Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын сүүлчийн хааны ордны зураач Марзан Шарав

10 гаруй жилийн хугацаанд хийсэн судалгааныхаа үр дүнг эмхэтгэсэн энэхүү нийтлэлийг их мастер Марзан хочит Б.Шаравын мэндэлсний 152 жилийн ойн өдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 27-нд бичиж, энэ өдөр “Өнөөдөр” сонинд нийтлүүлэн уншигч олны хүртээл болгож буйдаа талархмой.

Балдуугийн Шарав (1869-1939) буюу олондоо Марзан Шарав нэрээр алдаршсан Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач, соён гэгээрүүлэгч эрхэм 1869 оны өвөл Засагт хан аймаг, одоогийн Говь-Алтайн Тайшир сумын Цагаан давааны өвөлжөө гэдэг газарт малчин эмэгтэй Норжингийн гэрт мэндэлжээ. Хүүгийнх нь эцэг тодорхойгүй байсан тул Норжин бүсгүй өөрийнхөө ээжийн аав буюу өвөг эцэг Балдуугаараа овоглуулсан аж.

Ээж нь Шаравыг бага насанд нь эрдэм номтой лам болгохоор нагац ах Гүний Жамцанд (1826-1901) шавь оруулсан нь чухам хувь ерөөл болжээ. Лам багш нь барималч, лавчин, сийлбэрч, бурхан урладаг байсан тул угаас лам хувраг болох чин хүсэлгүй хүүгийн хувьд зураач болох гараа нь ингэж эхэллээ.

Алиа марзан гэхээсээ илүү зожигдуу зантай, тун хөдөлмөрч, шаргуу Шарав эмэгтэй хүнтэй хайр сэтгэлийн холбоотой байсан талаар түүхэнд тэмдэглээгүй байна. Тэрбээр насан туршдаа ганц бие амьдралыг туулж, өвгөн буурал болж 70 гаруй насандаа хэлмэгдүүлэлтэд өртөн 1930-аад онд байцаалт, шүүлт, тарчлаан тамлалтыг амсан, зовж зүдэрсээр ертөнцийн мөнх бусыг үзсэн эмгэнэлт хувь заяатай агуу уран бүтээлч юм. Өөрийн гэсэн үр хүүхэд үгүй, хувийн амьдралынх нь талаар мэдээлэл тун хомс байдаг ч түүний хойч үедээ үлдээсэн гайхамшигт уран бүтээлүүд нь Марзан Шаравыг хэзээ ч мартагдахааргүй мөнх оршоож байна.

Манжийн дарлалын үед идэр залуухан Шарав феодал ноёд, лам нарын хуурмаг, шуналтай, буруу булхай явдлыг мэдэрч, тэдний үнэн дүр төрхийг тэвчилгүй шог зургаар шүүмжлэн илэрхийлдгээс үүдэн хавчигдан гадуурхагдаж улмаар багштайгаа ч таарч тохирохоо больж нутаг усандаа ч тогтох боломжгүй болсноор замын нүүдэлчдийг даган жин тээж, мал туун явсаар 22 насандаа Их Хүрээнд иржээ. Олноо өргөгдсөн Монгол Улсын шашин төрийн тэргүүн VIII Богд хаан Жавзундамба (1869-1924) залуу зураач Шаравын авьяас билгийн талаар үлгэр домог мэт яриаг Засагт хан Содномравдан (1867-1912), мөн тэр үед Монгол нутгаар аялж явсан Оросын эрдэмтэн Г.Н.Потанин (1835-1920) нараас хэдийн сонссон, зарим нэгэн уран бүтээлийг нь өглөг барьц болгон аваад өөрөө түүнийг бишрэн явсан цаг байжээ. VIII Богд хаан зураач Шаравтай нас чацуу тул шинэчлэгч, өөрчлөх үзлийг нь дэмжин, авьяас билгийг нь бишрэн сайшааж улмаар уран бүтээлээ хийх бүхий л боломжоор хангаж хааны ордны зураач болгов.

