн аз жаргал, баяр хөөр болдог ч эмнэлэг гэдэг газраас халширдаг шүү. Төрөх үед бол мал шиг. Малчид ч малаа тэгж хаядаггүй байх. Хамаг юм хайчлаад, урж тасдаад, хүүхэд гаргачихна. Бас хүүхдийг татаж гаргана. Гаргах явцдаа “Хүүхдийн чинь гар, хөл эвгүй байрлалтай байсан. Бид нар буруугүй шүү” гэдэг.
  • Анударь: -Хүүхдийг хүчээр татаад, эхийн аарцаг задарч, хүүхдийн мөр мултарсан хэрэг хүртэл гарсан. Харин хэн ч хариуцлага хүлээдэггүй нь сонин.
  • Иргэн: -Энэ бол үнэн. Би эмнэлэгт ирээд, маш их өвдөж байсан. Гэтэл өвдөөгүй байгаа охинд анхаараад, намайг хаячихсан. Гуйн байж төрөх орон дээр гараад үхтлээ загнуулсан. Хөөгдөж орноосоо буугаад хүйтэн шалан дээр уйлаад мөлхөх үед “Ингэж байхаар үхээч” гэж хэлдэг эх баригч эмч нэгдүгээр төрөх (“Өргөө” амаржих газар)-д байдаг. Төрсний дараа хүүхдийг минь амлуулж өгөөгүй, “Ээлж солигдоно” гээд хаячихсан. Гарах гэхээр гаргахгүй. Төрсний дараах тасгийн эмэгтэйчүүдийн эмч “Ядаргаатай юмнууд” гэхчлэн доромжлоод гаргадаггүй. Нус, нулимсаа гоожуулсан, ядарсан, гарахын мөрөөсөл болсон ээж нар эргэлт хараад л сууж байдаг. “Гарах хүний тоонд багтсан болов уу” гэж асуухад сувилагч хүүхэн картыг минь над руу шидсэн. Би тэд нарт төвөг удахгүй гэж байдгаараа соёлтой харилцаж байхад дээрэлхэж болно гэж бодсон юм шиг байна лээ. Өөрсдөө энэ мэргэжлийг сонгож, амин зуулгаа болгочихоод хүчээр ажиллаж байгаа юм шиг аашилдгаа боль.
  • Иргэн: -Төрөх эмнэлэгт таних хүнгүй бол үхсэнтэй адил. Төрөх үед эхийг чимхэх, алгадах, загнах зэрэг бол хэвийн үзэгдэл. Энэ тал дээр холбогдох газрууд анхаарна уу
  • Б.Алтай Б.Алтай: Хөвсгөлд гэлтгүй нэгдүгээр төрөхийн эмч нар хүртэл тийм юм билээ. Дахиад төрөөд хэрэггүй ч гэх шиг. Ямар тэд нараар тэжээлгэх гэж байгаа биш. Тэгээд бас өөрөө төрж чадах эмэгтэйд ч Кесарево хагалгаа хийх гээд улайрдаг юм билээ. Төр, засаг гэж байдаг бол эмч нарынхаа ёс зүйд анхаарал хандуулъя.
  • Solongo Tsevegmid: -Энэ талаар хожуу ч гэсэн ярьж, анхаарч эхэлж байгаа нь сайн хэрэг. Хүчирхийлэлд өртсөнөө мэддэггүй эмэгтэйчүүд олон байдаг. Танил эгч минь дээхнэ үед Монголд анхныхаа хүүхдийг төрүүлэх үед эх баригч эмч гуя руу нь алгадаад “Юундаа маяглаад байгаа юм. Юугаа хийж 30 гартлаа хүүхэд төрүүлээгүй явсан юм бэ” гэж загнасан тухай сонсоод нүд бүлтрэх шахаж билээ.
  • Unenbat Tumurochir: -Мөнгө өгвөл арай зөөлөн, зөв төрүүлж өгнө шүү. Хүүхдээ, биеэ хамгаалж үлдэхийн тулд хэдэн төгрөгөөр авлигадсан нь дээр.
  • Ч. Чулуунцэцэг: -Хүнээс зөвшөөрөл авч байж л төрөх ёстой юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Ер нь жирэмсэлснээс төрөх хүртэл хүмүүсийн үг, үйлдэл, хэл яриа нь эмчээс авхуулаад хамаатан садан хүртэл сэтгэлд сэв суулгадаг. Үүнээс болж амархан хямардаг юм билээ.
