Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүлээлтэд хүрээгүй ӨСӨЛТ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын эдийн засаг энэ оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар 3.6 хувиар өсөв. Энэ бол эдийн засагчдын санаанд буугаагүй тоо. Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт оны төгсгөл рүү ийнхүү саарна гэж хэн ч төсөөлөөгүй. Тиймээс Сангийн яам, Монголбанк гэх мэт улс орны эдийн засаг, санхүүг хариуцсан байгууллагууд өсөлт юунаас шалтгаалж саарсныг бүрэн оношлохоор ажиллаж байна. Эргэн сануулахад, манай улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 14.8 хувиар өссөн. Түүнчлэн эхний хагас жилийн дүнгээр 6.3 хувиар өссөн билээ. ДНБ-ий өсөлтийн гараа өндөр байсан учраас нэлээд хурдтай сэргэх болов уу гэж эдийн засагчид, олон улсын санхүүгийн байгууллагын шинжээчид таамаглаж байв. Тэгвэл эдийн засгийн өсөлт тэдний таамаглалаас зөрлөө. Эдийн засгийн өсөлт энэ оны төгсгөлд ч саарах магадлалтай байна.

Дэлхийн банк манай улсын эдийн засгийг энэ онд 4.2, Азийн хөгжлийн банк 4.8, Олон улсын валютын сан таван хувиар өснө гэж таамагласан. Харин Монголбанк 6.1 хувиар өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байлаа. Монголбанкны таамаглал сүүлийн нэг улиралд биелэхгүй нь тодорхой. Дээрх байгууллагуудаас хамгийн гутранги төсөөлөл гаргасан нь Дэлхийн банк. Тус банкны төсөөлөл ч биелэхэд бэрх гэж харагдах болов.

Монгол Улсын эдийн засаг яагаад төсөөлснөөс бага хэмжээгээр өсөж байна вэ гэсэн асуулт эрхгүй гарна. ДНБ-ий өсөлт хэд хэдэн шалтгаанаас үүдэж саарчээ. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасчлал, ан агнуурын салбар энэ оны гуравдугаар улиралд 4.7 хувиар агшсан байна. Уг салбар өмнөх хоёр улиралд ч төдий хэмжээгээр багассан юм. Үүнээс гадна барилгын салбарын өсөлт өндөр дүнгээр уруудаж байгаа. Тус салбарынх энэ оны нэгдүгээр улиралд 6.3, хоёрдугаарт улиралд 39.7, гуравдугаар улиралд 37.4 хувиар “хасагджээ”. Мөн тээвэр болон агуулахын үйл ажиллагааны салбар гуравдугаар улиралд 8.2 хувиар агшив. Өөрөөр хэлбэл, эдгээр салбар эдийн засгийн өсөлтийн хурдыг сааруулсан хэрэг.

Манай улс ойн аж ахуй, загасчлал, ан агнуураас ДНБ-дээ дорвитой үр ашиг нэмэрлээд байдаггүй. Харин хөдөө аж ахуйн салбар бол өөр. Эл салбар манай эдийн засагт багагүй жин дардаг. Малын тоо толгой өсөж, арвин ургац хураачихаад байхад хөдөө аж ахуйн салбар яагаад агшаад байна вэ. Өмнөх жилүүдийнхээс арвин улаан буудай хурааж авсан нь үнэн. Гэвч зарим төрлийн жимс, ногооны ургацын хэмжээ буурчээ. “Хасах” дүнтэй гарч буй, үүнээс том шалтгаан нь малаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байгаа явдал гэнэ. Тодруулбал, малчид малаа нядалж арилжихгүй байна. Хот, хөдөөгүй махны үнэ өндөр байгаа нь үүнтэй холбоотой. Засгийн газар цар тахалтай тэмцэх бодлогын арга хэмжээ авч, иргэн бүрт 300, вакцинаа хийлгэсэн бол 50 мянган төгрөг тараасан. Нийт 350 мянган төгрөг иргэн бүртээ тараасан гэсэн үг. Түүнчлэн хүүхдэд сар бүр 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгодог. Иймээс бэлэн мөнгөөр тэтгүүлсэн малчин малаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байна. Энэ нь эдийн засаг агшихад нөлөөлж буй гэж шинжээчид дүгнэв.

