Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иргэний өчил “Гэм зэм”

 

“Орфей” театрыг зорьсон минь

Иргэн Раскольниковын шүүх хуралд иргэний хяналт тавьсан тухайгаа энд сийрүүлье. Миний бие сайн дураараа шүүх хуралд иргэний төлөөлөлөөр оролцохоор Оросын шинжлэх ухааны соёлын төвийг зорьсон юм. Шүүх хурал болохоос 30-аад минутын өмнө ирсэн учир эргэн тойрноо ажиглаж, сонирхов. Тэнд миний адил  иргэний хяналт тавихаар олон хүн иржээ. Ирсэн зочид Раскольниковын “Гэм зэм” гэсэн пайзны урд патиар татуулж, Оросын алдарт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн номуудыг сонирхон, худалдан авч байв. Зарим нь хоёр давхарт байрлах мини тайзыг сонирхож мөн л зургаа татуулж байлаа.

Ингэсээр “Орфей” танхимд удахгүй шүүх хурал эхлэх гэж байгаа тул суудлаа эзлэхийг чанга яригчаар зочдод анхааруулав. Танхимын үүдэнд бидний хэсэг иргэн очиход харуул сонин тарааж байв. Үзвэл “Раскольников Ардын баатар уу, Алуурчин уу” гэсэн гарчигтай нийтлэл сонины тэргүүн нүүрт гарчээ. Сонингоо гарчиглангаа шүүх хурал эхлэхийг хүлээж суув.

“Ардын баатар уу, алуучин уу?”

Шүүх хурал удалгүй эхэллээ. Цар тахалтай холбоотойгоор 50 хувийн дүүргэлттэйгээр гэрчүүдийг цуглуулжээ. “Орфей” танхимд шүүгч орж ирэхэд, нийт гэрч хүндэтгэл үзүүлж босож, эргээд суудалдаа  тухаллаа. Энэ үед хөшиг нээгдэж гав дөнгөтэй иргэн Раскольников хоёр давхар тайзны дээд давхарт сууж байгаа нь түгшмээр ажээ. Шүүгдэгчийг ардын баатар, алуурчин аль нь болохыг улсын яллагч, өмгөөлөгч хоёр нэгэндээ чөлөө өгөлгүй, мэтгэлцэж шүүгчийг болон гэрчүүдийг “ятгав” эхлэх нь тэр. Миний хувьд энэ мэтгэлцээнд улсын яллагчид 70 хувь итгэл өгснөө хэлье. Улсын яллагч Орос улсын хууль, шүүхийн өмнөөс Раскольниковд цаазын ял тулгаж, магадгүй бүр хувиасаа түүнийг аймшигтайгаар үзэн ядаж буй мэт. Баримт нотолгоо, үндэслэлээ тод бөгөөд маш хурцаар гаргах түүний харц, хөдөлгөөн бүр нь шийдэмгий. Түүний дэвшүүлсэн нотолгооноос  “Ээжийн захидал”, “Мөрдөгчийн ам зураг”-ийг энд онцолье. Улсын яллагчийн дүрийг МУГЖ Д.Ганцэцэг авьяас, туршлагаараа “зодож” тултал нь бүтээжээ. “Браво, браво” үнэхээр гайхалтай. Улсын яллагчийн дүрийг гойд сайн гаргаж чадлаа гэж тусгайлан алга ташмаар.

Би бурханд итгэдэггүй. Зөвхөн өөртөө л итгэдэг. Би өршөөл гуйхгүй.

Улсын яллагч Алена Ивановна

Миний хувьд онцлох дүр:

Улсын яллагчийн дараа удаах байранд ахлах мөрдөгч Порфирий Петровичийн дүр байв. Тэрээр Петербургийн цагдаагийн газрын урдаа барьдаг мөрдөгчийн нэг билээ. Энэ дүрийг жүжигчин Б.Одгэрэл, Б.Баярсанаа,  П.Дайриймаа, Д.Өсгүүнбилэг, А.Анужин зэрэг олон жүжигчин хамтран бүтээсэн гэдгээрээ онцлогтой. Раскольниковыг байцаах үеэр нэг хүнээс ямар олон дүр төрх гарч болдогийг энэ дүрээр илэрхийлэх мэт. Мөн олон хүн нэг хүн мэт жүжиглэсэн нь их сонирхолтой байлаа. Мөн сэтгэлзүйч Зосимовын дүр онцгой өгүүлэмжтэй.

