Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн худалдан авах ажиллагааг цаашид хиймэл оюун ухаанаар зохицуулдаг болно

Монгол Улсын Засгийн газар цар тахлын хүнд хэцүү энэ үед эдийн засгийг сэргээх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр анх удаа, улсын төсөв батлагдсанаас хойш 15 хоногийн дотор буюу 2022 оны төсвийн жил эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хийгдэх  100 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах гэж байна.  Иймээс төр, хувийн хэвшлийн түншлэл, аж ахуйн нэгжийг дэмжих, мэдээлэл өгөх, өрсөлдөх тэгш боломжийг олгохоор энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ.

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг холбогдох төрийн байгууллагуудад өгөөд байна.

Үүнтэй холбогдуулан тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан аж ахуйн нэгжүүд гэрээний гүйцэтгэлийг эрчимжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг чанаргүй хийсэн, сэтгэлгүй хандсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, 3 жилийн хугацаагаар тендерт оролцох эрхийг нь хязгаарлаж хар жагсаалтад оруулах ажлыг бүх шатны төсвийн захирагчид анхаарч ажиллах, ажлын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай.

Засгийн газрын 12 дугаар сарын 1-ний 359 дүгээр тогтоолоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан.

Энэхүү жагсаалтад Төрийн худалдан авах ажиллагааны газар 591.5 тэрбум төгрөгийн 173 төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд 1090.6 тэрбум төгрөгийн 342 төсөл, арга хэмжээ, 1412.0 тэрбум төгрөгийн 202 төсөл, арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчид  хэрэгжүүлэхээр байна.

Одоогоор эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл буюу хар жагсаалтад орсон 46 аж ахуйн нэгж байгаа бөгөөд илт худал мэдээлэл ирүүлсэн буюу тендерт хуурамч материал үйлдэж ирүүлсэн 34 аж ахуйн нэгж, гэрээний үүргээ зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан 12 аж ахуйн нэгж байна. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй, олон жил дамнуулж төсөв нэмэгдүүлдэг, ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэдэггүй, үүнээс шалтгаалж төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй болох сөрөг хандлагатай байгааг дор бүрнээ анхаарах нь зүйтэй байна.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өдөрт дунджаар 64 тендерийн урилга зарлагдаж, жилд 21000 орчим тендер шалгаруулалтыг энэхүү системээр дамжуулан зохион байгуулж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулагдсан  улсын хэмжээнд 2020 онд 7093 аж ахуйн нэгж 54051 удаа, 2021 онд 6424 аж ахуйн нэгж 45321 удаа тендер шалгаруулалтад оролцсон байх бөгөөд энэ онд 1235 захиалагч байгууллагын 14816 тендерт шалгаруулалтад 3879 аж ахуйн нэгж гэрээ байгуулсан мэдээлэл олон нийтэд нээлттэй мэдээлэгдсэн боловч гэрээ байгуулсан аж ахуйн нэгжээс гэрээний гүйцэтгэлийн мэдээлэл 270 удаа оруулсан байгаа нь хангалтгүй гэж үзэж болохоор байна.

Цаашид төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, эх оронч худалдан авалтыг дэмжиж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгахын тулд хуульд шинэчилсэн найруулгын өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Ингэснээр төсвийн төлөвлөлт, худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг оновчтой болгож, ил тод байдлыг нэмэгдүүлэн, тендерт оролцогчдод эерэг үр дүнг бий болгон, төсөв хөрөнгө хэмнэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зэрэг олон давуу талтай бөгөөд төрд өөрт байгаа мэдээллийг иргэн аж ахуйн нэгжээс асуухгүйгээр төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох замаар шалгах, үнэн зөв байдлыг магадлах боломжийг бүрдүүлэх, тендерт ирүүлж буй баримт бичгийн тоог цөөрүүлж, ойлгомжтой хялбар болгох, машин унших боломжтой өгөгдлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа. Мөн аж ахуйн нэгжийн төлөөллүүд төрийн тендер шалгаруулалттай холбоотой сонирхсон асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийллээ.

Монгол Улсын Шадар сайд, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар Үндэсний аж үйлдвэрийн танхимтай хамтран “Төрийн худалдан авах ажиллагаа-2022” уг хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт  Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул, төрийн байгууллагуудын төлөөлөл болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.