Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түгжрэл бол ХОТЫН ДАРГА НАРЫН “БҮТЭЭЛ”

Улаанбаатар хотынхон замын түгжрэлтэй “учраад” 20 жил болжээ. 2000 оны эхэн үеэс нийслэлд замын түгжрэлийн асуудал тулгарч, улмаар ужгирч ирсэн.

Харин түгжрэлийг асуудал гэж харж, анхаарч эхэлсэн нь 2005 он. Түүнээс хойш Улаанбаатар найман Засаг даргын нүүр үзсэн ч замын түгжрэлийг шийдэж чадсангүй. Үе үеийн дарга нар юу ч хийгээгүйгээрээ Улаанбаатарын түгжрэлийг “бүтээсээр” өнөөгийн хэмжээнд хүргэлээ. Үр дүнд нь хотын замд автомашинууд тэг зогсож, түгжрэл иргэдийн үнэт цагийг булааж, стресс, бухимдлын үүр уурхай болов. Өнгөрсөн онд гэхэд л түгжрэлийн улмаас үүссэн эдийн засгийн алдагдал 2.7 их наяд төгрөгт хүрсэн гэх тооцооллыг Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн ЗДТГ-аас гаргажээ. Шатахуун, “бөглөрч” өнгөрөөсөн цаг хугацаа зэргийг тооцож үзэхэд ийм дүн гарсан аж. Энэхүү алдсан хөрөнгө нь өнгөрсөн оны нийслэлийн төсвөөс бараг гурав дахин их байгаа нь нөхцөл байдал ямар хэмжээнд хүрснийг илэрхийлэх биз ээ.

Нийтийн тээвэр сайн бол иргэн бүр машин унахгүй. Тэр хэрээр замын түгжрэл ч буурах боломжтой. Гэтэл Улаанбаатарын нийтийн тээвэр сүүлийн 20 жилд огт хөгжөөгүй шахам. 2015 онд төлбөрийн системийг шинэчилж, кондукторуудаа халсныг эс тооцвол дорвитой өөрчлөлт сүүлийн жилүүдэд гараагүй.Нийтийн тээврийг шинэчлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд үе үеийн Засаг дарга нар олон удаа амлалт өгсөн. Гэсэн ч тэдгээр нь бүгд хоосон мөрөөдөл болоод хоцров.

Метроноос авхуулаад рэйлбус, тусгай замын автобус, цахилгаан соронзон галт тэрэг, дүүжин тээвэр нэвтрүүлнэ, давхар зам, авто зогсоолууд барина гэх мэтээр олон амлалт өгсөн. Гэсэн ч дарга нарын хоосон мөрөөдлүүдийн аль нь ч ажил хэрэг болсонгүй. Тэр байтугай нийтийн тээвэртээ олигтой парк шинэчлэл ч хийж чадсангүй. Ажил хийе, асуудлыг шийдье гэсэн сэтгэл тэдэнд байсангүй. Олон нийтэд таалагдах гэж пиар хийж, цаг аргацаасаар албаа дуусган, хотоо орхиод явсан. Ийнхүү шинэчлэгдэж чадаагүй, үеэ өнгөрөөсөн нийтийн тээврээр үйлчлүүлэх нь шийтгэлээс ялгаагүй бөгөөд зорчигчид тав тухгүй, бохир орчинд зун нь “шатаж”, өвөл нь хөлдөж үхэх шахам л явдаг. Тиймээс л иргэд хувийн автомашинаа унахаас өөр аргагүй.

