Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Голомт”-ын Д.Баясгаланд холбогдох нэг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөв

“Голомт” банкийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Д.Баясгаланг нэг бус үндэслэлээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах тухай тогтоол НПГ-аас баталж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн нэг үйлдэл нь “Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболдоос дөрвөн сая ам.долларын хагасыг нь хууль бусаар авсан гэх хэмээн дуулиан шуугиан тарьж байсан явдал. Өөрөөр хэлбэл, улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт хамтатган шалгаж байгаад тусгаарласан үйлдэл. “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд 2018 оны арванхоёрдугаар сард “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Д.Дорлигжав нарт дөрөв байтугай сая ам.доллар өгсөн” хэмээн мэдэгдэж байсныг уншигчид санаж байгаа. Д.Дорлигжав улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая ам.долларын хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгасан ч АТГ-аас 2020 оны зургадугаар сард хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хаасан юм. Харин “Голомт” банкаар дамжуулан Д.Баатарын “Рекат Монголиа” ХХК-ийн данс руу шилжүүлсэн дөрвөн сая ам.долларынхоо хагасыг олж авч чадаагүй Т.Ганболд хууль хяналтын байгууллагад дахин гомдол гаргаснаар Д.Баясгаланд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн 2002 оны Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэгт заас наар бусдад онц их хэмжээний хохирол учруулж эд хөрөнгө завшсан, 265.2-ын “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учирсан” гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл эл үйлдлийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгох тогтоол прокурор батлаад “Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболдыг иргэний журмаар шүүхэд хандаж хохирлоо нэхэмжил гэсэн санал хүргүүлж буй сурагтай.

“Голомт” банкийг үүсгэн байгуулагч Д.Баясгаланг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй өөр нэг хэрэг нь Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлтэй холбоотой. Түүний хамаарал бүхий, үүсгэн байгуулсан гэж ч болох “Цэцэнс майнинг энержи” компани уул уурхайн төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 140 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют зээлсэн гэдэг. Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутаг дахь Бөөрөлжүүтийн талын хүрэн нүүрсний ордод түшиглэн уурхай, цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхийн тулд дээрх зээлийг авсан ч зориулалт бусаар зарцуулж, гадаад орноор дамжуулан “Голомт” банкныхаа дүрмийн санг нэмэгдүүлсэн гэх хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж буй юм билээ. Хөгжлийн банкны эх сурвалжуудын мэдээлснээр зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа гэнэ. Харин эдийн засагч, шинжээчид ФАТФ-ын “Хар жагсаалт”-д ороход зарим банкны дүрмийн сан гэнэт их хэмжээгээр нэмэгдсэн нь нөлөөлсөн. АТГ-т шалгаж байгаа, “Голомт” банкны хамаарал бүхий “Цэцэнс майнинг энержи” ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэг нь үүний нэг төлөөлөл байх хэмээн хардаж буй билээ.

Юутай ч Д.Баясгалан, түүний үүсгэн байгуулсан банк, уул уурхайн компанийн зээлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж нэг тийш нь болгож шийдвэрлэх биз ээ.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.