Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгмийн сүлжээний соёлыг дээшлүүлье

Интернэт, нийгмийн сүлжээ энэ цаг үеийнхний хувьд бие махбодынх нь физиологийн гарцаагүй шаардлага лугаа адил нэн чухал зүйл нь болсон. Олон хүн үүнийг хэрэглээ гэхээсээ “хоол” болгож байна. Донтсон зарим нэгний хувьд идэж, уух хэрэгцээнээс нь илүүтэй амин “эрдэнэ” болж, үүнгүйгээр амьдрал нь тасрахад хүрээд буй. Цахим орчны “мансууруулах чадвар” ийм бөлгөө. Ялангуяа нийгмийн сүлжээг хүмүүс хязгааргүй эрх чөлөө эдлэх талбар болгоод удлаа. Тиймээс л энэ зүйлийг зоргоороо “удирдаж”, нийгмийн сүлжээний үндсэн үүрэг, зарчим, тулгуур “тунхаглалыг” өөрийн дур хүсэлд тохируулан “өмчилж”, бусдыг гутаан доромжлох талбар болгож байгаа нь нэн харамсалтай. Өөрт таалагдаагүй хэнийг ч болов дэвслэх, түүний талаар зоргоороо ярьж, гүтгэх, дүр төрхийг нь олон нийтэд ил болгох, ингэхдээ хэн нэгнээс ямар ч зөвшөөрөл авдаггүй зэрэг гэмт үйлдэл нийгмийн сүлжээнд газар авсан тул энэ сарын эхээр “Твиттер” компани нэгэн “хууль” батлав. Тодруулбал, бусдын зургийг зөвшөөрөлгүйгээр нийтлэхийг хориглолоо. Хэрэв тухайн хүн өөрийн зургийг твиттер хуудаснаас устгуулах хүсэлт гаргавал ёсчлон биелүүлэх болсон юм. Энэ талаараа “Нийтлэгдсэн зураг, видеонд дүрслэгдсэн хэрэглэгчийн гомдлын дагуу нийгмийн сүлжээнээс контентыг устгах болно. Нийтлэлийг сэргээхийн тулд зургийг нь ашигласан хүнээс зөвшөөрөл авах шаардлагатай. Нийгмийн сүлжээ нь хувийн нууцыг хамгаалж, хүмүүсийг халдлагаас хамгаалахыг хүсдэг” хэмээн мэдэгджээ. Тэгвэл “Фэйсбүүк”, Инстаграм”, “ВатсАпп” сүлжээг эзэмшдэг “Мета” компани хүмүүсийн дотно харилцааг илтгэх зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй тараахтай тэмцэх “StopNCII.org” төсөл эхэлснээ энэ сарын эхээр зарласан бол Австрали, Британи, Шинэ Зеланд болон Европын Холбооны орнуудад зөвшөөрөлгүйгээр байршуулсан хүмүүсийн гэрэл зураг, дүрс бичлэгтэй холбоотой дүрмийг аль хэдийн мөрдөж эхэлсэн билээ. Гэтэл монголчууд бид хэний ч хамаагүй зураг, бичлэгийг өөрийнх мэт цацаж л байдаг. Ялангуяа бусдын хэрэгт хошуу дүрж зургийг нь ашиглах явдал энгийн үзэгдэл болсон. Хэрэглэгчийн мэдлэг, боловсролоос үл хамааран ийм үйлдлийг захын хүн санаатай болон санамсаргүйгээр гаргадаг. Хамгийн ойрын жишээ гэхэд л Осоржамаа гэх залуугийн согтуу бичлэгийг, найзынхаа гарт цаг бусаар амиа алдсан эрхэм хүмүүний зургийг нийгмийн сүлжээнд өөриймсөн тавьсан нь олон байлаа. Энэ бол бусдын эрхэд, хувийн нууцад халдаж буй хамгийн харгис үйлдэл. Өдгөө ч ийм гэмт “хэрэгтнүүд” нийгмийн сүлжээнд хэн нэгний зураг, бичлэгийг дэлгэн, дураараа ярьцгааж байгаа. 2021 оны судалгаагаар манай улсын хүн амын бараг 79 хувь нь нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл авдаг гэсэн статистик бий. Тэдний олонх нь фэйсбүүк хуудсаар “шаагигч” бөгөөд бусдын зургийг оруулахдаа хэчнээн нь зөвшөөрөл авдаг бол. Зөвшөөрөл авдаг хүн байхгүй гэхэд загнах, заргалдах нь гарахгүй л болов уу. Тэгвэл одооноос нийгмийн сүлжээнд соёлтой байж, хэн нэгний зураг, бичлэгийг түгээхдээ зөвшөөрөл авч сурцгаая. Цахим орчны эрх зүйн зохицуулалт чангарч, дэлхийн хүмүүс мөрдөж эхлээд байна. Нийгмийн сүлжээ, үүнд хэвлэн нийтлэх мэдээллийг зохицуулахаар сүүлийн 10 гаруй жил олон улсад янз бүрээр үзэж буй. Энэ бүхэн эцэстээ хүнлэг ёс, хүмүүнлэг байдал, сэтгэл, сэтгэлгээний бас нэгэн хувьсгал юм гэдгийг ч онцлох боллоо. Бид үүнээс хоцрох дэмий буй за. Таньдаг, таньдаггүй хэн байх нь хамаагүй, та түүнийг хайрладаг, хүндэлдэг, эсвэл үзэн яддаг, үзэл бодол таардаггүй байсан ч нийгмийн сүлжээгээр зургийг нь дураараа цацахгүй байхыг уриалъя. Энэ бол наад захын соёл юм.

Бэлтгэсэн Э.Хана

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.