Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Виртуал хөрөнгийн эргэн тойронд…”

“Вүүвүү” технологи компанийн Гүйцэтгэх захирал Ц.Бадраа, Хуульч Б.Оросоо, “Мандал” санхүүгийн нэгдлийн захирал Г.Батзориг нар Виртуаль хөрөнгө оруулалтын тухай  хууль батлагдсантай холбогдуулан зохион байгуулсан “Виртуал хөрөнгийн эргэн тойронд…” хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр оролцлоо.

Энэ үеэр “Вүүвүү” технологи компанийн Гүйцэтгэх захирал Ц.Бадраа хэлэхдээ “Виртуаль хөрөнгө буюу койн, токен гэдэг зүйл маань блокчэйн технологи дээр суурилдаг. Энэхүү технологи маань 2008-2009 онд анх танилцуулагдаж байсан. 2017 онд барууны орны биржүүдэд байгуулагдаж, олон төрлийн койн гарсан. Одоо тийм биржүүд дэлхий даяар 7 мянга гаруй койн байдаг. Бизнес бүр өөрийн койн гаргах боломжтой. Манай улсад харьцангуй хоцорч орж ирж байна. Энэ жилээс л томоохон хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож гарган ирж, олон нийтийн анхаарлыг идэвхтэй татаж байна. Улмаар Виртуал хөрөнгийн тухай хуулийг баталж байна. Яагаад энэ зүйл олны анхаарлыг татаж байна вэ гэхээр төвлөрсөн бус тархмал бүртгэлтэй технологи байгаа юм. Олон талын төвлөрсөн нэг хяналттай зүйлээс илүү давуу тал олгож байна. Найдвартай байдал, аюулгүй байдал талаасаа давуу тал олгоод, олон технологи нэг дор ашиглагдаад явна. Дан ганц койн гаргахад хөрөнгө татах зүйл биш. Тэр технологи дээр суурьшиад явахаар унтардаггүй, тасардаггүй, халдлага дайралтад тийм амархан уначихгүй. Фэйсбүүк компани өөрийгөө “Мета” гэж нэрлэж, метавэрс буюу виртуал орчин бий болох хандлагатай байна. Цаашид тэрхүү орчин нь ирээдүйн залуучуудын бодит орчин болох магадлалтай. Тэр орчинд зориулсан мөнгөн хэрэглэгдэхүүн нь виртуал хөрөнгө юм. Тиймээс бид үүнээс хоцорч болохгүй. Дэлхийтэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй” хэмээлээ.

“Мандал” санхүүгийн нэгдлийн захирал Г.Батзориг хэлэхдээ “Виртуал хөрөнгөтэй холбоотойгоор асуудал олны анхаарлын төвд байна. Энэ нь нэг талдаа дэлхийн эдийн засаг санхүүгийн системийг авч үзэхэд, санхүүгийн системд асар уламжлалт системийг эвдэж байгаа. Өмнө нь бидний баримталж байсан эдийн засаг, санхүү, сангийн бодлогууд хуучирч байна гэж ойлгож байна. Одоо илүү технологид суурилсан, дижиталчлагдсан бодлого хэрэгтэй болж ирж байна.  Шинэ технологийн хажуугаар маш их эсэргүүцэл тулгарна. Блокчэйн гэдэг технологийг олон улсын нэр хүндтэй компаниуд эсэргүүцэж байсан бол өнөөдөр судалгааны баг байгуулж, энэ олон санхүүгийн бүтээгдэхүүнийг хэрхэн дижитал болгох вэ гэдэг дээр судалгаа хийгээд эхэлчихсэн байна. Энэ хугацаанд луйвар гарч ирж байна. Нийт гарч ирж байгаа койнуудын 7000 мянга нь бүртгэлтэй. 7000 нь бүртгэлгүй байна. 98 хувь нь ямар нэгэн байдлаар луйвар болж хувирч байна. Шинэ боломжийг дагаад тэрийг дагасан буруу талын ашиг сонирхол байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс хэрэглэгчид маш сайн судалгаа хийж, судалгаандаа дүн шинжилгээ хийсний дараа уг системд оролцох хэрэгтэй байна. Тогтвортой өсөж байгаа койнуудыг ажиглахаар нэгдүгээрт эко системтэй, хоёрдугаарт мэдээллийн ил тод байдал маш өндөр байна. Гуравдугаарт төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд нь гүйцэтгэж, түүнийгээ олон нийтэд танилцуулаад явж байгаа учраас хөрөнгө оруулагчийг барьж чадаж байна. Хууль батлагдсан нь хөрөнгө оруулалт талдаа ямар нэгэн хамгаалалт болж чадахгүй. Биржүүдэд хяналт тавих боломжийг олгосон хууль боллоо. Иргэд, хөрөнгө оруулагчийг чадваржуулах нь нэн тэргүүний асуудал болоод байна” хэмээлээ.

Хуульч Б.Оросоо “УИХ-аас тодорхой эрх зүйн орчныг бүрдүүллээ. Гэхдээ энэ удаад виртуал орчинд үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиглэлээр түлхүү анхаарч өгсөн хууль боллоо. Хууль гэдэг зүйл бол тодорхойгүй байгаа зүйлийг тодорхой болгодог. Гарч болох эрсдэлүүдийг хаах зорилготой арга хэрэгсэл. Эрх зүйн орчинтой болж байна гэдэг дэвшилт гарч буйн илрэл. Хууль хэдийгээр УИХ-аар батлагдсан ч Үндсэн хуульд зааснаар “Төрийн мэдээ” сэтгүүлд хэвлэгдэж, 10 хоногийн дараа албан ёсоор хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Тэр хүртэл хуулийн тодорхой заалтыг ярих боломжтой болдог. Одоогийн байдлаар энэ салбарт гарч болох эрсдэлээс хамгаалах чиглэлээр виртуал хөрөнгийн салбарт баримтлах зарчмуудыг тодорхой болгосон байна. Хууль дээдлэх, бизнесийн ёс зүйн зарчмыг баримтална. Эрсдэлийг тодорхой хэмжээнд тооцсон байна. Виртуал хөрөнгө оруулалтын хуулийн этгээдэд тавих шаарддагийг мөн их сайн тусгаж өгсөн. Энэ дотроо тухайн бизнес төлөвлөгөөтэй байх ёстой. Өөрийн хөрөнгөтэй байх шаардлагатай. Хамгийн гол нь мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ хийсэн байх ёстой гэдэг асуудлыг дэвшүүлсэн байсан. Мөн олон төрлийн үйлчилгээ рүү оролгүй зөвхөн нэг төрлийн үйлчилгээ эрхэлнэ гэдгийг хуульчилсан байсан. Төрийн мэдээллийн сэтгүүлд уг хууль байршсаны дараа тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой” гэлээ.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.