Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Рохинжчууд “Фэйсбүүк”-ийн эсрэг зарга мэдүүллээ

Мьянмарын мөргөлдөөний үеэр рохинжчуудын эсрэг үзэн ядалтыг өдөөсөн хэмээн “Фэйсбүүк” компанийг Британи, АНУ дахь эл рохинж үндэстний төлөөлөгчид буруутгаж, нэхэмжлэл гаргажээ. Британийн “Guardian” сонины цахим хуудаснаа мэдээлснээр АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотын Хойд дүүргийн шүүхэд 150 сая фунт стерлингийн (200 орчим сая доллар) нэхэмжлэл гаргасан аж.

Исламын шашинт цөөнхийн төлөөлөгчдийн эсрэг үзэн ядалтыг өдөөсөн мэдээллийг устгалгүй, хэрэглэгчдэдээ харуулсан тул “Фэйсбүүк”-ийг Мьянмар дахь рохинж үндэстнийг хавчин гадуурхахад хувь нэмрээ оруулсан гэж буруутгаж байна. Нэхэмжлэл гаргагчид тус компанийг нөхцөл байдлыг ойлгох нутгийн модераторуудыг ажилд аваагүй, рохинж үндэстнийг устгахыг уриалсан групп, хэрэглэгчийн хуудсыг устгаагүй гэж мэдэгджээ.

“Фэйсбүүк” хариуцлага хүлээсэн ч нөхөн олговор огт төлөөгүй бөгөөд Мьянмараас рохинжчууд олноор дүрвэсний дараа амьд үлдсэн нэг ч хүнд дэмжлэг үзүүлээгүй” гэж нэхэмжлэгчдийн эрх ашгийг төлөөлж буй хуулийн “McKew & associates” фирмийн мэдэгдэлд дурдсан байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар “Фэйсбүүк”-ийг эзэмшдэг “Мета” компани хараахан тайлбар хийгээгүй байна. 2017 онд Мьянмарын дотоод нөхцөл байдал хурцдахад “Фэйсбүүк” үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй гэсэн байр суурийг урьд нь НҮБ-ын шинжээчид илэрхийлсэн. Мөн оны наймдугаар сард “Рохинжчуудыг аврах Араканы арми” хөдөлгөөний дайчид цагдаагийн түшиц 30 цэгт халдсаны улмаас Ракхайн мужийн байдал хурцадсан юм. Үүний дараа Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн тус бүс нутагт цэргийн ажиллагаа явуулсан билээ. НҮБ-ын мэдээлснээр 2017 оны үйл явдлын дараа 740 мянга орчим рохинж хүн Мьянмараас Бангладеш руу дүрвэсэн байна. Хил хязгааргүй эмч нарын тооцоолсноор 9000 орчим хүн амиа алджээ.

Мьянмарын эрх баригчид рохинжчуудыг Бангладешаас ирсэн, хууль бус цагаачид гэж үзэж, тус улсад олон жил амьдарч байгаа энэ угсаатны цөөнгүй төлөөлөгчийг иргэнээр хүлээн зөвшөөрдөггүй. Ракхайн мужид шашин шүтлэгээс улбаатай мөргөлдөөн удаа дараа дэгдэж, исламын шашинтнууд болон нутгийн буддистууд хоорондоо сөргөлдсөөр ирсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.