Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.БИЛГҮҮНТЭЙ: Тэмцээний цаг дуусаагүй байхад тайвширч болохгүйг ойлгосон

Жиү жицүгийн дэлхийн аварга, “112” клубийн тамирчин, “Оюуны ундраа” сургуулийн сурагч Б.Билгүүнтэй АНЭУ-ын Абу-Даби хотод өнгөрсөн сард зохион байгуулсан, жиү жицүгийн ДАШТ-ий өсвөр үеийнхний улбар шар бүсний ангилалд оролцож, 37 кг-ын жинд алтан медаль хүртсэн юм. Үүний дараа өсвөр үе, залуучуудын УАШТ-д хүч сорьж, түрүүлсэн түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.

-Абу-Дабигийн дэвжээнд дэлхийн аварга болоход ямар бодол төрж байв?

-Би 2019 онд тус улсад болсон өсвөрийн ДАШТ-д анх оролцохдоо медальгүй хоцорч байсан бол энэ удаа түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэмцээнд амжилт гаргахын тулд бэлтгэлээ шаргуу хийж, медаль заавал хүртэнэ гэж өөртөө амласан. Хүчтэй өрсөлдөгчдөө ялж, шагналын тавцанд зогсохдоо “Зорьсноо биелүүллээ” гэж баярласан. Надад аваргын медаль амархан ирээгүй. Өөрийгөө маш их дайчилж, хичээж зүтгэсний минь үр дүн гарлаа. Тэнд байхад “Лос-Анжелес-2028” олимпын наадмын спортын төрөлд жиү жицү багтвал аварга болно гэх бодол төрсөн. Би тэр үед гадаад, дотоодын тэмцээнээс цөөнгүй медаль хүртчихсэн байх болов уу.

-Тэмцээний үеэр сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэв?

-Догдлоод, тайван амарч чадаагүй. Бэлтгэл хийдэг клубийнхээ ахтай хамт явсан болохоор түшигтэй байлаа. Тэрбээр хөх бүсний ангилалд өрсөлдсөн. Намайг тайвшруулж “Чи маргааш зорьсондоо хүрэхийн тулд эрт унтаж амрах хэрэгтэй” гэж зөвлөв. Жиү жицү Бразилын үндэсний спортын нэг төрөл. Тамирчид нь хүчтэй, техник сайтай. Барилдахын өмнө сандарч, “Бразилын бөхтэй таарчихгүй юм сан. Медальгүй үлдэж, аав, ээжийнхээ мөнгийг дэмий үрэх вий” гэж бодсон. Дэвжээнд анх гараад Израилын бөхийг нэг минут ч бололгүй яллаа. Тэрбээр техниктэй барилддаг ч хүч муутай байв. Дараа нь ОХУ-ын бөхтэй таарахад бяраар илүү ч техник нь тааруу санагдсан. Тиймээс толгойгоо ажиллуулж, техникээр илүүрхсэн. Гэхдээ түүнд ялагдах дөхсөн минь том сургамж болсон. Барилдааны цаг дуусахаас 10 секундийн өмнө ялчихлаа гэж баярлаад биеэ сул тавьснаас нэг оноо алдсан юм. Түүнийг хожсоны дараа “Тамирчин хүн тэмцээний цаг дуусаагүй байхад тайвширч, яллаа гэж бодож болохгүй юм байна” гэж өөртөө хэлсэн. Дэлхийн аварга болчихоод хамгийн түрүүнд аав, ээжтэйгээ холбогдоход “Миний хүү мундаг шүү, баяр хүргэе. Зорилгоо биелүүлсэнд бахархаж байна” гээд урам хайрласан. Монголд ирэхэд олон хүн баяртай угтаж, сургуулийн удирдлага, багш нар халуун дотноор хүлээн авч, баяр хүргэлээ. Ангидаа ороход хамт олон минь цаасан дээр сэтгэлийн үгээ бичин угтаж, бэлэг өгсөн. Манай ангийнхан спортод сонирхолтой, олонх нь сургуулийнхаа хөлбөмбөг, сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог юм. Намайг гадаад, дотоодын тэмцээнд оролцсон үед ангийнхан минь байнга дэмждэгт баярладаг.

-Жиү жицүгээр хичээллэхийг хэн санал болгосон бэ?

-Аав минь залуудаа самбо, жүдо, үндэсний бөхөөр хичээллэдэг байсан. Гэсэн ч нуруугаа гэмтээснээс барилдахаа больсон. Тиймээс намайг бөхийн спортоор хичээллүүлэхийг хүсдэг байв. “112” клубийн дасгалжуулагч Б.Батбаяр багш хамаатны минь ахын найз юм. Би жиү жицүд хөл тавихаасаа өмнө ах нарын бэлтгэл хийхийг хэдэн сар харж, өөрт тохирох, эсэхийг сайн судалсан. Удаан бодсоны эцэст Б.Батбаяр багшийнхаа удирдлагад хичээллээд, өдгөө таван жил болж байна.

