Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гажуудуулсан “Эрдэнэс Тавантолгой” ба Үндэсний баялгийн сангийн үзэл

“Богд хан” төмөр замыг барих өртөг 500-840 сая ам.доллар болох эхний тооцоо гарсныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн. Уг төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулах олон улсын тендерийг Азийн хөгжлийн банкнаас зарлах нь. Үүнээс ТЭЗҮ-ийг нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийх юм байна гэсэн ойлголт төрөв. Харин төмөр зам тавих санхүүжилтийг нь “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах гэнэ. Шинэ тутам хөгжиж буй Монгол Улсад дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх шаардлага ихээхэн бий. Хөгжлийг түүчээлэх бүтээн байгуулалт хийхийн тулд хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай. Өдгөө цагт бүтээн байгуулалтын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компани нуруундаа үүрч явна. Тус компани Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавих ажлыг санхүүжүүлж байгаа. Мөн “Тавантолгой дулааны цахилгаан станц” барих санхүүжилтийн 30 хувь болох 240 орчим сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлж буй “Тавантолгой түлш” компанийг мөн л “Эрдэнэс Тавантолгой” санхүүжүүлж, татаас олгодог.

Уг нь тус компани коксжих нүүрс олборлон, борлуулах үндсэн үйл ажиллагаатай. Гэвч Засгийн газрын хөгжлийн сангийн үүргийг гүйцэтгээд удлаа. Төрийн өмчит компаниудаас өнгөрсөн жилүүдэд хамгийн өндөр ашигтай ажилласан нь “Эрдэнэс Тавантолгой” компани юм. Их хэмжээний хөрөнгө босгох, бонд гаргах боломж мөн л тэднийд бий. Тиймээс ч хоёр их наяд төгрөгтэй дүйх хэмжээний бонд гаргахаар шийдвэрлэж, эхний татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө Засгийн газрын даалгаврыг биелүүлэн олон төсөл санхүүжүүлж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанид нүүрс баяжуулах, коксжуулах үйлдвэр барих, түүнийхээ усан хангамжийг шийдвэрлэх гээд бүтээгдэхүүндээ өртөг шингээх төслөө санхүүжүүлэх шаардлага бий. Гэвч олсон ашиг, босгосон хөрөнгөө тал бүрт тарааж байгаа. Өөрийн үндсэн үйл ажиллагаатай огт хамааралгүй сайжруулсан түлшний үйлдвэрт хүртэл хөрөнгө орууллаа. Ингэж нэг компанийг Засгийн газрын хөгжлийн сан мэт ажиллуулах нь зөв механизм мөн үү.

“Эрдэнэс Тавантолгой”-г хөгжлийн сан шиг ажиллуулах нь яавч зөв механизм биш. Үүнийг улс төрийн буруу шийдвэрээс үүдсэн гажуудал гэж үзэх ёстой. Харин Монгол Улсын стратегийн орд газруудыг ашиглаж буй компаниудын хувьцааг эзэмших эрх бүхий “Эрдэнэс Монгол” компанид энэ ачааг үүрүүлбэл зөв механизм болно. “Эрдэнэс Монгол” нь угаас уул уурхайн салбар, түүнийг дагасан дэд бүтцэд хөрөнгө оруулах үүрэгтэй байгуулагдсан холдинг компани билээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоор ахлуулсан ажлын хэсгийнхэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэсэн мэдээлэл өглөө. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмыг хэрэгжүүлэхээр Үндэсний баялгийн сан байгуулах талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Тодруулбал, Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.

…“Эрдэнэс Тавантолгой” компани хөгжлийн сангийн үүрэг гүйцэтгэж байгаа бол энэ үүрэг “Эрдэнэс Монгол” руу шилжих нь. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой олон компани хөгжлийн сангийн доор ажиллаж, хэн нэгэн улстөрч биш, тодорхой шалгуур хангасан өндөр мэдлэг, чадвар, туршлагатай хүн бизнесийн зарчмын дагуу удирдах юм байна гэсэн дүр зураг тодорлоо…