Оросын II Николай (1868-1918) хааны бэлэглэсэн зураг, төслийн дагуу өвлийн ордноо бариулах ажил эхлүүлсэн Богд Жавзундамба шинэ өргөөндөө зориулж том хэмжээтэй бүтээлүүдийн захиалгыг Шаравт өгсөн аж. Тухайн үед хааны ордны тэргүүн зураач, ордны бүх уран бүтээлчийн даамал байсан Шарав залуу урчуудыг цуглуулан, шалгаруулж, хэлэлцэн тохирсноор тэд Монгол орны өнцөг булан бүр лүү бадарчилж, аян замдаа үзэж харсан зүйлсээ тэмдэглэн, зурж ирэхээр тогтжээ. Эдгээр аяллын тэмдэглэлийг их мастер Б.Шарав өөрөө эмхтгэж “Зун”, “Намар”, “Богд хааны зуны ордон”, “Богд хааны өвлийн ордон” цуврал бүтээлээ туурвисан нь тэр цагаас одоог хүртэл “Монголын нэг өдөр” гэдгээр ард түмний дунд алдаршсан юм.

“Монголын нэг өдөр” зургуудыг сэдвийн хувьд хөдөө нутгийн уламжлалт болон суурин соёлын шинэ амьдрал, шашин шүтлэгтэй холбоотой зан үйл хийгээд нүүдэлчин соёл, энгийн хүмүүний амьдралын өдөр тутмын үйл явдал гэдгээр нь хуваан авч үзэж болно. Богд хааны зун, өвлийн ордон түүний эргэн тойронд болж байгаа үйл явдлаар Их Хүрээний амьдралыг ёстой л дотор нь орсон мэт харах боломжтой. “Зун”, “Намар” зургуудад улирлын чанартай ээлжлэн давтагддаг ахуй, зан үйлийн үйл явцыг голчлон харуулахыг зорьжээ. Дэлгэр сайхан цагт хахир өвөл, хатуу хаврын улиралдаа бэлдэж, мал сүргээ тарга хүч авхуулах, нутаг бэлчээрээ сонгох, хадлан, тариалан, түлээ түлш бэлдэх нүсэр их ажил өрнөнө. Энэ зургуудыг үзэж байхад аргалын утаа үнэртэж, хүмүүсийн яриа хөөрөө, дуу чимээ, тэр ч бүү хэл шивэр авир гэх шивнээ нь хүртэл сонсогдох шиг үйл явдалд нь өөрийн эрхгүй биеэрээ оролцож буй мэт сэтгэгдэл төрүүлдэг гайхмаар сүнслэг туурвил юм. Зураг үзэж байгаа боловч кино үзэж буй мэт мэдрэмж төрмой.

Бэр буулгах ёс, ураг холбох ёс, бүсгүйг богтлох ёс, эсгий хийх ёс, уул, овоо тахих ёс, оршуулгын зан үйл, бөө мөргөл, ан ав хийх ёс, мал тамгалах ёс, цагаан идээ бэлтгэх ёс, ингэ саах, үлгэр тууль хайлах ёс, сур элдэх ёс, гүүний үрс гаргах ёс, мал хөнгөлөх ёс, ноос савах ёс, тэмээ зогдорлох, эх барих ёс, эмнэг сургах ёс, хонь гаргах ёс, гэр барих ёс, есөн цацал өргөх ёс, ноёд түшмэдийг үдэх ёс, мандал шива өргөх ёс гэх мэтчилэн тусгай уламжлалт дүрэм, журмын дагуу үйлддэг ёс заншлууд болон энгийн амьдралд тохиолддог үйл явдлууд болох гал, түймрийн аюул, самар түүх, усанд сэлэх, аргал түлээ түүх, оторт гарах, хадлан хадах, Өлзийхүү босгох, мод бэлдэх, угаалга, цэвэрлэгээ үйлдэх, бух мөргөлдөх, сал тавьж ус гатлах, заан хариулах, буга, гөрөөс тэжээх оролдлого, шувуу тэжээх, ямаан тэрэг туух, худалдаа наймаа эрхлэх, наадам цэнгээн, найрын дуучид, согтуурхаж хөлчүүрхсэн хүнийг эсгийнд боож шийтгэхүй, сун тусах, нанчилдаан, хөгжим тоглох, үүлэн борооны ажил, айргийн баяр, бадарчлах, бандидах, балин тавих, хов явган яриа, араар тавих, хардалт, болзоо, хурдан морины уяа, торгон цэрэг, морь, морин тэрэг, дугуйгаар явж буй хүмүүс гэх мэт маш олон үйл явдал, түүний явцыг эндээс харж шинжилж болно. Тэр цагт энэ бүтээлүүд Богд хааны сэтгэлд ихэд таалагдаж, Шаравт “Марзан” хэмээх хоч хайрлажээ.