Харин энэ жил түгжрэлийг бууруулах томоохон шийдвэрийг Засгийн газраас гаргаж, уг ажилд зориулж 420 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүхэн гэж хэлж болох энэхүү хөрөнгөөр үндсэндээ гурван чиглэлийн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхнийх нь авто замын шинэчлэл. Тухайлбал, 27.6 км авто зам, 1162.5 метр урт гүүр, 1200 машины төлбөртэй зогсоол барихаар төлөвлөсөн байна. Түүнчлэн авто замын томоохон уулзваруудыг шинэчлэн, дахин төлөвлөн инженерчлэх гэнэ. Хоёр дахь чиглэл нь нийтийн тээврийнх. Үүний хүрээнд 250 автобусаар парк шинэчлэл хийнэ. Мөн LRT буюу метро барих бэлтгэл ажлыг хангахаар тусгажээ. Гурав дахь чиглэл нь дугуйн болон явган хүний зам барих аж. Үүний хүрээнд нийт 30 км дугуйн зам, 150 000 ам метр явган хүний зам барих төлөвлөгөөтэй юм байна. Эдгээрийн үр дүнд 2024 он гэхэд түгжрэл 15, авто замын нэвтрүүлэх чадвар 35 хувиар нэмэгдэх төлөвтэй гэнэ. Тэгэхээр ойрын хугацаанд түгжрэл өргөс авсан мэт арилахгүй. Бид 20 жил хүлээсэн шигээ дахиад хоёр жил болох нь. Нөгөө талаас шийдлүүдийг харвал тийм ч шинэ биш. Өмнө нь ярьж л байсан зүйлүүд. Түүхэн төсөв авахаар болсон нийслэлийн өнөөгийн удирдлага өмнөхүүдийн адил мөнгөө салхинд хийсгэчихвэл улаанбаатарчууд удахгүй зам дээрээс ховхорч чадахааргүй болно. Тиймээс төсвийн хөрөнгийг юунд, хэрхэн зарцуулж буйгаа олон нийтэд нээлттэй ил тод зарлаж, хэрэгжүүлсэн ажлуудаа ч тайлагнах шаардлагатай.

20 жилийн түүхтэй Улаанбаатарын түгжрэлийн түүх, хотын дарга нарын хоосон амлалтуудыг эргэн сануулъя.

2005

Зам, тээвэр, аялал жуулчлалын яам, нийслэлийн ЗДТГ хамтран Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийн судалгаа хийснээр хяналтын ухаалаг систем бий болгох шаардлагатай гэсэн зөвлөмж гаргажээ. Нийслэлийн түгжрэлийн асуудлыг албаныхны хүрээнд анх хөндөж эхэлсэн нь энэ бөгөөд тухайн үед хотын даргаар М.Энхболд ажиллаж байв.

2006.06.28

Засгийн газрын хуралдаанаас Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах зарим арга хэмжээний тухай 151 дүгээр тогтоол гаргажээ. Үүний дагуу авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр нарт үүрэг болгосон байна. Гэсэн ч шийдвэрийн дагуу дорвитой ажил хийгээгүй аж.

2008.10.06

Т.БИЛЭГТ (Нийслэлийн Засаг дарга):

-Нийслэлийн гудамж, зам өргөсөөгүй, гэтэл явж байгаа машины тоо 300 000 гараад явчихлаа. Шийдвэрлэхээс аргагүй тулгамдсан асуудал боллоо. Үүний тулд “Хоёр түвшний зам” төсөл хэрэгжүүлж, Баруун, Зүүн дөрвөн зам зэрэг ачаалал ихтэй газрыг давхар замтай болгоно. Гол гудамжуудад гүүрэн болон нүхэн гарц хийхийн зэрэгцээ газар доорх зогсоолын хэмжээг нэмэгдүүлнэ.

(хэвлэлд өгсөн ярилцлагаас)

Хотын дарга 13 жилийн өмнө ингэж мэдээлж байсан ч амласан зүйлүүд нь өдий хүртэл биелээгүй. Хэрхэх нь ч тодорхойгүй сураг алдарчээ.

2010.06.30

Г.МӨНХБАЯР (Нийслэлийн Засаг дарга):

-Нийтийн тээврийн бодлого, стратеги үндсэндээ тодорхой боллоо. Улаанбаатарт тусгай замын үйлчилгээ л нэвтэрнэ.

