Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.ТӨГСБИЛЭГТ: Өрөг дээрх нүүдлээрээ ярилцаж, ур чадвараа харуулъя

УДЭТ-ын жүжигчин Ц.Төгсбилэгт хүүхэд байхаасаа го хөлөгт тоглоомоор хичээллэн, ур чадвараа ахиулж амжилт гаргасан тамирчдын нэг. Монгол дахь А зэрэглэлийн тэмцээнд эхний гурван байрт шалгарч ирсэн тэрбээр II дантай, 117 тамирчнаас чансаагаараа V байрт жагсдаг. Хэдийгээр урлагийн салбарт хөл тавьсан ч сонирхлоо орхилгүй хобби болгож хөгжүүлсэн. Тайзан дээр завгүй ажиллахын хажуугаар тэмцээнд оролцож, өөрийгөө байнга сорьдог. Насанд хүрэгчдийн УАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл, багийнхад алт, Японы Элчин сайдын нэрэмжит цомын төлөөх тэмцээнээс мөнгөн медаль нэг бус удаа хүртсэн түүнтэй ярилцлаа.

Оюуны спортоос го хамгийн амаргүй төрөл. Хөлөг дээрх адармаатай, сонирхолтой тулаанд хэн таныг уриалав?

-Би гогийн III дантай Ц.Оюутбилгүүнтэй олон жил нөхөрлөж, хүүхэд байхаасаа нэг байранд хөрш зэргэлдээ амьдарсан. Дипломатч Б.Жаргалсайхан, Гавьяат багш, доктор, профессор, академич С.Мөөмөө гуай нар эх орондоо гог анх дэлгэрүүлснээр найзын маань аав Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав Монголын гогийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан юм. Гог сонирхож тоглосон үеэс УАШТ, Монгол дахь Япон, БНСУ-ын ЭСЯ-наас жил бүр зохион байгуулдаг цомын тэмцээнд цөөнгүй оролцсон. Биднийг го сурах үед одоогийнх шиг олон хүүхэд хичээллэдэггүй байлаа. Гогийн дүрэмд найз байсан ч шударга өрсөлд гэсэн зарчим бий. Миний хувьд найзтайгаа тэмцээнд олон таарсан ч хожсон нь ховор.

-Монгол дахь Япон Улсын ЭСЯ-ны элчин зөвлөхөөр ажиллаж байсан дипломатч Кикүчи Минорү хүүхдүүдэд го заасан гэдэг. Та тэдний нэг үү?

-Тийм ээ, бид түүнтэй их хөгжилтэй танилцсан. Амьдардаг байрныхаа гадаа өдөржин тоглодог жаалууд Японы ЭСЯ-нд хичээллэхээр ирж билээ. Тэрбээр дөнгөж сурч байгаа хүүхдүүдийг ядраахгүйн тулд сургалтын хөлөг дээр гогийн цагаан толгойг япон арга барилаар заасан. “Го бол ертөнц, хөлөг нь дэлхий. Гол нь оргил, зах нь далайн эрэг юм. Та нар энэ ертөнцийн хаанаас эхлэх вэ. Эрэгт, эсвэл оргилд нь амьдрах таалагддаг уу” гэх зэргээр философи талаас нь ойлгуулдаг байлаа. Хэн нэгнээс өмнө нь ийм утга гүн үгийг сонсож байгаагүй надад түүний хэлсэн, заасан болгон сонирхолтой санагддаг байв.

-Гогийн нүүдэл шатар, даамаас өөр. Анх сурахад хэр хэцүү санагдсан бэ?

-Гогийн хөлгийг хаана нь ч гаргаад тоглож болдог нь их таалагдсан. Анх сурахад амархан ч цааш үргэлжлүүлэх тусам нүүдэл нь амаргүй болдог. Тиймээс хөлөг дээрх нүүдэл бүрээ хооронд нь уялдаатай байлгах ёстой. Үүгээрээ го стратегийн тоглоом гэдгээ харуулдаг. Үүссэн түүхийг нь уншихад хүртэл тун сонирхолтой. Япон судлаач Д.Төмөрбаатар гуай гогийн гарын авлага, ном товхимол, сурах бичгийг монгол хэл рүү хөрвүүлснээр эрчимтэй хөгжиж, тоглогчдынх нь ур чадвар ахисан.

