Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөх ордны цахим хуудсанд хандсан хүний тоо 204 мянга давжээ

БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Янсан хотын дунд сургуульд сурдаг монгол охин А өнгөрсөн долдугаар сарын 3-нд үе тэнгийнхээ солонгос охидод зодуулж, доромжлуулан хүчирхийлэлд өртсөн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд арванхоёрдугаар сарын эхэнд мэдээлснээр олон нийтэд анх ил болсон. Гадаадад амьдарч буй монгол хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн тухай хожуу боловч дуугарч эхэлсэн манай эрх бүхий байгууллагынхан энэ хэргийг хуулийн хүрээнд шударга шийдүүлэхээр БНСУ-ын талд хандсан гэдгээ мэдээлсэн. Тэгвэл тус улсад ажиллаж амьдардаг Аззаяа, Золбоо (“YouTube”-т “Zolboo Tv” сувагтай) нарын хэсэг хүн А охины асуудалд нухацтай хандан холбогдох байгууллага, хүмүүстэй уулзаж хууль, эрх зүйн үйлчилгээ авахад нь зуучлан ажиллаж байгаа аж. Хохирогчийн ээж, гэр бүлийнхэн нь Монголын ЭСЯ, Консулын газарт хандахаасаа илүүтэй тэдгээр иргэнийг түшиж, тусламж, үйлчилгээ авахаар шийдсэн гэнэ. Үүний дагуу иргэн Аззаяа Сөүлийн дээд шүүхийн хүрээнд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг фирмүүд, сайн гэсэн өмгөөлөгчдийн талаарх мэдээлэл цуглуулан, ажлын туршлага зэргийг нь харгалзан хоёр хүнийг сонгосон аж. Тэдгээр өмгөөлөгчийн талаарх мэдээлэлтэй танилцсаны эцэст хэнээр нь өмгөөлүүлэхээ А охин шийдэх юм байна.

Сургуулийнхаа 13-14 насны дөрвөн хүүхдэд зодуулж, зургаан цагийн турш хүлээстэй байж, хүчирхийлэлд өртөн, бие, сэтгэлийн шарх авсан монгол охины талаар БНСУ-ын Төрийн тэргүүний сонорт хүргэхээр Хөх ордны албан ёсны сайтад “Гадаадын иргэн харьяат, сурагч охиныг бүлэглэн зургаан цаг танхайрсан дөрвөн этгээдийн нэрийг зарлаж, хатуу шийтгэл ногдуулна уу” гэсэн өргөдлийг тус улсын иргэдийн санаачилгаар байршуулсан. Үүнд иргэдийн саналыг ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл авч буй. Уг саналын тоо 200 мянгад хүрвэл Ерөнхийлөгчид уламжлах учиртай. Аливаа асуудлыг Хөх ордны түвшинд хүргэхэд уламжлалт эл арга маш үр дүнтэй байдаг аж. Тэгвэл энэхүү хуудсанд хандан саналаа өгсөн хүний тоо өчигдөр 20.50 цагийн байдлаар 204 200-г давсан байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.