Хүмүүс “Монголын нэг өдөр” хэмээх ганц л бүтээл бий гэсэн буруу ойлголттой байдаг. Анхнаасаа энэ бүтээл “Монголын нэг өдөр” нэртэй байгаагүйг онцлон тэмдэглэх ёстой. Шүтээн зургийн арга барилаар төрсөн “Ногоон дарь эх” бүтээл нь барууны хөрөг зураг зурах арга барилын нөлөөг тусгасан өөрийн онцлогтой бөгөөд улмаар Богд Жавзундамба хутагт, улсын эх хатан Дондогдулам нарын хөргийг энэхүү донжоор бүтээсэн нь одоогоор Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.

Богд хааны зураач байсан Шарав Ардын хувьсгалд оролцож, шинэ төр, засаг байгуулахад өөрийн эрдэм оюун, авьяас билгээ зориулсан юм. Барлах хэвлэх ухааныг сайтар эзэмшсэн тэрбээр Монгол Улсын Хэвлэх үйлдвэрийг үүсгэн байгуулалцаж, 1921 онд “Уриа” сонины тэргүүн дугаарын чимэг, зургийг бүтээсэн. Улмаар Ардын хувьсгалын удирдагч, бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын (1893-1923) захиалга, даалгавраар Октябрийн хувьсгалын удирдагч, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын анхны тэргүүн Владимир Ильич Лениний (1870-1924) хөргийг илүү чөлөөт сэтгэлгээтэй боловч уламжлал шүтээн зургийн өнгө аяс, бэлгэдэл утга зохиомж тигийг шингээж зурсан. Гэрэл зургаас эх авч зурсан түүхэн баримтат энэ бүтээлийн зохиомж нь дэлхийн бөмбөрцгийн өмнө орших Ленин багш, гүн хөх тэнгэрийн суурь өнгө, бадамлянхуа цэцгийн дэвсгэр мөн баруун зүүн талд орших бэлгэ тэмдгийн шинж мэт хоёр улаан тугийг үзэхэд бурхны зураг санагдмой.

Энэ бүтээлийн талаар хожим нь 1968 онд найруулагч Д.Жигжидийн (1919-1989) хийсэн “Өглөө” кинонд түүхэн баримтад тулгуурлан гардгийг бид мэднэ. 1922 онд шороон будгаар бүтээсэн, өдгөө Монголын уран зургийн галерейд дүрслэх урлагийн хосгүй үнэт өв болон хадгалагдах энэхүү “В.И.Лениний хөрөг” хэмээх бүтээл нь Монголын орчин үеийн хамгийн анхны, бидний хэлж заншсанаар “уран зураг” болой. 1950-1960-аад оноос эхтэй монгол зураг болон уран зураг хэмээн оноосон буруу нэр томьёонууд уран бүтээлч төдийгүй энгийн хүмүүсийн ойлголтод тэр чигээрээ үлдэж монгол зураг гэсэн нэр томьёонд зөвхөн уламжлалт хэлбэрийн арга барилаар усан болон шороон будгаар зурсан бүтээлүүдийг, харин уран зураг гэдэгт нь тосон будгийн, уламжлалт хийгээд чөлөөт хэлбэрийн уран бүтээлийг хамааруулан үздэг хуучинсаг, буруу ойлголтоосоо одоо салж зураг, эсвэл урлаг гэдгээр нь хандан ямар нэгэн зүйлд баригдахгүй, хамааралгүй байдлаар ойлгох шаардлага бий болжээ. Эндээс асуулт ургаж байна. Монгол зураг уран биш үү? Уран зураг монгол биш үү? Монголын уран бүтээлчдийг төлөөлдөг, олонх уран бүтээлчийг гишүүнчлэн авсан, албан ёсны мэргэжлийн байгууллага болох Монголын урчуудын эвлэл (МУЭ) энэ тал дээр хойшид анхаарвал зохилтой.

