Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тамирчдад олгодог урамшууллыг үргэлжлүүлэх нь зөв үү

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийнх доргино гэдэг. Олимпын хос медальтан Н.Түвшинбаяр хариуцлага алдсантай холбоотойгоор олон нийтийн дунд спортынхон, бөхчүүдийн тухай янз бүрийн яриа гарч байна. Улмаар олимп, ДАШТ-ий медальтнуудад сар бүр, улмаар насан турш нь тэтгэлэг олгох нь зөв үү, буруу юу, үндэслэл нь юу вэ. Ажил хийлгүйгээр татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин авч суухыг хөхиүлсээр байх уу, амжилт гаргах үед нь төр, засгаас чамгүй мөнгөөр урамшуулдаг, тэр нь ч шударга үнэлгээ, шагнал биш гэж үү. Үүн дээр нэмж сар бүр урамшуулал өгөх нь хэр зөв бэ зэрэг асуултыг ар араас нь хөврүүлсээр.

Боксын төрлөөр олимпоос медаль авсан Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нараар жишээ аваад үзье. Тэд Монголын боксын холбоонд албан тушаалтай. Олимпын алт, мөнгөн медальтай, туршлагатай тамирчид. Тийм атал холбоогоо яагаад цэмбийтэл, өсөж өндийтөл удирдаж чадахгүй байна бэ. Боксын тамирчдын амжилт олимпоос олимпын хооронд, жилээс жилд унасаар, Токиогоос медальгүй ирсэн. Үүнийг холбооны удирдлагын, дасгалжуулагчдын ур чадвар, нөлөө, үлгэр дуурайл муугийнх гэж үзэж болох талтай.

Дотооддоо эдгээр асуудлаа ярьж, засаж залруулах чиглэлээр хийсэн ажилгүй. 2008 оны Бээжингийн олимпын алт, мөнгөн медальт тэдэнд улсаас сар бүр мөнгөн урамшуулал олгосоор байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигийг өөрчилдөггүй л юм бол цаашид ч хүртээсээр байх болно. Үндэслэл нь 13 жилийн өмнөх амжилт юм гэхэд сүүлийн үеийн ажлын тааруухан үзүүлэлтийг нь хэн, хэрхэн үнэлж, хариуцлага тооцох ёстой вэ. Сайн байх үед нь шагнаж, урам өгөх нь зүйн хэрэг. Харин муу байвал хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэх нь ч логик шүү дээ. Энэ үүднээс авч үзэхэд 10 гаруй жилийн өмнөх амжилтыг нь дархалж, насан туршид нь татвар төлөгчдийн мөнгөөр сар бүр “угжих” нь зөв үү.

Эл асуудлыг өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо авч хэлэлцсэн бөгөөд “Мөнгөн тэтгэлгийг зохистой, хүртээмжтэй байдлаар хэрхэн олгох талаас нь судалж, шийдвэрлэ” гэсэн утга, агуулгатай тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ талаар Биеийн тамир, спортын улсын хороо “Тамирчдад олгодог сар бүрийн мөнгөн тэтгэлгийг болиулах гэсэнгүй. Зөвхөн олимп, паралимп, ДАШТ-ээс медаль авсан тамирчдыг хамруулах бус, олимпын бус төрлүүдээр өндөр амжилт гаргасан тамирчдад ч олгоё гэсэн зарчмын саналыг УИХ-ын гишүүдээс гаргасан. Олимп гэдгээр хязгаарлаж, тойрог үүсгэх нь хэр зохистой вэ гэсэн асуулт тавьсан. Тэгээд ч УИХ-ын хүрээнд заавал олимпын бус төрөлд өг гээгүй бөгөөд төрлийн нэр ч заагаагүй. Засгийн газар мөнгөн тэтгэлгийн журмыг зохистой болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх тухайд анхаарч, ажиллан, шийдлээ гаргаад УИХ-д танилцуул гэсэн. Бид энэ дагуу ажиллаж байна” гэдэг байр суурьтай байна. Тус хорооны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Гэрэл “Төр, засгийн шийдвэрийг хэрэгжүүлж буй ажилтнууд мөнгөн тэтгэлэг олгох нь зөв, буруу гэж ярихгүй. Нэгэнт Ерөнхийлөгч зарлиг гарган шийдвэрлэж, Засгийн газар хүлээн зөвшөөрөөд, 2013 оноос хойш өнөөг хүртэл олгож буй тэтгэлгийн тухайд ямар нэгэн тайлбар хэлэх боломжгүй. Гагцхүү зөв зохистой байна уу, үгүй юү гэдгийг анзаарч, янз бүрийн давхардал байдаг бол арилгах саналтай байх нь зүйн хэрэг. Бид судалгаа хийж байна. Олимп, ДАШТ-ий нэг, нэг медальд тэтгэлэг өгдөг байвал ямар вэ, ер нь мөнгө хэмнэх тухайд бодох ёстой юм уу, эсвэл өөр өнцгөөс хандах ёстой юу гэж ч ярьж байна” гэв.