Сэтгэлзүйч Зосимов
Ахлах мөрдөгч Порфирий Петрович

Хөдөлдөг тайз ба дэлгэц:

Технологийн шийдлийг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Жүжигчдийн сэтгэл хөдлөл, нүүрний хувирлыг дэлгэц хамгийн арын суудалд сууж буй хүнд ч “хүргэж өгч” байв. Хөдөлдөг хоёр давхар тайзаар он цагийн хэлхээст болсон үйл явдлыг их цэгцтэй илэрхийлсэн санагдлаа. Мөн орон зайг хэмжээсийг ч сайн үзүүлж чадав. Бяцхан шүүмж хэлэхэд, гэрэлтүүлэг, дууны найруулага ядмагхан байв. Гэхдээ амьд хөгжим нь ямар супер гээч.

Хөдөлгөөний найруулагч У.Эрдэнэбаяр

Хөдөлгөөний найруулагууд их гоё донжтой. Ялангуяа мөнгө хүүлэгч эмэгтэйг охины хамт сүхдэж алсан хэргийн талаарх ахлах мөрдөгч Порфирий Петровичийн хөдөлгөөний найруулагчийн ам зургийг ганцхан сандал, хэдхэн жижиг хэрэгслээр маш сайн гаргаж иржээ. Жүжигчний хөдөлмөрийг хөнгөвчилсөн их сайхан хөдөлгөөнүүдийг тавьсан нь үзэгдэл бүрт анзаарагдаж байв.

Ухаарал

Уг нь энэ жүжиг 155 жилийн өмнө тавигдсан баймаар. Гэтэл өнөөгийн нийгэмтэй адил байх нь хачирхалтай. Тэгэхээр бидний амьдрах орчин л өөрчлөгдөөд байдгаас хүний дотоод мөн чанар огтоос өөрчлөгддөггүй юм болов уу.

Жүжгийн дүр бүр гэм зэмтэй боловч өршөөх шалгаантай байв. Үнэт зүйлээ гээсэн биеэ үнэлэгч боловч өөр нэгний нүдээр Соня бол хамгийн үзэсгэлэнтэй, гэнэн цагаанхан бүсгүй. Хоёр дүүгийнхээ  төлөө л аргагүй эрхэнд л ингэлээ. Хайран охин гэж халаглах мэдрэмж төрөв. Дуня ч ялгаагүй ах Раскольниковыг л аврах гэж баян эрийн өмнө сөгдөж гутлыг нь арчиж байна шүү дээ. Буруутгах, бас цагаатгах сэтгэл гэж нэг иймэрхүү мэдрэмж байдаг аж. 

Энэ дэлхий ертөнц дээр эхээс төрөхдөө л хүнийг сүхдэж алдаг хэрцгийн догшин алуурчин гэж үгүй. Харин амьдрал хэмээх урт удаан хугацааны замнал биднийг ийм болгодог юм болов уу. Магадгүй, Расконолков тэр эмгэнийг сүхдэж алсан нь цаазлуулах ёстой алуурчин шиг ч нөгөө талаасаа ардын баатар байж мэднэ. Яагаад гэж үү. Гэмт хэргийг тэр л үйлдчихсэн боловч бусад бүх хүмүүс эмгэнийг алаад эд хөрөнгийг нь дээрэмдэх санаа өвөртөлж явсан шүү дээ. Жүжгийн дүр бүрээс хэнийх нь ч зөв болохыг шүүж чадахгүй байлаа. Зохиолч хүний дотоод сэтгэлийн өөрчлөгддгүй мөн чанарыг дүр бүрээрээ зөвтгөж, ямар ч дүрээ буруутгаагүй шиг. Эцэст нь “Ардын баатар уу, алуучин уу?” гэх эдрээтэй асуултаас үл харгалзан шүүх хурлын “Орфей” танхимд иргэн Раскольниковыг иргэдийн төлөөлөлийн хувьд цагаатгаж орхилоо.

Хоёр төрлийн хүмүүс байдаг нь гашуун үнэн. Эхний төрөл нь байгалиасаа дорд, өөртэйгөө л адилхан хүмүүсийг төрүүлэх цор ганц зориулалттай материал төдий эгэл хүмүүс. Нөгөө төрлийн хүмүүс нь жинхэнэ буюу дээд, агуу хүмүүс. Тэд өөрийнхөө орчин, хүрээлэлд шинэ соргог үг хэлэх авьяас билигтэй, хувьсгалч хүмүүс. Агуу хүмүүс хуулиас давсан үйлдэл хийдэг, ирээдүйг сайн сайхан болгохын тулд өнөө цагийг сүйтгэдэг. Македоны, Александр, Юлий Цезарь, Наполеон. Энэ аугаа буянт үйлстнүүд, хүн төрөлхтнийг тохинуулагчдын дийлэнх нь онцгой аймшигтай цус урсгагчид байсан нь үнэхээр гайхалтай.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 thoughts on “Иргэний өчил “Гэм зэм”