Б.Шарав зураг зурж эхэлсэн цагаасаа XIX зууны сүүл XX зууны эхэн үеийн монгол ахуй, ёс заншил, угсаатан зүй, зан үйл, аж ахуйн дүр төрхийг бодитоор, амьдралд ойрхон хүүрнэх хэлбэрээр дүрслэхийг чухалчлан үзэж бүтээлээ туурвидаг байснаараа түүхийн үнэнийг одоо цагт баримтжуулж, соёлын үнэ цэнтэй өвийг Монголын урлагт үлдээснээрээ онцлогтой. Түүний бүтээлийг урлаг судлалын талаас нь авч үзэхээс гадна түүх, угсаатан зүй болон шинжлэх ухааны түвшинд судлах бүрэн боломжтой.

Б.Шарав нь Ардын засаг ялахын өмнөх үеүдэд зарим нэг бусармаг байдалт ноёдыг элэглэн шүүмжилсэн олон арван хошин зураг зурж түүнчлэн Ардын хувьсгалын үед туг дарцаг, суртал ухуулгын зорилгоор зураасан зураг, модон болон төмөр, чулуун барын аргаар хийсэн хошин шог цуврал бүтээлүүд, сонин болон номын зургууд туурвижээ. Хэвлэх үйлдвэрийг үүсгэн байгуулалцаж, ерөнхий зураачаар 20 гаруй жил ажиллахдаа төрийн онцгой хамгаалалтад байдаг өндөр нууцлалтай албан бичиг баримт, Улсын банкны баталгаат бичиг, мөнгөн тэмдэгтийн загварыг гаргах хариуцлагатай ажилд томилогдон, оролцож, мөн “Элдэв-Очир” нэртэй Монгол Улсын шуудангийн анхны маркийг урласан нь 1924 оны долдугаар сарын 1-нд хэрэглээнд гарсан түүхтэй.

Б.Шарав монгол зураг, шүтээн зураг буюу бурхны зургаар нарийн мэргэшин их мастер болох тэр цагт шашин шүтлэгээс гадуур нүүдэлчин соёл, энгийн хүмүүний өдөр тутмын амьдрал, аж байдлын талаар уран бүтээлдээ тусгадаг байсан нь тухайн үедээ маш шинэлэг, анхдагч, сонин содон байжээ. Учир нь тэр үеийн монголчуудын дүрслэх урлагийг шашин шүтлэгээс салгаж авч үзэх боломжгүй байсан юм.

Монголын дүрслэх урлагт оруулсан тод томруун хувь нэмрийг нь дурдвал, уран зургийн уламжлалт арга техникийн мөн чанарыг алдагдуулахгүйгээр шинэчлэлт хийж, дүрслэх урлагийг шашин шүтлэгээс нь салган орчин үеийн чөлөөт сэтгэлгээнд оруулах анхны алхмыг хэрэгжүүлж, бусдын урлаг, соёл тэр тусмаа тухайн үед дэлхий дахинд нөлөөтэй хөгжиж байсан Барууны урлагийг шууд даган дуурайлгүй, язгуур соёлоо хадгалан орчин үеийн урлагийг бүтээх боломжтой гэдгийг харуулж чадсан уран бүтээлч бол яах аргагүй Б.Шарав юм. Орчин цагийн хөрөг зурах монгол уламжлалыг үүсгэж, хоёр хэмжээст хавтгай монгол зургийг гурван хэмжээст рүү оруулах эхлэлийг тэрбээр тавьсан. Бүтээлдээ хүн, амьтан, уул, ус зэргийг биетэй мэт харагдуулахын тулд гэрэл сүүдэр оруулан зурах, өнгөний тодрох болон бууралтыг зохицолдуулах, мөн өнгөний дагнаас зэрэг тухайн үед монгол зурагт төдийлөн хэрэглэж байгаагүй шинэлэг аргаар туурвидаг байв. Хавтгай дүрслэлт нэг өнгийн будалттай шаглаа маягаар зурдаг уламжлалыг эвдэж чөлөөт өнгөний сонголт, манаргасан, хөнгөн, уусгалттай хөдөлгөөнт зохиомж, шувууны алслалт буюу дээрээс нь харж байгаа юм шигээр олон арван өгүүлэмжийг нэгэн талбайд оруулан хуучны шүтээн зураг, бурхны зургийн тигээс хамааралгүй зохиомж авдаг аргыг бүтээлдээ оруулж өгснөөр орчин үеийн Монголын дүрслэх урлагийн хөгжилд шинэ дэвшил авчирсан юм. Энэ утгаараа Б.Шаравын зургууд Монгол Улсын хосгүй үнэт бүтээлд бүртгэгдэж соёлын өвийн тусгай хяналт, хамгаалтад орж, олны хүртээл болж байна.

