Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ашиглах, хамгаалахын аль аль нь чухал

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч Цэрэндоржийн Балдорж тэнгэрт дэвшсэнээс хойш 14 он улирчээ. Жил бүрийн энэ өдөр бид Бал эрхлэгчээ дурсаж, хийсэн, бүтээснээр нь бахархан, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

1981 онд түүний бичсэн “Ашиглах, хамгаалахын аль аль нь чухал” хэмээх нийтлэлийг Уншигч танд хүргэж байна. Тэрбээр “…мод огтлох төлөвлөгөөг биелүүлэхийн хойноос хөөцөлдөөд нөхөн ургуулж, өсгөн үржүүлэх, хайрлан хамгаалахыг огт хайхрахгүй байна” гээд, мод бэлтгэл нэрийн дор хууль зөрчиж байгааг сануулан, хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглахын аль аль нь чухал гэдгийг 40-өөд жилийн тэртээх нийтлэлдээ хөндөн бичжээ.

“Хамаагүй огтолж сүйтгэдэггүй байж дээ гэж хожим нь амаа барихгүйн тулд, холын хараагүй байжээ гэж хойч үеийнхэн, ач гуч нартаа зэмлүүлэхгүйн тулд бололцоотой бүхнийг одоо хийх хэрэгтэй” гэсэн Бал эрхлэгчийн үг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж буй энэ цаг үед үнэ цэнтэй санагдана.

Баримтаас эхэлье. 1980 оны тавдугаар сар. Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч дарга, хот тохижуулах газрын дарга нарын “удирдлагаар” Дүрс нарс гэдэг, мод огтлохыг хориглосон газраас хотод шилжүүлж суулгах зорилгоор мянган ширхэг зулзаган нарс огтолжээ.

Энэ сэдэвт хамаарахгүй учир ургасан эсэхийг ярихаа больё. БНМАУ-ын Ойн хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчиж болохгүйг улсын ой хамгаалагч Х.Шагдар дээрх нөхцөлд урьдчилан сануулсан байна.

Мөн оны арванхоёрдугаар сар. Дархан хотын материал техникийн хангамжийн газрын дарга А.Дорж, түүний орлогч Ц.Ваанчиг нарын заавраар ногоон бүсээс, тэгэхдээ бүр Тужийн нарснаас нойтон мод огтолж, мянга гаруй гуалин бэлтгэж, хашаа барьжээ.

Энэ нь БНМАУ-ын Ойн хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн хэрэг байв.

Гурав дахь баримт. Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйн ууланд огтлоод авалгүй орхиж, БНМАУ-ын Ойн хуулийн 28 дугаар зүйлийг зөрчсөн модны хэмжээ 92 мянган шоометр болоод байна. Ийм жишээ олныг ярьж болно.

БНМАУ-ын Ойн хууль зөрчсөн гэсэн үгийг олон давтлаа. Учир нь социалист хуулийг зөрчиж байгаа тухай л энд өгүүлэх тул уншигчийн анхаарлыг анхнаас нь үүнд төвлөрүүлэх гэсэн юм.

Энд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ой модтой хэрхэн харилцаж, яаж ашиглаж байгаа тухай өгүүлнэ.

Нутаг дэвсгэрийнх нь 40 гаруй хувийг ой мод эзэлдэг, зам харилцаа, үйлдвэр, хөдөө аж ахуй аль ч аймгаас илүү хөгжиж, орчин үеийн хүчит техник олширсон уг аймгийг сонгосон нь тохиолдол биш ээ.

Сэлэнгэ аймаг хадлан тэжээл, газар тариалангийн түшиц газар. Тэгвэл ой мод энд тариалангийнхаас бараг зургаа, хадлангийнхаас 20 дахин илүү талбай эзэлж байгаа юм. Сэлэнгэ модны үйлдвэрлэлийн том төв. Энд улсын модны аж үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг гаргаж байна.

Нөгөөтээгүүр Сэлэнгэд аж үйлдвэр хөдөө аж ахуйгаас илүү хурдацтай хөгжиж, нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийнх 60 шахам хувийг эзэлж байгаа нь манай аймгуудын, хөдөө орон нутгийн хөгжлийн маргаашийн дүр зураг болж байна.

Тэгэхээр арав, хорин жилийн дараа аж үйлдвэр улам хурдан хөгжиж, машин техник хаа сайгүй олшроод ирэхэд хүрээлэн байгаа орчинтойгоо хэрхэн яаж харилцахад Сэлэнгэ нутаг жишээ болох ёстой.

Сэлэнгэ аймагт ой модгүй, жимс, жимсгэнэ ургадаггүй сум байхгүй. Тэгэхээр мод хэрэглэдэггүй, жимс түүдэггүй сум бас байхгүй гэсэн үг.

Нэгэнт хууль ярина гэсэн хойно түүнээсээ эш татъя. Ойн хуулийн “Огтолсон модыг нөхөн тарих” тухай 16 дугаар зүйлд “Улс хоршоолол, олон нийтийн байгууллага огтолсон мод бүрийн оронд хоёроос доошгүй мод тарина… Мод тарьсан газрыг ойн байгууллага буюу ой хамгаалагчид хүлээлгэж өгнө” гэж заажээ. Бүх сангийн аж ахуй мод огтолдог ч тарьдаг нь ганц ч алга.