Үндэсний баялгийн сан нь доороо хоёр сантай байх бүтцийг хуулийн төсөлд тусгасан гэнэ. Үүнд “Ирээдүйн өв” сан, Хөгжлийн сан хамаарна. Одоогийн төслөөр “Эрдэнэс Монгол” компани хөгжлийн сангийн зарчмаар ажиллах юм байна. “Ирээдүйн өв” санг өмнө нь байгуулсныг бид мэднэ. Тус санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувийг хуримтлуулдаг. Үндэсний баялгийн сангийн хуулийг баталснаар “Ирээдүйн өв” сангийн үйл ажиллагааны зарчимд онцгой өөрчлөлт орохгүй юм байна. Харин хөгжлийн сангийн зарчмаар ажиллах “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаа, засаглалд өөрчлөлт оруулах гэнэ.

“Эрдэнэс Монгол”-ын доор уул уурхайн компаниудыг нэгтгэнэ. Тус компаниудын ногдол ашгийг Хөгжлийн сан буюу “Эрдэнэс Монгол”-д төвлөрүүлэх юм байна. Түүгээр нь улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгах, сангийн хуримтлалыг арвижуулах хөрөнгө оруулалт хийх аж. Хөгжлийн сангийн хуримтлалыг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын ногдол ашгаас бүрдүүлэх нь. Хөгжлийн санд тухайн жилд төвлөрүүлсэн ногдол ашгийн 20-иос доошгүй хувийг “Ирээдүйн өв” санд хуримтуулах юм байна. Хөгжлийн сан нь зөвхөн хөрөнгөө арвижуулах зарчмаар ажиллахаар хуульчлахаар төсөл боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, тус сангийн хуримтлалыг бэлэн мөнгө тараах, аливаа тэтгэмж олгох зэрэгт зарцуулахгүй гэсэн үг.

Норвег, Канад гэх мэт Баялгийн сан байгуулан менежментийг нь амжилттай хэрэгжүүлж буй жишээг монголчууд ярих дуртай. Тэдгээр сан хуримтлалаа арвижуулах зарчмын дагуу л ажилладаг. Энэ бол баялгийн сангийн тулгуур үзэл юм. Ийм үзлийг баримтлан ажилласан сангууд одоо хэдэн тэрбум ам.доллароор тоологдох хөрөнгөтэй болсон. Баялгийн сангуудтай хамт түүнийг удирдах менежмент гэдэг ойлголт үүссэн. Мэдээжийн хэрэг аливаа сан нь үр ашигтай хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө арвижуулах ёстой. Зөв засаглалын дагуу чадвартай мэргэжилтнүүд удирдаж байж сан үр ашигтай ажиллана. Санг үр ашигтай удирдах засаглалын менежментийг ч хуулийн төсөлд орхигдуулаагүй гэнэ.

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс Монгол”-ын доор нэгтгэх талаар хэлэлцсэн мэдээлэл гарсан. Засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэлэлцэж, тэмдэглэлд нь тусгажээ. “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” стратегийн ордыг ашиглаж, өндөр ашигтай ажиллаж буй компани. Эдгээрийг доороо нэгтгэснээр “Эрдэнэс Монгол” хөгжлийн сангийн үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс Засгийн газар Үндэсний баялгийн сан байгуулах “замаа засаж” буй бололтой.

Хуулийн төсөл Засгийн газар үндэсний хөгжлийн сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийг томилох эрхтэй байхаар тусгажээ. Сангийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах хүмүүс бизнес, хөрөнгө оруулалтын туршлагатай, мэдлэг чадвартай байх шалгуур тавих гэнэ. Үндэсний баялгийн сангийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өндөр эрх эдлэхийн сацуу хариуцлага хүлээх юм байна. Сангийн гүйцэтгэх удирдлагаар өндөр мэдлэг, чадвартай хүнийг томилох шалгуур хуулийн төсөлд тусгах гэнэ.

Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани хөгжлийн сангийн үүрэг гүйцэтгэж байгаа бол энэ үүрэг “Эрдэнэс Монгол” руу шилжих нь. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой олон компани хөгжлийн сангийн доор ажиллаж, хэн нэгэн улстөрч биш, тодорхой шалгуур хангасан өндөр мэдлэг, чадвар, туршлагатай хүн бизнесийн зарчмын дагуу удирдах юм байна гэсэн дүр зураг тодорлоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.