Үе үеийн залуу уран бүтээлчид Б.Шаравын бүтээлийг хуулан зурж монгол зурагтай танилцаж суралцахаас гадна тэр бүтээлүүдээ гадаад, дотоодын жуулчдад зарж уран бүтээлийнхээ цаашдын замналд хэрэг болох анхны санхүүжилт, будаг материалын зардал, цаашлаад суралцах төлбөрөө олох гараагаа эхэлдэг. Монголын урлагт хамгийн их хуулбарлагдан, борлуулагддаг зураг бол Марзан Шаравын “Монголын нэг өдөр” бүтээл юм. Ардчиллын эхэн үеийн хүнд хэцүү үе болох 1990-ээд оноос олон арван уран бүтээлч уг бүтээлийг нь хуулбарласныг дурсахад Б.Шарав бол яахын аргагүй булган сүүлтэй буянтай уран бүтээлч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Монголд очсон гадаадын зочин, төлөөлөгч, жуулчид “Монголын нэг өдөр” хэмээх гайхамшигт бүтээлийн ямар нэгэн хэсгээс үзэлгүй буцсан нь бараг үгүй. Том, жижиг, сайн, муу хувилбаруудаас өөрийн үзэмжээр худалдан авдаг нь дэлхийн олон оронд очоогүй орон зай гэж байхгүй буй за. Марзан Шаравын бүтээлүүдийн хуулбар зургууд дэлхийн хэчнээн оронд хэдэн айлын хананд Монгол Улсын тухай дурсах ярианы сэдэв болж байгааг таашгүй.

Зураач, урлаг судлаач, куратор Э.ОТГОНБАЯР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Монголын сүүлчийн хааны ордны зураач Марзан Шарав

  • Оюунчимэг says:

    Урлаг соёлийг түгээн дэлгэрүүлэх ,уран бүтээлийн өндөр амжилт хүсье…сайхан нийтлэл бна баяр хүргэе .
    Отгонбаяртаа

  • zuraach odbayar says:

    bi bas ene hunii talaar barag 20garui jil sudalj bn ter LENIN bagshiin hurugiig sharav gua zuraagui terii buriadaas irsen RENTSEN gedeg hun zursan baidiin ter huniig pan mongol uzeltei hun geed komintern duudaad orosod shorond bj bgaad buudan alah yal sonsson ern buuduulsan tiim uchiraas rentsen gedeg hunii nereer tuhai zuragiig owgolj bolohgui bsan tul sharavaar ovgolson ene bol unen tuuh. ern deer durdsan buteeluudiig b.sharav zuraagui baih magadlal n barag 90 huvtai baidag. eneiig bichhuu bolihuu gej ih bodloo tegeel ene. minii sudalgaa buren duusaagui tul engeed orhii

  • Х says:

    Марзан Шаравтай 1920-оод онд хэдэнтэй уулзаж учирч байсан хүний дурдатгал уншиж байлаа. Тэрээр алиа хошин зантай, бүсэлхийнээс доош яриа их ярьдаг нь “марзан” хэмээх хоч авсан байх талтай. Тэрээр гэртээ ганцаараа, гэр нь одоогийн Чойжин ламын сүм музейн ойролцоо байсан юм шиг байгаан.