  • Э. Янжмаа: -Төрөх гээд өвдөхөд загнаж зандрахаар айгаад чимээгүй болдог юм байна лээ. Өвдөөд ямар ч үйлдэл хийж чадахгүй байхад туслах биш, эсрэгээрээ өөрөө хий гэж загнадаг хандлага нь огт таалагдаагүй.
  • Ариунчимэг Гомбосүрэн: -Энэ сэдвийг хөндөж ярих цаг иржээ. Алийн болгон хаалттай, нүднээс далд байлгах вэ. Төрөх ээж нар өвдөж шаналахдаа ямар их дарамт, доромжлол давхар амсдагийг хөндлөнгөөс хараад өрөвдөж, сэтгэл хөндүүрлэж байсан.
  • Law Lawer: -Энэ хүчирхийлэл энгийн мэт харагдах болсон. Үүнээс болж олон монгол хүүхэд насаараа тахир дутуу болсон байдаг. Эх баригч эмч ямар ч хариуцлага хүлээхгүй. Маш олон жишээ бий. Найзын минь хүүхдийг төрсний дараа унагаасан. Түүнийгээ хэлэлгүй нууснаас болж одоо хүүхэд нь дүлий, үүнээс улбаалж хэлгүй болсон байдаг. Эмч нар загнаж байгаад, цаг нь болоогүй байхад тариа хийж төрүүлсэн жишээ зөндөө шүү дээ. Үүнийг үнэхээр анхааралдаа авах цаг болсон.
  • Urnaa Uka: -Загнахгүй бол болдоггүй, хүүхэд нь бүтнэ гэх. Гадаадад загнаж, зодохгүйгээр эрүүл саруул төрүүлээд л байдаг. Тэгэхээр эмч, сувилагч нар л өөрчлөгдөх ёстой.
  • Tungaa Tungaa: -Төрөх гээдөвдөөд очиход “Цайны цагаар ирлээ” гэж загнуулж байлаа.
  • Хохирсон ээж: -2007 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Дутуу тээлт судлалын тасагт очсон. Анхны төрөлт байсан юм. Хүлээн авахын үзлэгийн орон дээр үзлэг хийлгэж байхад ургийн ус цүл цүл гээд л гоожоод байлаа. Өрөө хуваарилж өгсний дагуу ортол надтай адилхан ус нь гарсан ээж ирсэн байв. Түүний нөхөр нь эмч, сувилагч нарт нь “BBQ chicken” өгөөд л байсан. Тэгээд тэр ээж төрөх тасаг руу явж, би гэж хүн өрөөндөө үлдсэн. Эмч нарыг хүлээсэн ч сураггүй. Ургийн зүрхний цохилт хэмжчихээд л таг чиг болсон. Ус гарах нь багасаж, эмнэлэгт ирснээс хойших гурав дахь хоногтоо төрсөн. Гэтэл хүүхэд минь архаг бүтэлттэй, уйлаагүй, 2.65 кг жинтэй байсан. Гурван жилийн дараа охин минь гэнэт хашхирах, инээх шинж тэмдэгтэй болсон. Мэдрэлийн сайн гэх эмч нарт үзүүлтэл эпилепситэй болж, төрөх үедээ цус харвасныг тогтоосон. Харвалт нь сэтгэл мэдрэлд нь нөлөөлсөн байна гэсэн. Би ЭХЭМҮТ-ийн төрөхийн эмч нарт үнэхээр дургүй. Хүүхэд минь одоо сэтгэцийн өвчтэй болж, хүмүүст ад үзэгддэг. Дандаа болчимгүй, гэнэтийн, хүнд хортой үйлдэл үзүүлэх гээд байдаг. Эмч нар гар харалгүйгээр намайг эрт төрүүлсэн бол хүүхэд минь эрүүл саруул өсөх байсан. Төрж байхад эмч нар загнаж, уурласан. Түүнээс нь сүрдээд 23 настай, ядуу, дөнгөж сургуулиа төгссөн оюутан юу ч хэлээгүй. Би их гомдолтой байдаг.

Бэлтгэсэн М.Оч

2
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.