Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байлдааны туг гардууллаа

Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газарт Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагааг энэ сарын 22-ны өдрийн морин цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд зохион байгуулав. Байлдааны тугуудыг хүндэтгэлийн байранд залж, “Байлдааны туг гардуулах тухай” Батлан хамгаалахын сайдын тушаалыг уншин танилцуулсан бөгөөд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга нарт Байлдааны туг, үнэмлэхийг гардуулан өгөв. Энэ үеэр Зэвсэгт хүчний Тусгай хүчний командлагч, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга нар “Байлдааны туг”-ийг дээш өргөн, бие бүрэлдэхүүнд харуулахад нийт бие бүрэлдэхүүн гурвантаа “Ура” цуурайтуулсны дараа Байлдааны тугуудыг жагсаалд байрлуулсан юм. Бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар явж, Зэвсэгт хүчний Жанжин туг, төрлийн цэргийн болон Барилга-инженерийн цэргийн Байлдааны тугийг буцааж залснаар ёслолын ажиллагаа өндөрлөв. Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газарт Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагааны үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчинд Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал тус тус байгуулагдаж, бие даан үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндэс бүрдсэн юм. Өнөөдөр Та бүхэн сүлд хийморийн бэлгэдэл болсон төрлийн цэргийн Байлдааны тугийг Монгол Улсын Цэргийн дүрмийн дагуу ёслол төгөлдөр гардан авлаа. БХЯ-аас шинээр байгуулагдсан төрлийн цэргийг хөгжүүлэн бэхжүүлэх, бие даасан үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төсөв, санхүү, орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг сургаж бэлтгэх, зэвсэглэл, техник, материал хэрэгслээр үе шаттайгаар хангах асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болон байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах ажилд тэргүүлэн оролцох, улс орны болон батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлыг хангах, тусгай томилгоот үүрэг гүйцэтгэх чадавхыг бүрдүүлэх, түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоог нэмэгдүүлэх томоохон үүрэг, хариуцлага Та биднийг хүлээж байна” гэдгийг тодотгосон юм. Мөн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг “Зэвсэгт хүчний Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Байлдааны тугийг гардуулж байгаа нь дээрх хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж, эдгээр байгууллагын бие даан үүрэг гүйцэтгэх эрх зүйн орчныг бүрдүүлж, удирдлага, бие бүрэлдэхүүний ажиллах урам зориг, итгэл үнэмшлийг бадрааж байна. Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангийн Байлдааны туг нь бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл юм. Тиймээс энэхүү Байлдааны туг нь аливаа бахдам үйлс, бахархам түүх, амжилт, ололт, алдар гавьяа бүхний тэргүүн манлайд Монгол төрийн алтан соёмбот далбааны нэгэн адил өндөрт мандаж явах учиртай бөгөөд Та бүхэн ч өөрсдийн хичээл зүтгэлээрээ тийнхүү мандуулж явах үүрэгтэй бас эрхтэй” гэдгийг онцоллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.