Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хэлэлцээнд бэлэн”

НАТО-г дорно тийш цаашид өргөжүүлэхээс татгалзах тухай Москвагийн шаардлагын талаарх Орос, Америкийн хэлэлцээ ирэх сард Женевт эхэлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. “Хэлэлцээнд бэлэн, гэхдээ Украин болон Зүүн Европын бусад орны хувь заяаг тэдний ар хударгаар шийдэх гэж байгаа хэрэг биш” гэж америкчууд хариулжээ.

Үүний сацуу шинжээчид, тэр дундаа АНУ-ын гадаад бодлогын нэр хүндтэй мэргэжилтнүүд АНУ болон түүний холбоотнууд ОХУ-ын тавьсан тулгасан шаардлагад илүү хатуу хариу арга хэмжээ авч, сөргүүлэн шаардлага тавих ёстой гэв. Цагаан ордны нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд хэлэхдээ АНУ ирэх сарын эхээр Оростой хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна, гэхдээ “стратегийн яриа хэлэлцээ” гэж нэрлэгддэг Вашингтон, Москвагийн хооронд, Орос, НАТО-гийн Зөвлөлийн хүрээнд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шугамаар гэсэн гурван хэлбэрээр явуулахыг санал болгож байна.

“Оросын тал эхлээд АНУ-тай шууд хэлэлцээ хийхийг санал болгосон. Гэвч Европыг нөлөөллийн хүрээгээр хуваах тухай байж болзошгүй хэмээн таамаглаж буй хэлэлцээг АНУ холбоотнуудынхаа оролцоогүйгээр хийх нь гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй байна” гэж Америкийн “Wall Street journal” сонин сануулжээ.

1945 оны Ялтын хэлэлцээрт оролцсон ЗСБНХУ, Британи, АНУ Европ дахь нөлөөллийн хүрээг хуваасныг Америкийн хамгийн алдартай орос судлаач шинжээчдийн нэг, Москвад Элчин сайдаар ажиллаж байсан, одоо Стэнфордын их сургуулийн профессор Майкл Макфол дурссан аж. Тэрбээр “Washington post” сонинд бичсэн нийтлэлдээ “АНУ, ОХУ-ын хооронд байгуулсан гэрээний төслөөс үзвэл В.Путин 1945 оны Ялтын гэрээг дахин хуулбарлахыг хүсэж буй бөгөөд үүнд АНУ, ОХУ (энэ удаа Британигүйгээр) Европыг нөлөөлдөг хэсгээрээ хуваах гэж байна. Үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хэлэлцээнд Украин оролцох ёстой гэж тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдсэн байна. “АНУ, Европын Холбоо, эсвэл НАТО-гийн Оростой хийх ярианы эхний бөгөөд гол сэдэв нь Европ дахь олон улсын зэвсэгт мөргөлдөөн, Украины эсрэг Оросын түрэмгийллийг төгсгөх тухай байх ёстой. Европ, Атлантын далайн аюулгүй байдлын асуудлыг өдгөө Украинд шийдэж буй учир тус улс энэ сэдвээрх уулзалтад оролцох ёстой” гэж Д.Кулеба твиттер хуудсандаа бичжээ. Украин руу халдан довтолбол Оросын эсрэг АНУ, түүний холбоотнуудаас авч болох хориг арга хэмжээний талаар олон сонин болон шинжээч В.Путиний мэдэгдлийн дараа хэлэлцэв. “Оросын эрчим хүчийг импортлохыг бүрэн хоригловол л Кремльд нөлөөлж магадгүй. Гэвч Оросын эрчим хүчний экспортод цохилт өгөх нь дэлхийн хэмжээний уршиг дагуулахыг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн” гэж Москватай хийсэн яриа хэлэлцээний талаар тус ордны нэрээ нууцалсан албан тушаалтны хэвлэлийн бага хурлын тухай “Argus media”-д бичжээ.

Харин В.Путин хэвлэлийн хурлын үеэр Украинтай дайтахад хүрч болзошгүй тухай асуултад хариулахдаа “Бидний үйл ажиллагаа хэлэлцээний явцаас биш, харин Оросын аюулгүй байдлыг хангахаас шалтгаална” гэж мэдэгджээ. НАТО-г өргөжүүлснийхээ дараа Өрнөдийн орнууд орчин үеийн зэвсгээ Оросын хилийн ойролцоо байрлуулах боломж бүрдсэн нь үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж буйг тэрбээр мэдэгджээ. 1990-ээд онд НАТО дорно руу нэг ч инч тэлэхгүй гэж Орост амлаж байсан нь худал үг байсныг В.Путин сануулсан аж. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ирэх сарын 12-нд Брюссельд тус холбооны Цэргийн хорооны Жанжин штабын дарга нарын түвшинд болох Орос-НАТО-гийн Зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулахыг ОХУ-д санал болгов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.