Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түгжрэлээр дулдуйдаж, төсвийн мөнгөөр тоглохоо боль

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг сонсоод, хийхээр төлөвлөсөн зарим ажлынх нь талаар дуулаад сэтгэл гонсойж, урам хугарлаа. Түүхэнд байгаагүй “данхар” төсөв батлуулахаар зүтгүүлж буй эл төсөлд “түүхий”, тодорхой бус, шаардлагагүй, Ерөнхий сайдын хэлсэнчлэн тэвчиж, хэмнэж болох зардал бүхий ажил цөөнгүй байна. Дархан цаазат уулан дахь алхалтын замыг 6.3 тэрбумаар “чимэглэж”, тохижуулах гэнэ. 30 хороо нэмж байгуулахад 13 тэрбумыг зарцуулахаар төлөвлөж. “Дашчойлин” хийдийн барилгыг сэргээн засварлахад 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх юм байх. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр гадаад орны туршлагыг судлахад 30 сая төгрөг хуваарилжээ. Төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, шилдэг хороо, дүүрэг шалгаруулж, урамшуулахад 500 сая төгрөг тусгажээ. Та, бидний халааснаас сар тутам авдаг, төрийн үйлчилгээний төлбөр, хураамжаас төвлөрүүлдэг мөнгийг энэ мэт явуургүй, шаардлагагүй ажилд сая саяар нь зарцуулахаар төлөвлөжээ, нийслэлийн засаг захиргааныхан.

Энэ юу ч биш. Зөвхөн авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн судалгаа, зураг төсөл, зөвлөх үйлчилгээнд 11 тэрбум төгрөг хуваарилжээ. 4-5 сургууль, цэцэрлэгийн барилга босгох хэмжээний хөрөнгийг “бичиг цаасны ажил”-д зарцуулах юм гэнэ. Арай ч дээ гэхээс өөр хэлэх үг үнэндээ олдохгүй нь. Аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээс урьтаад тооцоо, судалгаа хийх нь зүйн хэрэг. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдээс төр дэмжлэг хүсэх нь ердийн үзэгдэл. Авто зам гэлтгүй бусад бүх салбарт ийм хамтын ажиллагаа өнөөдрийг хүртэл байсаар ирсэн. Гэвч 11 тэрбум гэдэг бол өнөөгийн зах зээлийн ханш, үнэлгээнээс хэтийдсэн үзүүлэлт юм. Дээрээс нь энэ мөнгийг чухам ямар төсөл, арга хэмжээнд зарцуулах нь тодорхой бус байгаа нь олон нийтэд ихээхэн эргэлзээ, хардлага төрүүлж байна.

Түгжрэлийг бууруулах зөвлөх үйлчилгээнд 11 гаруй тэрбум төгрөг зарцуулах нь гэсэн мэдээлэл тархаж, иргэд, татвар төлөгчид бухимдлаа илэрхийлж эхлэнгүүт хотын дарга нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнг олон нийтийн өмнө “түлхэн гаргаж”, санд мэнд мэдээлэл хийлгэв. Тэрбээр “Энэ нь зөвхөн зөвлөх үйлчилгээний зардал биш юм. Түгжрэлийг бууруулах арга хэмжээний зураг төсөл, судалгаа, зөвлөх үйлчилгээ зэрэг цогцоор хийх ажилд төсөвлөсөн хөрөнгө. Хүмүүс сүүлийнх нь үгийг өлгөж аваад, буруу мэдээлэл түгээгээд байна. Нийслэлд 2022 оноос томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхлүүлнэ. Түгжрэлийг бууруулах зорилгоор 90 байршилд холбоос, туслах, гол замын зураг төслийн ажил хийж байгаа. Мөн 1800 метр гүүрний зураг төсөл, шинээр нэвтрүүлэхээр төлөвлөсөн хөнгөн галт тэрэгний төслийн суурь судалгаа, урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, авто зогсоол, уулзварыг шинэчлэх, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, үерийн байгууламж зэрэг иж бүрэн бүтээн байгуулалтыг төлөвлөх, тэдгээрийн зөвлөх үйлчилгээний зардал үүнд багтсан” хэмээн учирлалаа. Харин хотын мээр “Авто зам, нийтийн тээврийн салбарт зарцуулах хөрөнгийн хэмжээг цаашид энэ оныхоос буулгахгүй байх зарчим баримталж буй. Багадаа 420 орчим тэрбум төгрөг зарцуулна. Томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхийн хэрээр үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ” гэж ярилаа. Товчхондоо бол “Ийм хэмжээний мөнгө зарцуулах нь ердийн л зүйл, сүржигнэх хэрэггүй” гэсэн зөвтгөлийг нийслэлчүүдэд “дайв”.