-Монголд болсон өсвөр үеийнхний УАШТ-д түрүүлж, Азийн болон ДАШТ-д өрсөлдөх эрх авсан байх аа?

-Уг шагналаа харах бүр урам орж “Хойшдоо тууштай хичээллэж, амжилт гаргана” гэж боддог болсон юм. Бодол минь намайг амжилт руу урагшлуулсан. Жиү жицү бөхийн олон төрлийн мэх, техник, арга барил, онцлогийг өөртөө багтаадаг. Тиймээс жүдо, самбогийн бөхчүүдээс суралцах зүйл их бий.

-Өөрийг тань “Ulaanbaatar international pro jiu jitsu championship” олон улсын тэмцээнд түрүүлэхийг харж байлаа. Мөн ОХУ-д болсон “Байкал-2019” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн санагдах юм. Хамгийн хүчтэй өрсөлдөгч тань хэн бэ?

-2019 онд УАШТ болон олон улсын уг тэмцээнд түрүүлж аварга болсон. Тэмцээний товлосон хугацаа ойртох тусам сандрахаар аав “Миний хүү бэлтгэл хийхдээ юу сурснаа тэмцээнд харуул. Өөртөө итгэлтэй, тайван барилдахад медаль хүртэнэ” гэж зоригжуулдаг. Гэр бүлийнхэн минь “Чи шантарвал амжилтад хэзээ ч хүрэхгүй. Хичээж, зүтгэснийхээ хүчинд ДАШТ-ээс алтан медальтай ирлээ шүү дээ” гэдэг юм. ОХУ-д болсон тэмцээнд клубийнхээ тамирчидтай оролцсон. Шар бүсний ангилалд медалийн төлөө эзэн орны бөхтэй барилдсан. Тэрбээр бие жижиг, хурдтай, босоогоос сайн барилддаг. Түүнтэй хүч сорихдоо оноо алдаж ялагдсан ч дагах барилдаанаас хүрэл медаль хүртэж байв. Би хоёр хүрэл медальтай. Нөгөөг нь Монголд тэр жил болсон “Ulaanbaatar monde cup” тэмцээнээс зүүсэн. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч “Их шавь” дэвжээний бөх Б.Пүрэвбат. Бид чацуу. Түүнтэй хоёр ч тэмцээнд аваргын төлөө барилдаж ялагдаад мөнгөн медаль өвөртөлсөн.

Аав, ээж намайг алт, хүрэл медаль хүртэхэд дуртай. Манайхан “Мөнгөн медалийг хожигдож, хүрлийг ялж хүртдэг юм” гэдэг. Маш их хөдөлмөр зарцуулж хүртсэн болохоор хүрэл медальдаа хайртай. Ирэх нэгдүгээр сард УАШТ болно, амжилттай оролцохын тулд хичээнэ.

-Ангийнхнаас тань таныг дуурайж, энэ спортод хөл тавьсан хүүхэд бий юү?

-Хоёр найз минь жиү жицүгээр хичээллэж байгаа. Тэд гэрийнхээ ойролцоох “Их шавь” дэвжээнд бэлтгэл хийдэг. Энэ спорт хөгжиж, хүүхэд, залуусаар хүрээгээ тэлж байгаад баярладаг. Надад шантрах зүйл зөндөө байсан. Анхныхаа медалийг хүртсэнийхээ дараа хэд хэдэн тэмцээнд ялагдсан. Үеийнхэндээ хожигдоод баймааргүй санагдсан тул болих талаар аавдаа хэлэхэд “Тамирчин хүн аливаа зүйлд тууштай байж амжилт гаргадаг. Чамд шантрах үе бишгүй гарна. Хичээвэл мөрөөдөлдөө хүрч чадна” гэж зөвлөсөн. Аавын үг намайг дэвжээнд буцааж авчирсан. Би дэлхийн хошой аварга Б.Буяндэлгэр эгчээр бахархдаг. Тэмцээнд сонирхолтой барилдаан өрнүүлдэг түүн шиг тамирчин болно гэж боддог.

-Жиү жицүгээр хичээллэдэг хүүхдүүд таны амжилтаар бахархдаг гэсэн. Тэдэнд юу гэж зөвлөж, урам хайрлах вэ?

-Дуртай спортдоо зав гаргаж, цагийг үр дүнтэй өнгөрүүлж байгаа үеийнхээ хүүхдүүдэд амжилт хүсье. Удахгүй болох УАШТ-д амжилттай оролцож, медаль хүртээрэй. Намайг жиү жицү хүндлэлд сургасан. Тамирчин болсноор дутагдлуудаа ч зассан. ДАШТ-д барилдахын өмнө багштайгаа ярилцахад “Маргааш тэмцээнтэй гэж бодохгүй тайван амар. Өглөө эрч хүчтэй босоод сайн барилдаарай” гэж захисан. Би зөвлөснөөр нь барилдаж, аварга болсон. Энэ ташрамд, багаас минь дасгалжуулж, амжилтад хөтөлсөн багшдаа баярлалаа гэж хэлье.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.