Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадын удирдагчдын хэлсэн үг уйгурчуудыг хэлмэгдүүлэхэд хүргэсэн үү

Хятадын Засгийн газрын, саяхан нийтлэгдсэн нууц баримт бичгүүдээс үзвэл Шинжаан-Уйгур дахь исламын шашинт уйгурчуудыг их хэлмэгдүүлсэн нь тус улсын дээд удирдагчид, тэр дундаа БНХАУ-ын дарга Си Зиньпин, Ерөнхий сайд Ли Көцян нарын хэлсэн үгтэй шууд холбоотой байсныг ВВС уламжлав.

Британийн нийслэл Лондонд төвтэй, олон нийтийн байгууллага болох “Уйгурын шүүх”-д шилжүүлсэн “Шинжааны баримтууд”-д дурдсанаар уйгурчуудын эсрэг харгислал үргэлжилж, хоморголон устгасан байж болзошгүй хэргийг шалгаж буй аж.

“Уйгурын шүүх”-ийн ажилтнууд энэ сэдвийг судалж буй гурван эрдэмтэнд шалгуулахаар баримтуудаа өгсөн байжээ. Үүний үр дүнд эдгээр шинжээчийн нэг болох Германы антропологич Адриан Зенц БНХАУ-ын тэргүүний маш нууц гэсэн мэдэгдэл түүхэнд анх удаа ил болсныг уламжлав. Өрнөдийнхөн удаа дараа буруутгасан ч уйгур түмнийг хавчин гадуурхаагүй хэмээн Хятад улс мэдэгдсээр ирсэн. Гэсэн ч БНХАУ-ын өндөр албан тушаалтнуудын хэлсэн үг тус улсад амьдарч буй уйгурчууд болон исламын шашинт цөөнхийг олноороо хэлмэгдэхэд хүргэсэн нь нийтлэгдсэн баримтууд харуулжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2013 онд Бээжин, 2014 онд Куньмин хотод явган болон нийтийн тээврээр зорчигчид руу хоёр удаа халдлага үйлдсэний дараа Хятадад уйгурчуудын талаарх бодлого өөрчлөгдсөн байна. Эрх баригчид уг халдлагад исламын шашинт уйгур болон салан тусгаарлах үзэлтнүүдийг буруутгасан билээ. Үүний дараа Шинжаан-Уйгурт дахин хүмүүжүүлэх лагерь байгуулж, олон мянган уйгур дамжин өнгөрчээ. BBC-гийн сурвалжлагч нарын явуулсан мөрдөн шалгалтаас үзвэл шоронд мусульманчуудыг ёс заншил, итгэл үнэмшлээ орхихыг шаардаж, улс оронд ноёрхсон үзэл суртлыг тулгасан байна.
Үүний сацуу албадан уусгаж, бөөнөөр нь хүүхэд төрүүлэх боломжгүй болгож, түүнчлэн баривчлагдсан уйгурчуудыг үйлдвэр, хөдөө аж ахуйд албадан ажиллуулсан хэмээн Хятадын эрх баригчдыг буруутгажээ. Тус улсад олон зуун мянган уйгур болон бусад үндэстний цөөнхийн төлөөлөгчдийг Шинжаан-Уйгур дахь хөвөнгийн тариалангийн талбайд хүнд хүчир хөдөлмөр эрхлэхийг албадсан гэдэг.

Хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн болон хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн БНХАУ-ын эрх баригчдыг АНУ, Канад, Нидерланд зэрэг Өрнөдийн зарим улс буруутгадаг. Гэвч уйгурчуудын талаар өдгөө баримталж буй бодлого нь терроризмоос урьдчилан сэргийлэх, исламын шашны хэт давруу үзлийг устгахад чиглэсэн бөгөөд лагерь байгуулсан нь хоригдлуудыг дахин хүмүүжүүлэх үр нөлөөтэй газар болсныг Бээжин уламжилжээ.

“Ажилгүй хүмүүс асуудал үүсгэж болзошгүй, компаниудад ажил эрхэлснээр үндэстэн ястнууд нэгдэн нийлж, ажилчдад шашны хэт давруу үзэлтэй тэмцэхэд нь тусалдаг гэж Си Зиньпин хэлсэн нь уйгурчуудыг албадан хөдөлмөр эрхлүүлэх бодлого хэрэгжүүлэхэд хүргэсэн хэмээн Адриан Зенц тэмдэглэсэн байна. Тийм хөдөлмөр эрхэлснээр ажилчид Хятадын соёлыг өөрийн эрхгүй судлахад хүргэдэг гэж тэрбээр хэлжээ. Хятадын бодлогыг хамгаалагчид түүнийг тус улсын коммунизмыг устгах хүсэлтэй христийн суурь үзэлтэн гэж үздэгийг “Guardian” сонинд бичжээ. Бээжин А.Зенцийн эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. 2019 онд иймэрхүү баримт алдагдсан тухай “New York times” сонин урьд нь бичсэн бол одоо бүх баримт нийтийн хүртээл болж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.