Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Өнөрболорын өөрөг буюу ажлаа хийдэггүй Гадаад харилцааны яам

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын өөрөг зураг өчигдрөөс хойш олон нийтийн, тэр дундаа цахим орчинд шүүмжлэл дагууллаа. Үүнээс гадна асуулт, эргэлзээ үлдээв.

Эхлээд шүүмжлэлийн тухай хөндье. Ерөнхийлөгчийг олон улсын “Внуково-2” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, тус улсын Гадаад харилцааны дэд сайд И.В.Моргулов нар угтан авч, хүндэт харуул жагсан, хүндэтгэл үзүүлж байхад Д.Өнөрболор гишүүн өөрийнхөө хөргийг дарж, “Өнө эртний харилцааны түүхтэй Орос оронд Монгол Улсын Төрийн тэргүүн хүрэлцэн ирлээ. Шинээр бичигдэх 100 жилийн түүхийг эхлүүлэх торгон агшныг мөнхөлсөн айлчлалын гэрч нь болж байгаад баяртай байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаар хуваалцсан юм.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг төлөөлөн яваа эрхэм гишүүн бүхний өмнө гараад, аялж, зугаалж буй аятай өөрөгдөж байгаа нь манай өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын дипломат ёс, дэг жаягийн талаарх наад захын ойлголтгүйн илрэл юм. Үнэндээ орчин цагт энгийн иргэд ч хаана, хэрхэн биеэ авч явах соёлд суралцаж, мэдрэмжтэй ханддаг болсон шүү дээ. Мөн манай иргэд маш хэрсүү болж байгаа. Жишээ нь, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров 2016 онд манай улсад айлчлахдаа цэнхэр жинсэн өмд, түүнтэй хосолсон өнгөтэй поло цамцныхаа гадуур хар пиджак өмсөн, зангиагүй бууж ирэхэд манайхан маш шүүмжлэлтэй хандсаныг санаж буй биз ээ. Тиймээс төрийн эрх бүхий хүмүүст дипломат ёслол, төрийн өндөр албан тушаалтны хувьд эзэмшвэл зохих дэг жаягийг сургавал яасан юм бэ.

Үүнийг анх удаа хөндөж буй юм биш. Өнөөгийн хууль тогтоогчдыг дөнгөж сонгогдсоны дараа тэднийг олон талаар боловсруулах шаардлагатайг дурдаж, сургалтад хамруулан, зөвлөгөө, мэдээллээр хангах ёстойг хэлж байсан. Хэрхэн хувцаслахаас авхуулаад хуулийн төсөл боловсруулах, төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд яаж оролцохыг нь хүртэл зааж өгье хэмээн хэвлэлүүд хэлж, бичиж байлаа. Учир нь Д.Өнөрболорын өөрөг анхны тохиолдол ч биш. Тухайлбал, 2016 оны сонгуулиар бүрдсэн УИХ-ын эмэгтэй гишүүд БНСУ-д айлчлахдаа хувцаслалтаараа нэлээд шүүмжлүүлсэн. Мөн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, хамгаалалтын ажилтан нар энэ мэт шүүмжлэлд өртөх нь бий. Тиймээс ч тэдэнд аливаа айлчлалын өмнө удирдамж, зааварчилгаа өгч, хийж болох, болохгүй үйлдлийг нь анхааруулдаг. Харин эрхэм гишүүн Д.Өнөрболорт энэ талаар ойлголт өгсөн болов уу.

Юутай ч Ерөнхийлөгч, УИХ-ын даргa, Ерөнхий сайд нарын гадаад улсад хийх аливаа айлчлалын ёслол хүндэтгэл, зохион байгуулалтын ажлыг Гадаад харилцааны яам хариуцан зохион байгуулах үүрэгтэй. Иймд Гадаад харилцааны яам үүнд урьд урьдынхаас илүүтэй анхаарал хандуулж, бусад байгууллагатай харилцан уялдаатай ажиллах цаг болжээ. Тэгээд ч сүүлийн жилүүдэд төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг манай ажил хариуцсан байгууллага, албан тушаалтан, мэргэжилтнүүд хангалтгүй зохион байгуулж, дипломат алдаа гаргах болсон гэж шүүмжлэх болсон нь нууц биш.

