Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Богд банк” IPO гаргалаа

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа  “Богд банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. Энэ дагуу тус компанийн анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Богд банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Саруул болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Цан цохих ёслолыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “УИХ-аас санхүүгийн салбарт бодлогын хоёр чухал баримт бичгийг баталсан. Түүний нэг нь “Зээлийн хүүг бууруулах стратеги” бөгөөд энэ хүрээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, үүн дотроо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээл дээр нэмж гаргах бодлогын баримт бичгийг гаргасан. Мөн УИХ-аас эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн салбаруудад реформ хийхээр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр системийн нөлөө бүхий банкууд 2022 оны долоодугаар сарын 01-ний өдөр гэхэд нээлттэй хувьцаат компани болсон байх бусад банкуудын хувьд нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компани байх сонголтыг нээлттэй үлдээсэн. Хэдийгээр нээлттэй хувьцаат компани болох үүргийг хуулиар хүлээгээгүй ч олон нийтийн банк болох үйл ажиллагааг түүчээлэн орж ирж байгаа “Богд банк” ХХК-ийн хамт олонд юуны өмнө талархал илэрхийлье.

Энэ оны хувьд их онцлог жил. Ялангуяа өнгөрсөн сарын байдлаар Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.2 их наяд төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Анхны 1 их наядын үнэлгээтэй үндэсний компани бий болсон, төслийн бус хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас арилжаалагдсан. Монголын үндэсний төгрөг болон ам.долларын хосолсон бонд гарсан. Банкны бүтцийн өөрчлөлтөд оролцохоор хамтын хөрөнгө оруулалтын сан нэгж эрхээ амжилттай арилжаалсан. Дээр нь бид бүхэн хос хөтөлбөртэй болсон буюу санхүүжилтийг зөвхөн хөрөнгийн биржээс бус биржийн бус зах зээлээс татах зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороо гаргасан зэрэг нэлээдгүй ажлыг хийлээ. Ирэх жилүүдэд ч банкны реформ хийх бөгөөд цаашдаа үндэсний томоохон компаниудыг ч хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, олон нийтийн компани болгохын төлөө зорьж ажиллах болно. Хорооны зүгээс “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг олон улсын стандартад нийцүүлсэн бөгөөд андеррайтер төвтэй үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлнэ” гэдгийг онцолсон юм.

“Богд банк” ХХК нь нийт хувьцааныхаа 20 хувийг буюу 12.5 сая ширхэг хувьцааг нэг бүр нь 2,540 төгрөгөөр нийтэд санал болгох замаар нийт 31.75 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс 70 хувь буюу 8,750,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувь буюу 3,750,000 ширхэг хувьцааг олон нийтэд худалдах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.