Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан жүжиг тоглохоо больё

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан, улсын 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөрт хамрагдах болзол хангасан эхний 428 хүүхдийн нэрийг өчигдөр зарлав. Боловсрол, шинжлэх ухааны сайд тушаал гаргаж байгуулсан ажлын хэсгийнхэн Боловсролын үнэлгээний төвийн мэдээлэлд үндэслэн, сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн Боловсролын газраар хянуулан баталгаажуулжээ. Ингэснээр эдгээр хүүхдэд шилдэг их, дээд сургуульд суралцах боломж олгож буй талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар мэдээлсэн юм.

Төрийн тэргүүний зарлигийн дагуу Засгийн газраас баталсан Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас доошгүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч, онооны дунджаар тэргүүлсэн сурагч үүнд хамрагдах болзолтой. Болзол хангаж, илгээлт гардаж авсан хүүхдүүд төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний, харилцааны, албан бичгийн чадвар эзэмшин, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэргийг ч судална. Үүний дараа гадаадын шилдэг их, дээд сургуульд тэнцсэн тохиолдолд суралцах аж. Сайхан хэрэг. Сайн ч үйлс.

Завхан аймгаас уг хөтөлбөрт сонгогдсон, Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын II сургуулийг төгссөн охинд гадаадын их, дээд сургуульд суралцах болсныг нь дуулгаж буйг харуулсан дүрстэй мэдээллийг үзлээ. Төрийн, төсвийн, татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад сургах хэрнээ эгээ л У.Хүрэлсүх гэдэг хувь хүн бүх зардлыг нь гаргасан мэт ихэд хөл хөөрцөг болгон сурталчлах нь юуны учир вэ. Сурагч дунд сургуулиа төгслөө, элсэлтийн ерөнхий шалгалт өглөө, дээгүүр оноо авлаа, үүрэг хүлээсэн байгууллага нь журмын хүрээнд шүүлээ, сургахаар илгээх хүүхдүүдийг онооны дарааллаар сонголоо, эрхийг нь олголоо. Ингээд болчихдоггүй, яасан дуусаж, дундардаггүй сурталчилгаа вэ. Юуны төлөө юм бэ. Нэр дэвшдэгээ дэвшээд, ялаад, суудалдаа хүрсэн биш үү. Ерөнхийлөгч өөрөө ингэе гээд байгаа юм уу, эс бөгөөс албан хаагчид нь зоргоороо хийв үү.

Өвлийн хүйтэнд хаа байсан Тосонцэнгэлээс нэгэн охиныг Улаанбаатарт ирүүлсэн бололтой юм. Ерөнхийлөгчийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар хоёр хар жийп хөлөглөн буцааж нутагт нь хүргэж ч байх шиг. Баярт мэдээг эмээд нь дуулгаж уйлууллаа. Багш нартай нь уулзаж, тэд нулимсаа хэрхэн арчихыг нь харлаа. Охин оросоор дуулдаг юм байна. Студид дуулуулж, “хоолой бэлдэж” дүрс бичлэгт “нааж”. Бөөн ажил, цаг хугацаа, шатахуун. Хар жийпний бүхээгийн гадна “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” гэдэг таних тэмдэг хадчихсан ч байх шиг. Социализмын үед ачаа тээврийн шилдэг жолоочийн машины хаалганд “Социалист хөдөлмөрийн төлөө бригадын гишүүн”, “Саятан жолооч” гэх зэргээр бичиж, урамшуулдаг байсан билээ. Түүнээс юуны ялгаатай.

Өнөөх Ч.Лодойравсал зөвлөх, А.Үйлстөгөлдөр дэд дарга нар сурагчид “Ерөнхийлөгчийн захиа даалгавар” гэсэн бичиг хүлээлгэж өгөхөд охин уншиж баярласан. Хөдөө эмээгийнд нь очиж, Ерөнхийлөгчийн илгээлт гэх, У.Хүрэлсүхийн хөрөг зураг бүхий бичээсийг хотоос очсон дарга нар уншиж гардуулахад дээл ч үгүй зогсож байгаадаа сандарсан эмээ нь хүлээж аваад авдар дээрээ залсан.

Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртөө тусгаж, амласан байж болно. Сурлага сайтай залуусыг төрийн хөрөнгөөр гадаадад сургаж болно. Гэхдээ зөв, буруу, баруун, солгойгүй, цаг үеийн талаас нь аваад үзсэн ч мэдрэмжгүй ийм сурталчилгаа бол илүүдчихжээ. Ерөнхийлөгч, Тамгын газрынхан нь жүжиг тоглохоо больчих оо.

3
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан жүжиг тоглохоо больё

  • Зочин says:

    Цаг үеээ олсон зөв ажил гэж харж байна, бусад сурагчдад үлгэр дуурайл болж илүү сайн сурах урам зоригийг өгч байна. Жүжиг тавихдаа биш ингэж сурталчилж байна олон хүнд хүрнэ, сайхан сэтгэгдэл төрүүлж сэдэл (мотивац) өгнө шүү дээ.