2013 оноос хойш манай улс олимп, паралимп болон олимпын наадмын төрөлд багтдаг спортын төрлийн ДАШТ-ээс медаль хүртсэн 58 тамирчинд урамшуулал олгожээ. Өнгөрсөн жилийн хувьд сар бүр 132 сая, жилд нэг тэрбум 584 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Тэгэхээр өнгөрсөн есөн жилийн хугацаанд хэдий хэрийн мөнгө зарцуулсан нь ойлгогдоно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм зарлиг гаргасан. Харин өдгөө төр, засгийнхан гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон тамирчинтай хариуцлага хэрхэн тооцохоо, сар бүрийн тэтгэлгийг нь зогсоох, эсэх тухайд шийдэл ч үгүй сууна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням болон төрийн бусад түшээ уг тэтгэлгийг агуулга, журмын хувьд зөв зохистой хэлбэрээр, хариуцлагатай нь уялдуулж, хүртээмжтэй байлгах тухайд эргэж харъя гэсэн санаачилга гаргасан байна билээ. Г.Дамдинням гишүүн “Олимп, тив, дэлхийн хэмжээний тэмцээнд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь цалин, урамшуулал олгодог орон дэлхийд бараг үгүй байх. Зөвхөн нэг удаагийн тэтгэмж өгдөг. Сар бүр олгодог мөнгөн урамшуулал гэдэг нь олон улс, тив, дэлхийд амжилт үзүүлж, өөрийн болон улс орныхоо нэрийг мандуулсан тамирчдад хүүхэд, залууст, нийгэмд үлгэр дуурайл үзүүлж, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд оролцоорой, хувь нэмрээ оруулаарай, ёс зүйн өндөр хэм хэмжээг харуулж амьдраарай гэж олгож буй “цалин” юм. Амжилт гаргасан тамирчдыг урамшуулах нь зөв. Гэхдээ насан туршид нь тэтгэмж олгох гэдэг бол учир дутагдалтай. Магадгүй нэг удаагийн амжилтыг нь тооцож, нэг олимпын циклд олгоод, хожим тэтгэвэрт гарсан хойно нь цалинг үргэлжлүүлэн олгодог байх зохицуулалтыг Засгийн газар хийж болно шүү дээ. Ингэхгүй бол идэр, ид хөдөлмөрлөх насандаа буй хүмүүс зүгээр сууж байгаад “цалин” аваад байна. Гэтэл энэ цалингийн эх үүсвэрийг бий болгодог татвар төлөгчид насан туршдаа ажилладаг. Тэгэхээр шударга биш шүү дээ” гэсэн.

Сар бүр мөнгөн тэтгэлэг авдаг тамирчдын дунд олимп, дэлхийн, эсвэл хос медальтан цөөн. Тэтгэлэгт хамрагддаг тамирчдын 15 хүрэхгүй хувийг эзэлдэг аж. Энэ тэтгэлгийг авдаг тамирчдын олонх нь олимпын, эсвэл ДАШТ-ий нэг медальтай юм байна. Олимпоос хоёр медаль авсан нь Н.Түвшинбаяр, Э.Содномпилжээ. Харин ДАШТ-ий хос медальтан гэвэл Хөдөлмөрийн баатар Б.Ойдовоос авхуулаад хэд хэдэн тамирчин байдаг аж. Дээр нэр дурдсан О.Гэрэл даргаас “Нэг удаа өндөр амжилт гаргасан тамирчид насныхаа хоолтой залгалаа гэж буй мэтээр хичээхгүй, зүтгэхгүй болчихдог юм байна. Сэтгэл ханадаг бололтой. Гэсэн ч сар бүр мөнгөөр тэтгээд байх нь зөв юм уу” гэж асуухад “Сэтгэл ханах гэдгийг байж болох эрсдэл гэж үздэг. Спортын амжилт гэдэг цаг хугацааны, насны, ур чадварын, хувь хүний онцлогоос хамаардаг. Дэлхийд өрсөлдөгч талаас нь харвал олимпын циклд бие бялдар, сэтгэл санаа, ер юм бүхэн нь урьдын адил нэгэн хэвээр үргэлжилнэ гэж байдаггүй. Олимпын цикл буюу олимп хоорондын хугацаанд зөвхөн Монголын тамирчид амжилтаа хадгална гэж үгүй. Бүхий л улс орны тамирчид олимп, дэлхийн аварга болохын төлөө зорьдог. Тэр дунд бид мөр зэрэгцэн явах тухай ойлголт байхаас биш, манайхан нэг удаа гаргасан амжилтад нь сард олгодог сая төгрөгт ч юм уу, ДАШТ-ий хүрэл медалийнх нь төлөө өгдөг 500 мянган төгрөгт сэтгэл ханаад амжилт гаргахаа больчихлоо гэж үзэх нь арай өрөөсгөл. Өдгөө тэтгэдэг авч буй 58 хүний олонх нь ДАШТ-ий хүрэл медальтан. Тэд сар бүр 500 мянган төгрөг авдаг. Хөдөлмөрийн баатрууд, ардын цолтнууд тэтгэврийн насанд хүрэхээрээ сар бүр 300 мянга хүртэлх төгрөг авдаг. Түүнтэй адилтгаж болохоор. Янз бүрийн зохицуулалт байж болно, гагцхүү боломжит хувилбарыг олж, УИХ-д танилцуулах ёстой юм. Нэгэнт улсын шигшээ багаас гарсан, спортын карьераа өндөрлүүлсэн, зодгоо тайлсан хүмүүст бид хэрхэн хариуцлага тооцох вэ гэхээр тухайлсан хуульд өөрчлөлт оруулж, мөн Ерөнхийлөгчийн зарлигт тусгаж байж л шийднэ. Өнөөдөр олон нийт Н.Түвшинбаяраар төсөөлж, төлөөлүүлж тамирчдад, спортынхонд хандаж байна. Гэхдээ нас 70 гарсан Х.Баянмөнх аваргад Н.Түвшинбаяр аваргын алдааг үндэслэж, хариуцлага тооцон, тэтгэлгийн мөнгийг хасах нь шударга бус шүү дээ. Манай улсад статус нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг утгаар харагдаж байгаа Хөдөлмөрийн баатар Д.Баатаржавтай мөн л Н.Түвшинбаяраас болж хариуцлага тооцох уу. Энгийн хоёр жишээ энэ. Нэг хүний алдаанаас болж нийтээр нь тэтгэлгээс хасвал ганц талыг барьсан шийдвэр болно. Төрийн тулхтай, голч шийдвэр хэрэгтэй цаг үе тохиож байна” гэсэн юм.