Албаныхны өгч буй мэдээллээр бол ирэх онд авто замын салбарт олон, томоохон ажил хийх нь. Энэ бүхний суурь буюу гүйцэтгэлийн өмнөх шатны ажилд 11 тэрбумыг зарцуулах нь гэсэн “мессеж” уншигдаж байна. Гэтэл үүнийг төсвийн төсөлд “Түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээний судалгаа, зөвлөх үйлчилгээнд” хэмээн тодотгосон байгаа юм. Энэ салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж, төсвийн төсөлд тусгасан нийт ажил, арга хэмжээг шүүгээд үзэхээр түгжрэл бууруулах зорилготой нь чухам аль юм бэ гэдэг нь бүрхэг байна. Угаасаа хот жил бүр нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар авто замын өргөтгөл, зогсоол, уулзварын шинэчлэлийг хийсээр ирсэн шүү дээ. Тэгвэл үүнийг түгжрэл бууруулах зорилготойд тооцож, их хэмжээний мөнгө төсөвлөх хэрэгтэй юү. Томоохон бүтээн байгуулалт гэж тодотгоод буй нийтийн тээврийн парк шинэчлэл (250 автобус нэмж явуулах)-ийг хийхэд үнэтэй зураг төсөл, зөвлөх үйлчилгээ шаардлагатай юу. Дугуйн болон явган хүний зам, талбайг өргөжүүлж, шинээр барих ажлын бэлтгэлд их хэмжээний зардал шаардагдах уу. Хэрэгжүүлэх, эсэх нь тодорхойгүй, байршлыг нь ч бүрэн тодорхойлж чадаагүй байгаа хөнгөн галт тэрэгний төслийн судалгаанд хэдийг өгөх вэ. Ингээд бодохоор, тооцоолохоор 11 тэрбум гэдэг бол яалт ч “тэнгэрийн” тоо байгаа юм. Ялангуяа нийгэм, эдийн засгийн байдал цар тахлаас хараат, хил, гаалийн үйл ажиллагаа доголдож, экспортын гацаа үүссэн энэ цаг үед төсөвт ийм хэмжээний дарамт учруулах нь зохисгүй.