Ойн цоорхойд амт чанартай өвс бэлтгэсэн тухай мэдээ радио, телевизээр сонсож, сонин хэвлэлд харснаа уншигч та санаж байгаа байх.

Харамсалтай нь “Ойн захаас гадагш 100 метрийн дотор өвс хадахыг хориглоно” гэсэн заалтыг зарим хүн мэддэггүй ажээ.

Устай, хуурай Шаамараас эхлээд хаа л бол хаана шимт өвсийг шилмүүст нялх модтой нь хамт техникийн хүчээр шудраад өнгөрдөг баримтыг Сэлэнгийн ой хамгаалагчид хэдийг л бол хэдийг хэлнэ.

Дээр өгүүлсэн бүхэн болон түүн дээр нэмэх хурдан машинтай холын тээвэрчид замын хажуугаас, хаа дуртай газраасаа мод цавчиж унагаадаг, усны шувуу ирж эхлэнгүүт хол, ойрынх нь галуу ирдэг ганц газар-Цагааннууранд буу тачигнуулан өнждөг зэрэг олон баримт бол Ойн хууль зөрчиж байгаа жишээ юм. Бас өөр баримт өгүүлье.

Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуй нь БНМАУ-ын Ойн хуулийн 21, 25 дугаар зүйлийг зөрчиж, улсаас олгосон газраас дур мэдэн хэтэрч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Чагтайн сав хэмээх газарт мод бэлтгэж байсныг Ой модны аж үйлдвэрийн яамны шийдвэрээр 1979 оны зургадугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ойн аж ахуйн газрын даргын 134 тоот албан бичгээр шаардсаны дагуу тэр чиглэлд мод бэлтгэхийг зогсоох шийдвэр өгсөн боловч 1979 оны зургадугаар сарын 16-ны өдрийг хүртэл мод бэлтгэлийн ажлыг үргэлжлүүлсээр байв.

Сар гаруйн хугацаанд дөрвөн удаа газар дээр нь очиж үзэхэд БНМАУ-ын Ойн хуулийн 25-ын Д зүйлд зааснаар мод бэлтгэсэн газраа бүрэн гүйцэд цэвэрлээгүй, байгууллагын шаардлагыг биелүүлээгүй байна.

Иймээс БНМАУ-ын Ойн хуулийн 28 дугаар зүйлийн Б-д заасан зөрчил гаргаж, зөвшөөрөлгүй мод огтолсон тул 1979 оны зургадугаар сарын эхний 15 хоногт тэр чиглэлд мод бэлтгэж байгаа дөрвөн бригадад 4445 ширхэг буюу 3258 шоо метр модны үнэ 85 202 төгрөг 30 мөнгөний хураамжийг тав нугалж, 426 011 төгрөг 50 мөнгөөр төлүүлэхээр акт тогтоов”.

Энэ актыг Ой модны аж үйлдвэрийн яам (ОМАҮЯ) баталжээ. Гэхдээ Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуй уг мөнгийг төлсөнгүй.

Ой ашиглалтын байдал иймэрхүү л байна.

Бид гол зүйлдээ одоо л дөхөж очлоо. Хяналт тавих ойн аж ахуй, хяналт тавиулах мод бэлтгэлийн аж ахуй хоёр нэг яаманд харьяалагддаг. Энэ тухай манай сонинд бичиж, санал дэвшүүлж байсан.

Хайрлан хамгаалах, огтолж зүй зохистой ашиглах хоёрын аль аль нь чухал. Тэгэхдээ одоогийн байдлаас үзэхэд мод огтлох төлөвлөгөөг биелүүлэхийн хойноос хөөцөлдөөд нөхөн ургуулж өсгөн, үржүүлэх, хайрлан хамгаалахыг огт хайхрахгүй байна. Үүнийг дээр дурдсан баримт нотолж байна.

Сэлэнгэ аймагт мод бэлтгэлийн хоёр, ойн хоёр аж ахуй бий. Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйд гэхэд хүчит трактор, машин техник бүгд бий. Өөрийн авто бааз ч байна.

Гэтэл ойн аж ахуйд ачааны суудлын, дуудлагын нэг, нэг тэрэг, ганц мотоциклоос өөр техник, тэр ч байтугай ой хамгаалагчид өгөх буу ч байхгүй. Ой хамгаалагчид алдаг оног унааны морьтой, харин хариуцсан газар нь нэлээд их.

Хайран ой! Хамаагүй огтолж, сүйтгэдэггүй байж дээ гэж хожим нь амаа барихгүйн тулд, холын хараагүй байжээ гэж хойч үеийнхэн ач, гуч нартаа зэмлүүлэхгүйн тулд бололцоотой бүхнийг одооноос хийх ёстой.

Үүний тулд ойн аж ахуй, агнуурын хэргийг шалган байцаах газрыг ОМАҮЯ-ны харьяанаас салгаж, хийх ажлын цар хүрээ, эрх мэдлийг нэмэгдүүлж, улс орны өмнө төдийгүй ирээдүйн хойч үеийнхний өмнө хариуцлага хүлээх байгууллага болгох зохион байгуулалтын арга хэмжээг авмаар байна.

2
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.