Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сувилагчийн хэргийг шүүж, ялын дээд хэмжээ ногдуулав

2017 онд сувилагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дөрвөн өвчтөнийг санаатай хөнөөсөн хэргийг АНУ-ын Техас мужийн шүүхээр хэлэлцэж эхэлжээ. 37 настай Уильям Дэвис тус мужийн “Кристус Тринити эх” хэмээх эмнэлгийн Хагалгааны дараах сэхээн амьдруулах тасагт 2017 онд сувилагчаар ажиллаж байхдаа ийм гэмт хэрэг үйлдсэн аж. Хохирогчид зүрхний мэс заслын дараа биеийн байдал нь нэлээд тогтворжсон байсан ч цус харвалтын шинжтэй нас баржээ. Тухайн тохиолдлуудад бүгдэд нь Дэвис жижүүртэй байж таарсан бөгөөд үүнээс улбаалан түүнийг сэжиглэн, баривчилжээ. Сувилагч “Өвчтөнүүдийн артерын судсаар хийсэн дуслын тарианы шингэнийг зориуд “бөмбөлөгтэй” болгосон” гэж хэргээ хүлээсэн байна. Техас мужийн шүүхээс түүнд цаазаар авах ял оноожээ. Яагаад ийм хэрэг өдүүлсэн талаараа “Зүгээр л жаахан хөгжилтэй байхыг хүссэн” гэж хариулсан цуврал алуурчин гэмт үйлдлээ 2017, 2018 онд хийсэн бөгөөд хохирогчид нь 47-74 настай байжээ.

Үүнтэй адил ажил үүргээ аллагын зэвсэг болгосон гэмт хэрэг тус улсад өмнө нь ч гарч байсан юм. Тухайлбал, 37 хүний амийг хөнөөсөн Дональд Харви хэмээх, эмнэлэгт хэв журам сахиулагчаар ажиллаж байсан хүний хэрэг нийгэмд нэг хэсэг шуугиан дэгдээсэн. Тэрбээр 1968 онд 18 настайдаа АНУ-ын Кентукки дэх эмнэлгээс карьераа эхлүүлсэн бөгөөд 10 сарын хугацаанд тэнд ажиллахдаа арав гаруй өвчтөний амийг хөнөөсөн гэдгээ хүлээсэн байдаг. Харви өвчтөнийг зовлон зүдгүүрээс гэтэлгэхийн тулд ийм шийдвэрт хүрсэн гэж мэдүүлсэн байдаг. Эхний хэргүүд нь 17 жилийн дараа илэрсэн бөгөөд тэр хугацаанд мөн 20 гаруй хүнийг хүнцэл, цианид, инсулинээр тарих, амьсгалыг боох, хүчилтөрөгчийн аппаратыг унтраах зэргээр янз бүрийн аргаар хороожээ. Өөрийгөө “үхлийн сахиусан тэнгэр” хэмээн нэрлэсэн гэмт хэрэгтнийг бүх насаар нь хрих ялаар шийтгэсэн. Түүнийг 2017 онд хамт хоригдож байсан хоригдол нь зодож, амийг нь авчээ.

Түүнчлэн Британийн Чешир гүнлэгийн төрөх эмнэлэгт ажиллаж байсан сувилагч, 29 настай эмэгтэй 17 нярайг хөнөөсөн хэргээ хүлээсэн нь саяхан. Тэрбээр мөн л ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зориудаар “алдаж” гэмт хэрэг хийжээ. Мөн Японы Йокохама хотод нэгэн сувилагч өндөр настай гурван үйлчлүүлэгчийнхээ дуслын тарианд ариутгалын бодис шахаж, амийг нь хохироосон аж.

Бэлтгэсэн Ж.Хаан

2
ХарамсалтайХарамсалтай
1
Савж уналааСавж уналаа
1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.