Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хорт бодисын хэмжээ 3-5 дахин ихэсжээ

Улаанбаатар хот энэ жил ноднин, уржнангийнхаас их утаатай, түүхий нүүрс хэрэглэдэг үеийнхээс ялгаагүй байна. Өнгөрсөн сард гэхэд Монголын нийслэл агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийн хотуудыг манлайлж, муу үзүүлэлтээр эхний 20-д цөөнгүй удаа багтсан юм. Тэгвэл шинэ сар гарч, цаг агаар ялимгүй хүйтрэх төдийд хотын агаарын чанар эрс муудаж, нийслэлчүүдийг хорт хийн багаа “санагалзахад” хүргэв. Нийслэлийн агаарын чанарын сүүлийн долоо хоногийн мэдээлийг харахад бохирдуулагч бүх бодис стандартаас давжээ. Тодруулбал, нэг шоо метр дэх хүхэрлэг хийн долоо хоногийн дундаж агууламж хүлцэх хэмжээг 71, азотын давхар ислийнх 21, нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцрынх 64-65, нүүрстөрөгчийн дутуу ислийнх 900-1200 мкг-аар давжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3-5 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. 24 цагийн дунджийг авч үзвэл нэг шоо метр дэх хүхэрлэг хийн агууламж МҮОНРТ орчимд 433 мкг-д хүрсэн нь хүлцэх хэмжээнээс 8.6 дахин ихэссэн, хамгийн муу, өндөр үзүүлэлт болж байна. Баруун дөрвөн зам, Хайлааст орчимд нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцор стандартаас 3.5-5.2 дахин ихэссэн нь мөн долоо хоногийн өндөр үзүүлэлтэд багтав.

Өчигдөр 20.00 цагийн байдлаар Баянхошуу, Хайлааст орчимд агаар маш их бохирдолтой буюу хамгийн муу үзүүлэлтдээ хүрсэн байв. Харин Толгойт, МҮОНРТ, Дамбадаржаа, Таван буудал, Нэгдүгээр хороолол орчим их бохирдолтой буюу хорт бодисын хэмжээ хүний эрүүл мэндэд аюул учруулахаар түвшинд хүрсэн байлаа. Дэлхийн хотуудын агаарын чанарын мэдээллийг хүргэдэг “AirVisual” сайт энэ үед Улаанбаатарыг бохирдлын түвшингээр 95 хотоос 14 дүгээрт эрэмбэлсэн юм. Агаар бохирдуулагч гол бодисуудын нэг нарийн ширхэгт тоосонцрын өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үе болон хүлцэх хэмжээтэй харьцуулсныг графикт үзүүллээ.

Бэлтгэсэн Ж.Танан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.