-Өмнөд хөршид 4000 жилийн өмнө үүссэн энэ хөлөгт тоглоомыг ихэс дээдэс, цэргийн жанжингууд зөвхөн ордонд л тоглодог байсан гэдэг. Го спортын бусад төрөл шиг түгээмэл хөгжөөгүйн шалтгаан үүнтэй холбоотой байж мэднэ.

-Го олон улсад шатар, даам шиг түгээгүй шалтгаан нь нэг талаар үүнтэй холбоотой. Хятадын хаан, ноёд, цэргийн жанжингууд го тоглох зуураа төрийн хэргийг хэлэлцэж, цэрэг, дайны тактик, төлөвлөгөө боловсруулахаа ярилцдаг байжээ. Хоёр улсын хаан уулзахдаа олон зүйл ярилцахгүйгээр го тоглож, төр удирдах ухааны цараа, мэдрэмж, туршлагаа харуулдаг байсан гэлцдэг. Үүнтэй адил мэргэжлийн тамирчид өрсөлдөгчийнхөө ямар зан чанар, төлөвшил, хандлагатайг өрөг дээрх нүүдлээс нь хараад мэддэг. Монгол хэлэнд го гэж нэрших болсон эл хөлөгт тоглоом эртний судар бичигт мягман хэмээн бичигдсэн байдаг. Манай улсад ийм нэртэй гогийн клуб бий.

-Тамирчид өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай. Өрсөлдөгчтэйгөө хэрхэн тоглож, тактикийг нь мэддэг вэ?

-Монгол тамирчдын тоглолтоос давших байдал тэмцээний үед анзаарагддаг. БНСУ-д Гогийн олон улсын академи бий. Манай холбоо Р.Тунгалаг бид хоёрт 2009 онд БНСУ-ын “Kings baduk” сургалтын төвд суралцах боломж олгосон юм. Тэнд байх хугацаандаа бэлтгэл хийж, 63 улсын тамирчидтай сонирхогчийн ангиллын дан олгох лигийн тэмцээнд өрсөлдсөн. Бидний тоглолтыг харсан хүмүүс тэр үед “Монгол стиль, Чингис хааны арга барил”-аар тоглож байна гээд ярьж байлаа. Тэдний нүдэнд монголчуудын өрөг, нүүдэл давшиж, байлдсан маягтай харагдсан байгаа юм. Миний хувьд өрсөлдөгчийнхөө талбай руу довтлох сонирхолтой. Тэнд сурах хугацаанд ур чадвар, тоглолтын техникээ ч сайжруулсан. Монголд ирээд УАШТ-д оролцохдоо V дантай Ц.Сансар ахтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн байв. Азийн орны тамирчдын тоглох арга барил өөр. Хятадын тоглогчдоос өргийн бүх нүүдлийг багаасаа автоматаар цээжилсэн нь тоглолтын явцад ажиглагддаг. Тэгвэл солонгосчууд өрөгтэй тааруулж, сэтгэсэн нүүдэл харуулдаг бол япончууд сонгодог арга барилаар тоглоно. Гогийн тамирчдад тоглох соёл, баримталдаг зарчим бий. Хөлөг, чулуундаа хүндэтгэлтэй хандаж, хожихоос илүү хожигдохгүй байхыг эрхэмлэдэг. Тоглох дүрэм нь энгийн ч ухаан, цаг хугацаа, хөдөлмөр чамгүй шаарддаг. Год оюуны спортын бусад төрөл шиг давуу тал их бий. Олон цаг тэвчээртэй бэлтгэл хийсний үр дүнд өрсөлдөгчдийнхөө тоглох арга барил, тактикийг судалж чаддаг.

-БНСУ гогийн мэргэжлийн алдартай тамирчидтай. Тэнд байхдаа хэнийх нь тоглолтыг сонирхож судалдаг байв?

-БНСУ-ын мэргэжлийн тоглогчдоос дэлхийн аварга И Чан Ху, И Сэ Дуль нар хамгийн алдартай. Тэд олон удаа аваргаар шалгарсан. И Чан Хугийн нүүдэл энгийн хэрнээ адармаатай. Хөлөг дээр алдаа гаргахгүй тайван тоглож, аажим урагшилсаар өрсөлдөгчийнхөө талбайг эзэлдэг. Гогийн ертөнцөд нэг хэсэг шуугиулсан тэднийг ялах өрсөлдөгч тухайн үед хараахан гараагүй. Дасгалжуулагч багш нар нь мэргэжлийн алдартай тоглогч. И Сэ Дуль давшиж тоглодог. Түүний нүүдэл илүү сонирхолтой. Тэд тоглолтоороо мэргэжлийн тамирчны оргилд хэдийн хүрч, гог амьдралынхаа баталгаа болгож чадсан. Мэргэжлийн тамирчдын шалгуур өндөр, өрсөлдөөн ихтэй. Тэднээс цойлж, дэлхийд танигдсан тоглогч болох амаргүй. Тиймээс амжилт гаргасан ч олон жил хадгалах хэцүү. Гогоор хичээллэхэд насны хязгааргүй. Азийн орнуудаас БНХАУ, БНСУ гог спорт болгож, харин япончууд амьдралыг үзэх үзэл талаас нь хөгжүүлсэн.