Удаа дараа тогтоосон хөл хорио, материалын үнийн огцом өсөлтөөс шалтгаалан барилгын салбарын үйл ажиллагаа хумигдав. Импортын ачаа тээврийн гацаа ч үүнд нөлөөлсөн. Өндөр үнэтэй материалаар барьсан оффис, орон сууцын барилга борлогдохгүй гэж болгоомжлон барилгын салбарт хөрөнгө оруулагчид төслөө хойшлуулж байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгын ажил л хэвийн үргэлжилж буй. Хил, гаалийн гацаа арилж, барилгын материалын үнэ тогтворжсон үед энэ салбар идэвхжих болов уу. Хүйтний улирал эхэлсэн тул барилгын ажил саяхнаас зогссон. Цар тахлын нөхцөл хэрхэхээс шалтгаалж, барилгын салбар идэвхжих үү, эсвэл “царцсан” хэвээр байх уу гэдэг нь ирэх жилийн хавар тодорхой болох юм.

Тээвэр болон агуулахын үйл ажиллагаа энэ оны гуравдугаар улиралд гэнэт 8.2 хувиар агшсан. Энэ нь БНХАУ хилээ хааснаас шалтгаалсан юм. Манай улс өмнөд хөршид нийт бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг экспортолдог. Мөн өмнөд хөршөөсөө импортын бүтээгдэхүүнийхээ тэн хагасыг авдаг билээ. Хилээ хааж, бараа эргэлт зогссон учраас тээврийн салбар “хасагдах” нь дамжиггүй. БНХАУ хилээ хэзээ нээх нь тодорхойгүй. Шинжээчид Хятад улсад зохиох өвлийн олимп дуустал буюу ирэх оны гуравдугаар сар хүртэл хилээ нээхгүй гэж таамаглаж байгаа. Хилээ нээхгүй бол манай улсын эдийн засгийн өсөлт улам саарч, бараа, бүтээгдэхүүн ховордон инфляц “цойлох” нь ойлгомжтой. Тээвэр ложистик бол эдийн засгийн судас. Эл судсаар мөнгө эргэлдэж, эдийн засгийг “тэжээдэг”. Судас нь бөглөрчихөөр эдийн засгийн өсөлт саарах нь гарцаагүй.

Эдийн засгийн бүхий л салбарын өсөлт энэ оны гуравдугаар улиралд саарсан нь статистик мэдээллээс харагдаж байна. Үйлчилгээний бусад үйл ажиллагааных 2.4 хувиар өссөн нь ганц дээшилсэн салбар нь. Бусад нь уруудсан агаад зарим нь хэд дахин “өнхөрчээ”. Энэ оны нэгдүгээр улиралд уул уурхай, олборлох салбар 39.3, боловсруулах үйлдвэрлэл 24.6 хувиар өсөн цойлж байв. Тэгвэл уул уурхай, олборлох салбар гуравдугаар улиралд 11.7 хувиар өслөө. Зэсийн баяжмалын экспортын хэмжээ хэвийн агаад үнэ өндөр байгаа аж. Тиймээс уул уурхай, олборлох салбарын өсөлтийн голыг зэсийн баяжмал бүрдүүлсэн хэрэг. Нүүрс, төмрийн хүдрийн үнэ өссөн ч экспортын хэмжээ нь буурав. Боловсруулах үйлдвэрлэл гуравдугаар улиралд 6.4 хувиар өслөө. Энэ нь нэгдүгээр улирлынхаасаа дөрөв дахин багассан үзүүлэлт. Хүнсний үйлдвэрлэлээс бусдынх нь өсөлт саарсан гэнэ.

Ерөнхийд нь дүгнэвэл, хөрш улс хилээ хаасан, тээвэр ложистикийн гацаа үүссэн нь эдийн засгийн гинжин хэлхээгээр дамжин ДНБ-ий өсөлтийг сааруулж байна. Эдийн засгийн бодлогоос өөр хүчин зүйл сөргөөр нөлөөлж буйг ойлгосон болов уу. Тиймээс хил гаалийн гацааг арилгах гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаанаас эдийн засгийн өсөлт цаашид хамаарах нь. Засгийн газар эдийн засагт сэргэлт гаргахын тулд гадаад харилцаандаа анхаарах хэрэгтэй юм.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.