Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ажлын айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны ажлын айлчлалаа 2010 оны 3 дугаар сар 8-ны өдөр Бүгд Найрамдах Австри Улсаас эхэллээ. Ажлын айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Вена дахь салбар төвийн захирал Антонио Мариа Костатай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс НҮБ-д элсээд 50 жил болсныг тэмдэглэж энэ хугацаанд үр дүнтэй хамтран ажилласныг онцлон дурдав. Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан малчдад тусламж, дэмжлэг үзүүлэх уриалгыг Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах НҮБ-ын албанаас гаргахаар бэлтгэж байгаад талархал илэрхийлэв. Мөн Монгол улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хянах туршилтын хөтөлбөрт сайн дураараа оролцсон цөөн орны нэг болж идэвхтэй ажилласныг дурдав.
Цаашид Авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуурамч эм бэлдмэлийг гадаадаас оруулахгүй байх холбогдох байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, Мансууруулах бодисын ургацын тархалтыг тогтооход шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, арга зүйн чиглэлээр НҮБ-тай  хамтран ажиллах саналуудыг Ерөнхий сайд С.Батболд тавилаа. Энэ саналыг НҮБ хүлээн авч хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.
Ерөнхий сайд С.Батболд Монгол улсын дипломат албаны бэлэг тэмдэг болсон Алтан гэрэгээг НҮБ-ын Вена дахь салбар төвд дурсгал болгон хадгалуулахаар А.М.Костад гардуулан өгөв.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Бүгд Найрамдах Австри Улсад хийх ажлын айлчлалын бүрэлдэхүүнд тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Р.Буд, Ч.Сайханбилэг, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар, Төрийн дипломат ёслолын газрын захирал Р.Алтангэрэл зэрэг албаны хүмүүс багтан явж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.