Нөгөө талаас УИХ-ын гишүүн гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байж дипломат ёсыг чанд баримтлах үүрэгтэйг хатуу анхааруулсан заалт өдгөө хэлэлцэж буй УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төсөлд бий. Өөрөөр хэлбэл, сургаж, бас зөвлөхийн зэрэгцээ хариуцлага тооцож, анхааруулах зохицуулалтыг илүү чамбай боловсруулан тусгаж яагаад болохгүй гэж. Гадаадад айлчилж байхдаа ажил хийж буйгаа үл ухамсарлаж, амин хувийн ашиг сонирхлыг илүүд тавьж, ар гэр, үр хүүхдэдээ давуу байдал үүсгэх гэсэн эрээ цээргүй хүсэлтийг манай албан тушаалтнууд гадаадынханд тавьдгийг ам дамжин ярьдаг шүү дээ.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн айлчлал албан ёсных уу, ажлынх байв уу гэдэг асуулт дагалдав. Д.Өнөрболор гишүүний өөрөгтэйгөө хамт хуваалцсан мандатынх нь зурагт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийж буй ажлын айлчлал” хэмээн тодотгожээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны яамнаас энэ удаагийн айлчлалыг албан ёсных хэмээн мэдээлсэн. Аль нь зөв юм бол.

Төрийн ёслолын журмын дагуу Ерөнхийлөгчийн айлчлал нь дээд түвшнийхэд хамаарна. Дээд түвшний айлчлал нь төрийн, албан ёсны, ажлын болон хувийн гэсэн ангилалтай. Төрийн айлчлалыг Ерөнхийлөгч л хийнэ. Тухайн улсад анх удаа айлчлах, харилцаа, хамтын ажиллагааны онцгой чухал асуудал хэлэлцэх, баримт бичиг байгуулах зэрэг зорилготой бол төрийн болон албан ёсны айлчлалд хамааруулдаг. Ерөнхийлөгч П.Очирбат 1993 онд ОХУ-д албан ёсоор айлчилж, хоёр улсын Төрийн тэргүүний анхны дээд хэмжээний уулзалт болсон түүхтэй. Үүнээс хойш 2006 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр хойд хөршид төрийн айлчлал хийсэн. Мөн 2011 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад айлчилсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд 2018 онд Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо ОХУ-д ажлын айлчлал хийж байлаа.

Хоёр орны хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцааны асуудал хэлэлцэх, зөвлөлдөх, санал солилцох, хоёр болон олон талын баримт бичиг байгуулах, олон улсын хурал, соёл, урлаг, спортын арга хэмжээ, түүхт ой, тэмдэглэлт үйл явдалд урилгаар оролцох, эмгэнэл илэрхийлэх зорилготой бол ажлын айлчлалд хамааруулахаар Төрийн ёслолын журамд тусгажээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Үүний өмнө тэд ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, шинэ шатанд гаргах цаг үе ирснийг манай Төрийн тэргүүн онцоллоо. Мөн “Транзит Монгол” болох зорилт тавьснаа дурдаж, 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих төслийг Ерөнхийлөгч В.В.Путинтэй ярилцаж шийдвэрлэсэн нь амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэв. Ерөнхийлөгч В.В.Путин цар тахлын улмаас эдийн засгийн хамтын ажиллагаа 2020 онд 20 хувиар буурсан ч энэ оны эхний гурван улирлын байдлаар 25 хувиар нэмэгдсэнийг дурдсан. Хэлэлцээний дараа тэд Ерөнхийлөгч нар “Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.

Ямар ч айлчлалын үеэр дагаж мөрддөг Төрийн ёслолын журам гэж бий. Тэнд айлчилж буй зочид, төлөөлөгчдийг угтахаас авхуулаад үдэж, мордуулах хүртэл зааж, журамласан байдаг. Тухайлбал, манай улсад аль нэг орны Төрийн тэргүүн (Ерөнхийлөгч) төрийн болон албан ёсны айлчлал хийж байгаа бол түүнийг нисэх буудалд Гадаад харилцааны сайд угтан авч, үдэхээр тусгасан байна. Харин ажлын айлчлал хийж байгаа тохиолдолд тухайн Ерөнхийлөгчийг манай талаас Засгийн газрын гишүүн буюу сайд угтахаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, ажлын айлчлалын үед заавал Гадаад харилцааны сайд угтаж, үднэ гэж заагаагүй. Ер нь дипломат ёс, журам олон улсад нийтлэг төстэй байдаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нисэх онгоцны буудалд ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд И.В.Моргулов угтсаныг дээр дурдсан шүү дээ.

Хоёр орны харилцаа, дипломат ёс гэдэг торгон мэдрэмж шаарддагийг мэргэшсэн, туршлагатай дипломатчид хэлдэг. Элчин сайд Х.Бэхбат нэгэн ярилцлагадаа дипломат ёсыг урлаг хэмээн тодорхойлсон байдаг. Дипломат харилцаанд үл анзаарагдам зүйлс ч том утга агуулга илэрхийлэх нь бий. Тэдгээрт гар барьж мэндчилэхээс авхуулаад хувцаслалт, өчүүхэн жижиг үйл хөдлөл гээд бүгд хамаарна, өөр өөрийн гэсэн дүрэм, утга агуулгатай гэдэг.

4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.