Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эзэнгүй амьтдын асуудал олон улсын анхааралд өртөв

1983 оноос хойш амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын нэгэн томоохон байгууллага албан ёсны цахим хуудсандаа Монголын өнөөгийн нөхцөл байдлын талаар хөндсөн, асуудал дэвшүүлсэн нийтлэл байршуулжээ. “Монгол Улсыг амьтдын эрх хамгаалах анхны хуулиа батлахыг уриалж байна” гэсэн гарчиг бүхий эл нийтлэлд бидний тэр бүр мэддэггүй тоо, баримт, төсөөллөөс ангид бодит байдлыг илчлэв. Үндсэндээ монголчуудын амьтанд ээлгүй, хайнга, дэлхий нийтийн хандлага, жишгийг сөрсөн дутагдалтай байдал хөндлөнгийн хүмүүсийн нүдэнд ч хүнд тусаж, санааг нь чилээх хэмжээнд хүртлээ даамжирсныг тэндээс ойлгов.

Эл нийтлэлийн эхэнд “3.3 сая хүн амтай тус улсад хоточ нохойтой 220-250 мянган өрх бий. Мөн 300 гаруй мянган муур, нохой гудамжид тэнүүчлэн амьдарч байна. Улаанбаатар хотын гудамж дахь эзэнгүй амьтад маргаашийн нарыг харахын тулд хамгийн харгис хувь тавилантай нүүр тулдаг. Хоол хүнсний хаягдал эрж, хатуу ширүүн уур амьсгалаас бултах, хоргодох газар хайхын зэрэгцээ тэднийг хайр найргүй устгадаг буутай эрх баригчдаас зугтах шаардлагатай болдог. Тэдгээр амьтныг аюулаас хамгаалахад хуулийн зохицуулалт хэрэгтэй. Тиймээс энэ чиглэлээр анхны хуулиа батлахыг Монголын албан тушаалтнуудаас шаардах ёстой.

Монголчууд эртнээс нүүдлийн мал аж ахуйн эрхэлж, нэг газраас нөгөөд шилжин суурьшсаар ирсэн. Малчид хоньч нохойтой, түүнийгээ гэр бүлийнхээ гишүүнээс ялгаагүй үздэг байсан тул эл орны хувьд эзэнгүй, тэнэмэл амьтдын асуудал харьцангуй богино түүхтэй. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд ийм амьтны тоо эрс олширсон нь цөөхөн хүн амтай, томоохон хот суурины хувьд түгшүүр болоод байна” гэжээ.

Тэрчлэн “Улаанбаатарт гудамжны нохой, муур олширсон нь хүмүүсээс үүдэлтэй. Өөрийн гарт буй буюу тэжээвэр нохой, мууртаа үржил хязгаарлах арга хэмжээ авахыг үл ойшоодог, хариуцлагагүй асран хамгаалагч олон. Цаашдын үр нөлөөг нь бодолгүйгээр зөвхөн хүүхдэдээ хань болгохын тулд амьтан тэжээдэг, асаргаа сувилгаа, анхаарал шаардах үед түүнийг хаядаг тохиолдол цөөнгүй. Гудамжны муур, нохойны хувь заяа энгийн хэрнээ маш харгис. Энэ бүх сорилт, хүнд бэрхийг тэд даван тууллаа ч үржлийг нь хязгаарлахгүй бол нялх амьтад (үр төл)-ыг гудамжид “хөглөрүүлж”, хог болгож орхидог. Үр төл нь яг л ийм мөчлөгөөр, хүнд хэцүүг туулж, амь зогоодог.

Тэгвэл золбин амьтдыг тойрсон асуудалд Монголын эрх баригчид хэрхэн хандаж, шийдвэрлэж байна вэ. Улаанбаатар хотын удирдлага жил бүр 90-100 мянган золбин нохойг буудахаар төлөвлөдөг. Нэгийг нь ийм аргаар устгахад 4-5 ам.доллар төсөвлөдөг бөгөөд жилд ойролцоогоор 420-450 мянган ам.долларыг зөвхөн нохойг хайр найргүй хорооход зарцуулдаг гэсэн үг” хэмээн онцолжээ.

300 мянга гаруй золбин нохой, муур. Жил бүр “анчдын” гарт амь тавьдаг 90-100 мянган нохой. Нэг нохойн амийг 12-15 мянган төгрөгөөр үнэлдэг төр. Жилдээ 1.5-1.8 тэрбум төгрөг золбин муур, нохой устгалд зарцуулдаг хотын захиргаа. Эдгээр баримт, статистик нь монголчууд амьтан хамгааллын асуудалд анхаарах цаг ирснийг, энэ чиглэлээр шийдвэртэй алхам хийх болсныг сануулж байна. 38 жилийн түүхтэй, 250 мянга гаруй дэмжигчтэй, олон улсын нөлөө бүхий байгууллага болох “In defense of animals” үүнийг хөндсөн нь сайшаалтай. Тэд нийтлэлийнхээ гол агуулгыг эрх баригчид, хотын удирдлагууд руу чиглүүлсэн нь ч байгаа оножээ.