Нэг удаа амжилт гаргасан тамирчдад насан туршид нь сар тутамд тэтгэлэг олгосоор байх юм уу. Тамирчид хийдгээ хийсэн гэсэн мэтээр ажил хийхгүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин аваад суудаг “соёл”, уламжлал бий болгох гэсэн юм уу. Энэ нь дэвшил үү. Эс бөгөөс засаж залруулбал зохих алдаа юм уу. Хамгийн гол нь нийгэм, олон нийтийн эрх ашигт нийцсэн мэргэн шийдэл л хэрэгтэй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “Тамирчдад олгодог урамшууллыг үргэлжлүүлэх нь зөв үү

  • Anonymous says:

    Нэг удаад ахиу хэмжээгээр тэтгэмж олгоод л болих хэрэгтэй, энэ олон урлаг спортын алдартнууд гээд сар бүр зүгээр байж байгаад л цалин авна. Энэ гавьяатын үнэ цэн алдагдсан, алдагдсан. Дуртай нь гавъяат болчих юмсан хэдэн төгрөг нь хаа юм бэ дээ ч гэж байх шиг.

  • Anonymous says:

    Өөрийн амьдралын төлөө л спортоор хичээллэж байгаа ш тээ. Манайхан бүр өөхшүүлээд онгироогоод сургацан. Монгол улсынхаа төлөө яллаа ч гэж байх шиг.

  • ЗОЧИН says:

    тухайн амжилт гаргасан үед нь шагнал, урамшуулал олгох хэрэгтэй, хавтгайруулж байнгын болгож болохгүй, энэ чинь ямар тэтгэвэр тэтгэмж олгож байгаа биш, хэрэв ийм шатлалтай байх ёстой юм бол амжилт гаргасан үед нь олгож буй шагнал, урамшуулалыг олгох хэрэггүй шдээ

  • Иргэн says:

    Нэг удаа л олгох нь зөв.Эсвэл дахин олимпод орохгүй зодог тайлахад нь зогсоох нь зө.Тэр болтол хүн дараагийн ажлаа олсон байдаг ш дээ Угаасаа амжилтыг тухайн агшинд нь л олон улсад яриад л өнгөрдөг зүйл.Дараагийн олимпод монголоос нийт тэдэн медальтай гэж ярьдаггүй юм билээ.Харин олон улсаас шагнал авч байгаа олимпиадын хүүхдүүдэд нэг удаадаа бас мөнгө өгч байя.Ер нь бол бяраар бус оюунаар л эх орон хөгждөг шүү

  • Зочин says:

    Амжилт гаргасан үед нь нэг удаа олгох зөв байх

  • Anonymous says:

    Bidnii tatvart tulsun mungnuus sar bur zugeer l tetgemj helbereer saaj amidarch baigaad n durgui hurch bna. Ard tumnees shimegchilj amidrahaa bolioch ee.