-Дэлхийн аварга И Сэ Дуль гурван жилийн өмнө “AlphaGo” компьютерын программыг хожсон цорын ганц тоглогч болсныхоо дараа илүү мандсаныг санаж байна.

-Түүний тоглолтыг тайлбарлагч “Тэрбээр энэ удаа ямар муу нүүдэл хийв ээ, алдаа гаргачихлаа” гээд ярьж дуусаагүй байхад нь хожсон. Ямар ч муу нүүдлийг хожилд хөтөлдөг авьяас түүнд бий. Тэмцээнд тааварлашгүй тоглолт үзүүлдгээрээ алдартай. Дэлхийн чансааг нэг хэсэгтээ л тэргүүлсэн тэрбээр хиймэл оюун ухаан “Google”-ийн “Deepmind technolo¬gies” компанийн бүтээсэн программын эсрэг хийсэн таван тоглолтын нэгд нь хожсон. Олон улсын 18 том тэмцээнд түрүүлж, 32 удаа улсынхаа аваргаар шалгарсан тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сард “HanDol” компьютерийн программтай дахин тоглосон юм. Уг программ нь мэргэжлийн шилдэг таван мастерыг хожсон байдаг. И Сэ Дуль мэргэжлийн замналаа өндөрлүүлэх шийдвэр гаргасан шалтгаан нь хиймэл оюун ухаанд хэдэн удаа хожигдсонтой холбоотой болов уу.

-Таныг жүжгийн бэлтгэлтэй байсан ч тэмцээндээ оролцдог гэж сонссон. Уран бүтээлч, тамирчин байхын аль нь амаргүй санагддаг вэ?

-Уран бүтээлчийн сэтгэл зүй тамирчныхаас асар ялгаатай. Ээж намайг хүүхэд байхаас минь жүжигчин болгоно гэдэг байлаа. Тийм болоод ч тэр үү манайхан гогийн тэмцээнд оролцоход нэг их ойшоодоггүй байв. СУИС-д оюутан болсон цагаас миний амьдралд урлаг томоохон байр суурь эзэлсэн. Би гог хүсэл, сонирхлоороо сурсан. Тиймээс орхиогүй, хоббигоо болгож хөгжүүлсэн. Хэдийгээр уран бүтээлч болсон ч дуртай спортоосоо холдож чаддаггүй. Уран бүтээлийн ачаалалтай үед го тоглож алжаалаа тайлдаг. Энэ утгаар яривал го миний амьдралын салшгүй нэг хэсэг. Тоглохгүй удвал үгүйлнэ. Чөлөөт цагаараа интернэтээс тоглолтын өрөг, нүүдэл сонирхон харж судалдаг. Гогийн тамирчид сэтгэл хөдлөлөө гаргадаггүй. Хэт их догдолж нүүвэл амархан ялагдана. Тэгвэл уран бүтээлч байх нь эсрэгээрээ. Тухайн дүрээ гаргахын тулд баяр хөөр, гомдол гуниг гээд сэтгэл зүйн бүх үйл хөдлөлийг гаргана. Заримдаа гогийн УАШТ уран бүтээлийн тоглолттой давхцдаг. Медалийн төлөөх шийдвэрлэх тэмцээнд тоглолтын цаг дөхсөн үед сүүлийн хоёр өргөө орхиод театр руу яараад гарсан тохиолдол цөөнгүй. Надад урлаг, эсвэл спортод үлдэх үү гэж эргэлзэж явсан үе бий. БНСУ-д гогийн академид сурахдаа мэргэжлийн тамирчин болъё гэж боддог байв. 18 настай байсан миний хувьд гогоор мэргэжлийн тамирчин болоход дэндүү оройтсон байлаа. Тиймээс урлаг, спортын аль нэгээр нь дагнах ёстойг тэнд байхдаа ойлгосон. Го тоглосны давуу талыг уран бүтээлийн үед анхаарлаа төвлөрүүлэх, хамт олныхоо магтаал, шүүмжлэлд хүлээцтэй хандах гээд олон зүйлээс мэдэрдэг.

