Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Манж Чин гүрний ноёрхлыг дарж, үндэсний тусгаар тогтнолоо зарласан өдөр тохиож байна

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.

Шинэ байгуулсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн  хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ. Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг 1912 оны наймдугаар сард байгуулж, сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон түүхтэй. Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн билээ.  

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал. Сэргэн мандлын эхийг тавьсан Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдсан Наймдугаар Богд Жавзандамба хутагт буюу Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу нь хэдийгээр Төвөд хүн боловч өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байв. Тэрээр 1869 оны аравдугаар сарын 13-нд Төвөдийн Лхасын ойролцоо эцэг Гончигцэрэн, эх Ойдүвдулам нарын хүү болон мэндэлж таван настайдаа Богд гэгээний хойд дүрээр тодорч Монголын Их хүрээнд ирсэн юм. Түүнийг Монголд ирэхэд нь Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн зэрэг үндсэрхэг үзэлтэн хүрээлж, улмаар Манжийн Чин гүрнээс тусгаар улс болох өргөх бичиг барьсан байна.  Богд гэгээн өргөх бичгийг тааламжтай хүлээн авч, “Монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгаж, эл хэргээр хаант Орост элч зарж, тусламж хүсэж байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.