(Азийн хөгжлийн банкныхантай уулзах үеэр ийн мэдээлэв)

Улаанбаатарт тусгай замын автобусны үйлчилгээ нэвтрүүлэх талаар ингэж анх хөндөж байжээ. 11 жилийн өмнө хөндсөн уг асуудлыг өдий хүртэл ярьсаар, амласаар байгаа ч хэрэгжүүлээгүй.

2010.07.01

Замуудын ачаалал, хурдны бодит мэдээллийг нийтэд мэдээлэх Замын хөдөлгөөний удирдлагын төвийг нээжээ. Ингэснээр замын хөдөлгөөнийг хянах ухаалаг системийг манай улсад анх удаа ашиглаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь дурдсан зөвлөмж гаргаснаас хойш таван жилийн дараа ухаалаг системийг шийджээ. Энэ үед хотын даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байлаа.

2011.11.24

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагынхантай уулзаж, Улаанбаатарыг метротой болгох талаар хэлэлцлээ. 2014 оноос барилгын ажлыг эхлүүлж, 2017 он гэхэд ашиглалтад оруулна гэж энэ үеэр ярьж байв. 10 жилийн өмнө анх ярьсан метрог өдий хүртэл хэрэгжүүлээгүй, мэдээж заасан хугацаанд ч ашиглалтад оруулаагүй.

2012.08.22

Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд автомашиныг улсын дугаарын сүүлчийн орноор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг нийслэлийн ИТХ-аас гаргалаа. Тэр үед нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл ажиллаж байв.

2013.06.11

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Амгаланд метроны шав тавих ёслол хийж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцов. Метроны шугамыг Амгалангаас Толгойт хүртэл барьж, 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байлаа. Харамсалтай нь ажил эхлээгүй. Түүнчлэн энэ оноос дахиад л метро барих талаар ярьж эхэллээ.

2015.04.24

Улаанбаатар хотын нийтийн тээврийг картын системд шилжүүлэв. Ингэснээр автобуснуудад кондуктор ажиллахаа больсон. Үүнтэй холбоотойгоор автобусны чиглэлүүдийг бүрэн шинэчилж, цэгцэлсэн юм.

2015.10.04

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулж, автомашины томоохон захуудыг төвлөрүүлэх Авто худалдааны цогцолборыг ашиглалтад орууллаа. “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг томоохон захыг тэнд төвлөрүүлж, замын түгжрэлийг бууруулна хэмээсэн ч өдий хүртэл нүүлгээгүй.

2016.12.07

С.БАТБОЛД (Нийслэлийн Засаг дарга):

-Долоо хоногийн эхний дөрвөн өдөр автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор, баасан, бямба, ням гарагт хязгаарлахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах юм. Харин баасан гарагт “Нарантуул”, “Бөмбөгөр” зэрэг томоохон захыг хаах бодолтой байна. Ингэж байж л бид тодорхой хугацааны дотор түгжрэлийг сааруулах боломжтой.

(Хэвлэлд өгсөн ярилцлагаас)

2017.08.17

Нийслэлийн Засаг дарга С.Батболд хотын төв замаар автомашинууд зүүн гар тийш эргэхийг хориглосон захирамж гаргалаа. Гэвч энэ шийдвэрийг иргэд эсэргүүцэн жагсаал, цуглаан ч зохион байгуулав. Удалгүй буюу есдүгээр сарын 1-нд нь уг шийдвэрээ цуцалсан юм.

2018.01.24

Замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн ИТХ-аас Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа. Түүнчлэн уг захыг гурван үе шаттайгаар нүүлгэхээр боллоо.

Үүний дараа хотын дарга С.Амарсайхан “Худалдаа эрхлэгчдэд ашигтай байдлаар асуудлыг шийдэж, Зуун айл дахь барилгын материалын төвийг хотын төвөөс гаргана” гэж мэдээлж байсан ч өдий хүртэл уг ажлыг хэрэгжүүлээгүй.