-Та Бээжинд 2008 онд оюун ухааны олимпод оролцсон байх аа?

-Тэр жил тус хотод уг олимпыг анх удаа зохион байгуулахад тамирчидтайгаа оролцсон юм. Үүнээс гадна олон улс, Азийн болон ДАШТ-д улсаа төлөөлж оролцдог. БНСУ-ын Ерөнхий сайдын цомын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхдөө Макаогийн V дантай тамирчныг хожиж байлаа. Түүнтэй тоглосон өрөг маань ч сонирхолтой. Тайван, алгуур нүүдэг өрсөлдөгчийнхөө талбай руу довтолж тоглосоор цаг дуусахаас өмнө буулгаж авсан.

-Го тоглодог мэргэжлийн тамирчид нэр хүндтэй байдаг юм билээ. Хөгжөөн дэмжигчдийнх нь хүлээж авах хандлага хүртэл тэмцээний шууд дамжуулалтаас харагддаг.

-Азийн орнуудад гогийн сургалтыг телевизээр зааж, тэмцээний тоглолтуудыг шууд дамжуулдаг. Би 2017 онд БНСУ-ын Ерөнхий сайдын цомын АШТ-д оролцохоор очсон юм. Тэнд миний нэг найз ажиллаж, амьдардаг байв. Тэмцээн үзэхээр байгууллагийнхаа даргаас чөлөө авах гэтэл өгсөнгүй. Түүнээс удирдлага нь “Чи ямар тэмцээн үзэхээр ажлын чөлөө хүсээд байгаа юм. Ингэхэд найз чинь ямар тэмцээнд оролцох юм бэ” гэхэд “Найз минь Монголд го тоглодог. Энд Ерөнхий сайдын цомын АШТ-д оролцохоор ирсэн” гэхэд дуртай зөвшөөрч, цалинтай чөлөө олгосон гэдэг. Го өндөр хөгжсөн улсын иргэд энэ спортыг хүндэлдэг нь энэ мэтчилэн анзаарагддаг. Энэ спортоор олон жил тууштай хичээллэж, мэргэжлийн тамирчин болсон тоглогч олон бий. Тиймээс өөрийгөө цаг тутамд хөгжүүлж байхгүй бол амжилт нь амархан буурдаг. 10 жилийн өмнөхтэй өнөөгийн гогийн хөгжлийг харьцуулашгүй. Тэр үед тэргүүлдэг байсан тамирчныг 10 настай хүүхэд хожиход одоо гайхан хү лээж авахаа больсон. Энэ нь го олон улсад өндөр түвшинд хөгжиж байгааг илэрхийлж байна.

-Монголд гог хөгжүүлж, тамирчдаа амжилтад хүргэхэд боломж, нөхцөлийг нь хэрхэн бүрдүүлэх вэ?

-Монгол хүүхдүүд үүгээр хичээллэж, амжилт гаргах оюуны өндөр чадавхтай. Залгамж халаагаа бэлдэхийн тулд Азийн орнуудаас мэргэжлийн дасгалжуулагч урьж, сургалт зохион байгуулан, хүүхдүүдийг дорвитой бэлтгэх хэрэгтэй. Манайд го хөгжүүлэх академи, танхимын сургалт одоогоор алга. Спортын төрлүүд шиг хөгждөггүйн шалтгаан нь го мэддэг, тоглодог хүн цөөн байгаатай холбоотой. Үзэгчдийн хүлээж авах хандлага, ойлгох, дэмжих нь бас бага байна. Бид эх орондоо гог хөгжүүлэхийн тулд давуу талыг нь сурталчилж, таниулах ёстой. Ном товхимлоос гадна хүүхэлдэйн киног хүүхдүүдэд үзүүлэх нь зүйтэй. Бид энэ талаар багагүй ярьдаг ч одоогоор ажил хэрэг болгоогүй. Энэ ташрамд, спортын тэмцээний эрх нээгдэж, түрүүчээсээ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Го тоглодог тамирчдадаа удахгүй УАШТ эхлэхээр хөлөг дээр баяртай уулзъя. Тэр үед өрөг дээрх нүүдлээрээ ярилцаж, ур чадвараа харуулъя. Хэрхэн бэлдсэнээ тэмцээнд тоглолтоороо харуулаарай гэж хэлье.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.