Энэ нийтлэлийн гол агуулга, дүгнэлт нь “Нохойг буудаж хөнөөдөг хүмүүнлэг бус журмаар асуудлыг шийдэж чадахгүй”, “Амьтан тэжээдэг, асран хамгаалдаг хүмүүсийг хариуцлагажуулахын тулд эрх баригчид асуудлын гол цөмд анхаарал хандуулах шаардлагатай”, “Золбин амьтдын асуудлыг хүмүүнлэгээр, байгальд ээлтэй, өөрсдөд нь аюулгүйгээр шийдэх гарц бол эрх зүйн зохицуулалт”, “Эзэндээ гологдсон амьтдыг асран хамгаалагчтай болгох, гэмтэж, бэртсэнийг нь эмчлэх чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ганц газар нь “Азтай савар” сайн дурын байгууллага. Эднийх 2014 оноос хойш маш олон чиглэлийн ажил хийсэн. Гэвч ганц байгууллага энэ асуудлыг дангаараа шийдэх боломжгүй” гэжээ. Тус нийтлэлийг уншсан хүмүүсээс 15 мянга гаруй нь Монгол Улс амьтны эрх хамгаалах хуультай болох шаардлагатай гэсэн санал илгээж, тухайн байгууллагын уриалгыг дэмжжээ.

Лавшруулан судалбал, тус олон улсын байгууллага одоогоос гурван жилийн өмнө манай улсын тэжээвэр амьтдын асуудлыг хөндөж байсан аж. Тухайн нийтлэлийн гол цөм нь иргэд рүү чиглэж байж. Нохой, муур тэжээгч, асран хамгаалагчид илүү хариуцлагатай, хүнлэг байх шаардлагатай, амьтад ч амьдрах эрхтэй гэсэн асуудал дэвшүүлсэн байна. Харин энэ удаа илүү тооцоо судалгаатай, асуудлыг бүрмөсөн шийдэх гарц эрэлхийлсэн, эрх баригчид, хууль тогтоогчид руу чиглэсэн нийтлэл түгээв. Магадгүй дээрх байгууллагыг ингэж хүчтэй, чанга дуугарахад “Азтай савар” төрийн бус байгууллага, “Тэжээвэр амьтны эрхийн төлөө” сан нөлөөлсөн байж болзошгүй. Учир нь тус хоёр байгууллага хамтран сүүлийн жилүүдэд гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах чиглэлийн хуулийн төсөл боловсруулан, судалгаа, мэдээллийн бааз бүрдүүлж буй аж.

“Тэжээвэр амьтны эрхийн төлөө” сангийн зохицуулагч Э.Бүжинлхам энэ талаар “Гадаадын орнуудад эзэнгүй нохой, муурыг түр байлгах зориулалттай байр (шелтер) байдаг. Энэ бол хуулийн хүрээнд хийсэн зохицуулалт. Манай улсад ийм хууль байхгүйн улмаас амьтан түр байлгах байр байгуулах боломжгүй. Амьтны эрх хамгаалах байгууллагуудад энэ чиглэлээр албан ёсны үйл ажиллагаа явуулах эрх байдаггүй. Гэрийн тэжээвэр амьтны асуудлыг хариуцсан ямар нэг газар, агентлаг алга. Аль нэг яаманд ч хамаардаггүй. Энэ бүхнээс болоод нийгэмд тодорхойгүй, хүнд нөхцөл байдал үүсдэг.

Нийслэлийн хэмжээнд жил бүр 1.5-1.8 тэрбум төгрөг нохой устгалд зарцуулж байгаа нь үр ашиггүй зардал юм. Ингэснээр асуудлыг шийдэхгүй. Буудаж хөнөөсөн нохойгоо газарт булж, хөрсний бохирдол үүсгэж байна. Амьтны эрхийн тухай хуулиар энэ бүхнийг зохицуулснаар одоо үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой” гэлээ.

Дээрх байгууллагынхан өнгөрсөн аравдугаар сард “Амьтад амьдрах эрхтэй” төслөө олон нийтэд танилцуулсан. УИХ-ын гишүүн, шийдвэр гаргах түвшний зарим хүн энэ үеэр золбин нохой, муурны түүх, сэтгэл өвтгөм зургийг хараад хэлэх үггүй болж. “Жилд ийм олон нохой, муур устгадаг гэж бодсонгүй” хэмээн толгой сэгсэрчээ. Энэ бол монголчуудын нийтлэг дүр байдал. Хэн нэгэн гэмтэж, бэртсэн нохой, муур олсон тухайгаа цахим сүлжээнд нийтлэхэд нийтээрээ хүмүүнлэг, амьтанд хайртай иргэн болж хувирдаг нь монголчууд. Амьтны тухай хуульдаа зөвхөн зэрлэг, ховор амьтдыг хамааруулж, тэжээврүүдийг нь “ялгаварлан гадуурхдаг” улс XXI зуунд Монголоос өөр үгүй. Байлаа ч бидэн шиг гудамжид гаргаж, жилд 90-100 мянгаар нь буудан хөнөөдөг балмад журам хэрэгжүүлдэг нь байхгүй болов уу.

Тиймээс эл асуудалд одооноос ул суурьтай хандъя. Олон улсын байгууллагынхан монголчуудыг шүүмжилж гэхээсээ илүүтэй бодит байдлыг гадаад ертөнцөөс тольдож, харууллаа гэж хүлээж авъя. Амьтны эрх хамгаалах нэгдмэл зорилгод зангидагдсан сайн дурын залуусын санаачилгыг ажил хэрэг болгох үүднээс дэмжье. Жил бүр нохой, муур устгалд зарцуулдаг төсвийн мөнгийг хэмнэе. Амьтдад ээлтэй орон болъё. Хойшдын үр нөлөөг нь тооцоололгүй, сэтгэлийн хөөрлөөр амьтан тэжээдэг, бусдад бэлэглэдэг явдлыг таслан зогсооё.

22
Зөв, гоёЗөв, гоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.