2018.09.05

С.БАТБОЛД (Нийслэлийн Засаг дарга):

-Түгжрэлийг бууруулахын тулд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэнэ. Яармагийг орчин үеийн төлөвлөлт бүхий Улаанбаатар хотын санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн.

(Сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ ийн мэдэгдэв)

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг нь дараагийн хоёр Засаг дарга болох С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар дэмжихгүйгээ илэрхийлсэн. Гэсэн ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 31-нээс өмнө хотын захиргааг нүүлгэх үүргийг нийслэлийн Засаг даргад өгсөн билээ.

2020.01.21

С.АМАРСАЙХАН (Нийслэлийн Засаг дарга):

-Агаарын дүүжин тээврийн ажлыг бид ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөсөн. Дөрөвдүгээр сард эхэлсэн тохиолдолд 2021 оны зургадугаар сард эхний маршрутыг ашиглалтад оруулна.

(Түгжрэлийг хэрхэн бууруулах талаар олон нийтэд мэдээлэл өгөх үеэр ийн мэдэгдэв)

2020.03.11

Б.ЭНХ-АМГАЛАН (Зам, тээврийн хөгжлийн сайд):

-Засгийн газраас “Тэнгэрийн тойрог” төслийн хүрээнд нийслэлийн А бүсэд 6-12 м өндөрт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, орох, гарах цэгтэй 27 зам барихаар шийдвэрлэлээ.

(Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ийнхүү танилцууллаа)

Гэсэн ч Засгийн газрын шийдвэр нь ажил хэрэг болоогүй, сураг алдраад байна.

2020.07.31

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах шийдвэр гаргалаа.

2021.05.19

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, замын түгжрэлийг шийдвэрлэхийн тулд 420 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргалаа.

2021.09.30

Нийслэлийн Засаг дарга А/748 дугаар захирамж гаргаж, нутгийн захиргааны байгууллагуудыг 08.00-17.00 цагт ажиллуулахаар шийдвэрлэв. Авто замын ачааллыг бууруулахын тулд ийнхүү шийдвэрлэжээ.

2021.12.01

Д.СУМЪЯАБАЗАР (Нийслэлийн Засаг дарга):

-Нийслэлийн хүн ам нэг сая 597 мянга хүртлээ өсөн нэмэгдээд байна. Тэдгээр иргэнд зориулсан төсвийг бид баталдаг. Гэтэл шинээр ирж буй иргэдэд зориулсан төсөв баталдаггүй учир бусад улсын төсвөөс хасагдана гэсэн үг. Ийм шударга бус тогтолцоо байж болохгүй. Манай хотын иргэн болох гэж байгаа бол таксаа төл. Хамгийн шударга юм энэ.

(“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форумын үеэр хэлсэн үгээс)

Бэлтгэсэн М.Оч

1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Түгжрэл бол ХОТЫН ДАРГА НАРЫН “БҮТЭЭЛ”

  • иргэд олон түмэн says:

    Яг үнэнийг хэлэхэд хотын даргаар ажиллаж байсан дарга нараас хот доторхи газар сул чөлөөтэй байсан зай талбайг зарсан бусдад олгосон талаараа нэрд гарсан нэг хүн бий,тэр л энэ түгжирэлийн эх суурийг тавьсан хүн мөндөө

  • huz says:

    unen2.odoo ted naraar zamiin zohitsuulagch hiilgeh yostoi agaad tsagdaa zogsoh yostoi um

  • Хэлэх үг алга says:

    Энэ хүмүүс газар зарсан л байх, гэхдээ гол эзэд нь анх газрын наймаа хийсэн 2-3 хүн байгаа даа. Эрлийз нтр….(замбараагүй олон хүн хөдөөнөөс оруулж ирсэн…..соёлгүй, бүдүүлэг, нийгэмшээгүй, малнуудыг) гэнэт оруулж ирсэнээс…..өдөр бүр хайран цагаа түгжирээд өнгөрүүлж байна.