Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ювентус” доод лиг рүү УНАХ уу

2018-2021 оны хооронд “Ювентус” баг өөрийн хөрөнгөө хуурамчаар өсгөсөн хэргийг Италийн эдийн засаг, санхүүгийн яамны харьяа цагдаагийн алба мөрдөж эхэлсэн тухай мэдээлэл тараад байна. Компани болон бирж хариуцсан үндэсний комиссын (Consob) шалгалт, мөн мэргэжлийн хөлбөмбөгийн багуудыг удирдах хорооны (Covisoc) тайлан гарсны дараа хууль сахиулагчид тус багийн төв байрнаас зарим бичиг баримтыг нь хурааж авсан байна. Улмаар нотлох баримтад үндэслэн өөрийн хөрөнгийн өсөлттэй холбоотой хавтаст хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Одоогоор “Ювентус”-ийн ерөнхийлөгч А.Аньелли, дэд ерөнхийлөгч П.Недвед, Спортын албаны дарга асан Ф.Паратичи (өдгөө “Тоттенхэм” багт ижил албан тушаал хашиж буй) нараас мэдүүлэг авсан байна. Тус багийг хөлбөмбөгчдийнхөө үнийг хиймлээр өсгөж зарснаар 282 сая еврогоор хөрөнгөө нэмэгдүүлсэн, харин багийн удирдлагыг мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа юм.

“Ювентус” баг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт мэдэгдэл гаргаж, түүндээ цагдаагийн байгууллагатай бүхий л талаар хамтран ажиллаж байгаа бөгөөд клубийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан гэж дурджээ.
Эл сэжигтэй явдал цааш хөвөрсөөр Италийн “Сери-А”-гийн бусад багийг ч хөлдөө чирч магадгүй болоод байна. Тодруулбал, “Ювентус”-ээс гадна “Наполи”, “Интер”, “Аталанта”, “Женоа”, “Сампдория” зэрэг багийг тоглогчдын наймаа, солилцоотой холбоотойгоор цагдаагийн байгууллагаас сэжиглэн шалгаж эхлээд байгаа аж.

Италийн зарим хэвлэлд бичсэнчлэн “Хөгшин хатагтай” нарыг доод лиг буюу “Сери-Б” руу “цөлнө” гэсэн таамаглал нь тийм ч бодитой бус юм. Нэр дурдсан багуудыг мөрдөн шалгах ажиллагаа удаан үргэлжлэх бөгөөд шийтгэлийн төрөл нь тэр хэрээр ялгаатай байж болзошгүй. Жишээлбэл, доод лиг рүү зэрэг бууруулах, онооноос нь хасах зэргээр өөр байх магадлалтай билээ.

Багуудын удирдлагуудад ногдуулах шийтгэл ч янз бүр байх нь гарцаагүй. А.Аньелли болон түүнийг тойрон хүрээлэгчид санхүүгийн бохир үйл ажиллагаа явуулсан, мөнгө угаасан нь хэрэв батлагдвал шоронд хоригдох, мөнгөн торгууль хүлээх, эсвэл тэнсэн харгалзах ял авч болзошгүй юм.

Бэлтгэсэн Э.Манлайбаатар

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.