Түгжрэл бол нийслэлчүүдийн тулгамдсан гол асуудал мөнөөс мөн. Үүнийг шийдэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаа чухал уу гэвэл эргэлзээгүй тийм. Гэхдээ энэ нь төсвийн мөнгийг ямар ч тооцоололгүй, харанхуйгаар зарцуулах, үрэн таран хийх шалтгаан болох ёсгүй юм. Одоогийн үүсээд буй нөхцөл байдлыг дүгнэхэд авто замын салбарт өмнө нь хэрэгжүүлсээр ирсэн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хамаг л ажлыг түгжрэл бууруулах зорилго доор хүчээр “зангидаад”, их ажил хийх мэт дүр эсгээд, данхар төсөв “тавьсан” гэж харагдаж байна. Нийслэлчүүд үүнд шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж, тайлбар хүсэж буй нь зүй ёсны хэрэг. Татвар төлөгчид төсвийн зарцуулалтад хяналт тавих, холбогдох албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх эрхтэй. Харин төрийн байгууллагынхан хийж хэрэгжүүлэх ажлаа оновчтой, эрэмбэтэй, үндэслэлтэй төлөвлөж, тооцоолон, тэр бүхнээ нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх шаардлагатайг нийслэлийн 2022 оны төсвийн төслөөс үүдэлтэй будилаан маш тодорхой харуулж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас авсан мэдээллээр бол 2017 оноос хойш Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн авто зам, нийтийн тээвэртэй холбоотой төсөл, арга хэмжээнд ойролцоогоор найм орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь зөвхөн судалгаа, зураг төсөл, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээнд зарцуулсан төсөв юм байна. Жилд дунджаар 1.6 тэрбум төгрөгийг ийм зориулалтаар зарцуулсан гэсэн үг. Тэгэхээр 11 тэрбум гэдэг хэр “данхар” тоо болох нь эндээс маш тодорхой харагдана. Олон нийтийн зүгээс гарсан шүүмжлэлтэй холбогдуулан “Нийт төсөвлөсөн мөнгө (11 тэрбум)-ний тал хувь буюу 4.9 тэрбумыг ирэх онд зарцуулна” гэсэн эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг сайтууд нэлээд “шууруулав”. Гэвч төсвийн төсөлд “Түгжрэл бууруулах төсөл, арга хэмжээний 2022 оны төсөвт өртөг 11 тэрбум” хэмээн цагаан дээр хараар, тод гэгч нь бичсэн байна.

Судалгаа, хэлэлцүүлэгт хэр их хөрөнгө зарснаар үр дүн гардаг бол нийслэлчүүд өдийд түгжрэлийн асуудлыг мартчихсан байх болов уу. Хамгийн сүүлд гэхэд 2019 онд Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн ЗДТГ хамтран түгжрэл бууруулах чиглэлийн олон талт судалгааг эхлүүлж байгаагаа сүртэй гэгч нь зарласан юм. Үүний үр дүнд төвлөрлийг сааруулах арга хэмжээний санал гаргасан. Зам, замын байгууламжийн хүртээмжийг сайжруулахаас гадна төрийн байгууллагынхны ажлын цагийг уян хатан, сонголттой болгох, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацааг зөрүүлэх зэрэг олон санал гаргаж, нийслэлийн удирдлагад танилцуулж байв. Гэтэл энэ бүхэн хотын удирдлага, түүний баг солигдсоноор замхран одсон. Үүний дараа дахин энэ чиглэлийн судалгааны төсөл эхлүүлснийг нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн ажлаа авсан даруйдаа мэдээлсэн. Энэ ажилд ч багагүй хэмжээний хөрөнгө зарцуулсан юм билээ. Тэгвэл үүний үр дүн юу болсон бэ. Замын хөдөлгөөний дундаж хурд, түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг тооцоолохоос өөр ажил хийсэн үү, зам, гүүр барихаас ондоо шийдэл олсон уу. 11 тэрбумын суурь судалгаа, тооцоололтой төсөл, арга хэмжээ хэрэгжүүлснээр хотын түгжрэл чухам хэдэн хувиар буурах вэ. Та бүхний хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил дараагийн сонгуулиар “таслагдах уу”. Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг батлахаас урьтаад эдгээр асуултад хариулт хэрэгтэй байна. Түгжрэлийг бууруулах нэрийдлээр төсвийн мөнгийг хайр гамгүй зарцуулдаг “уламжлал”-ыг таслан зогсооё. 11 тэрбум гэдэг 4-5 цэцэрлэг, сургууль барьж, олон хүүхдийн боловсрол, хөгжилд бодитой хөрөнгө оруулах хэмжээний мөнгө шүү, нийслэлийн төсвийг атгагчид аа.

Бэлтгэсэн Ж.Мишээл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.