Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Беларусийн фронт

Беларусь, Польшийн хил дээр бөөгнөрөөд буй хууль бус цагаачдын талаарх асуудал сүүлийн нэг сар Орос, Европ, Америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж байна. Энэ бол Орос, Өрнөд хоёрын харилцааны зөрчлийн мөсөн уулын ил харагдаж буй хэсэг нь л төдий юм. Оросоос Герман руу Балтийн тэнгисийн усан доогуур тавьж буй “Умардын урсгал-2” гэх хий дамжуулах хоолой түүний усан доорх хэсэг нь. Дүрвэгсдийн хямрал явсаар хэрхэн “Беларусийн фронт” болсон тухай өгүүлье.

ДҮРВЭГСЭД ЯМАР ЗАМААР БЕЛАРУСЬТ ИРЭВ

Польшийн улстөрчдийн хүчин чармайлтын дүнд тус улсад төдийгүй Европын Холбоонд итгэл үнэмшилтэй болоод байгаа таамаглалаар бол хямрал үүсгэх зорилгоор Иракаас зориуд дүрвэгсдийг авчирсан Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хорон санааны уршиг ил гарсан нь энэ гэх. Гэхдээ энэ нь бидэнд байсхийгээд тохиолддог үнэний өчүүхэн хэсэг нь юм. Магадгүй ор үндэслэлгүй ч зүйл байж мэднэ. Европын Холбоонд болж буй хэлэлцээр дээр Беларусийн иргэний нисэхийн “Belavia” компанийг хориг тавих жагсаалтаас хасахыг ХБНГУ оролдож байна гэж Литвийн Гадаад хэргийн сайд Габриэлюс Ландсбергис саяхан мэдэгдлээ. Тэгтэл “Belavia”-д тавьсан хоригийг цуцлахгүй гэж Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас хэллээ. Хожим нь Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа “Belavia”-д тавьсан хоригийг цуцлах шийдвэр гаргаагүй, яагаад гэвэл энэ нь асуудлын нэг л шалтгаан. Тиймээс “Belaviа” жагсаалтад үлдэх ёстой. Тус компани цаашдаа улс төр-дипломатын шугамаар жагсаалтаас гарна гэдгийг бид баталгаажуулах учиртай” гэж LRT телевизийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн.

“Belavia” чухамхүү Европын Холбооны зүгээс тавьсан хоригт орсноос Ойрхи Дорнодоос дүрвэгсдийг зөөх болсон юм. Энэ нь компанийн онгоцны хувьд Европын нисэх буудлууд хаалттай болсноос алдагдлаа нөхөхийн тулд шинэ зах зээл олж авахын төлөө чармайсан, үүнд Ойрхи Дорнод гайгүй ирээдүйтэй гэж харагдсан хэрэг. Ингээд л Иракийн курдүүд, афганчуууд Беларусь руу нисэж ирцгээх болсон. Тасалбар болон хил нэвтрэхэд шаардлагатай бусад бичиг баримтаа үзүүлээд байгаа хүмүүст ямар үндэслэлээр Александр Лукашенко татгалзсан хариу өгөх юм бэ. “Европын сүүлчийн дарангуйлагч” нөхцөл байдлыг овжин ашиглаж дүрвэгсдийг Польшийн хил хүрэх замыг хөнгөлсөн гэж яривал энэ өөр хэрэг. Дүрвэгсэд түүний оролцоогүйгээр замаа олох ч байсан биз. Ямар ч байлаа гэсэн дүрвэгсдийн зорилго нь Беларусь биш, Европын Холбооны гишүүний хувьд Польш л байсан. Дүрвэгсдийг дэмжих хөтөлбөр Лукашенкод байгаагүй, харин Европын Холбооны хилийг нэвтэрсэн хууль бус цагаачдыг орон байр, хоол хүнсээр хангаж тусламж үзүүлэх үүрэг Польш хүлээж байгаа. Чухам ийм учраас л Ойрхи Дорнод хийгээд Африкийн олон мянган курд болон бусад хүнийг польшууд усан буу хэрэглэж хөөсөн юм. Гэтэл Европын Холбооны улсууд Варшавыг буруутгахгүй, хориг тавьж Минскийг шийтгэж буйг гайхмаар. Үүний зэрэгцээ Ерөнхий сайдын орлогч, Дотоод хэргийн сайд асан Маттео Сальвинийг буруутгасан хурц үйл явдал Италид өрнөж байна. Уг үйл явдлыг Апениний хойгт төдийгүй Европ даяараа ажиглаж байна. Түүнийг албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж, дүрвэгсдийг хууль бусаар саатуулсан хэмээн буруутгаж буй. Испанийн “Оpen arms” гэх Засгийн газрын бус байгууллагын хөлгөөс 147 цагаачийг Италийн усан зогсоолуудад буухыг Сальвини 2019 оны зун хориглосон юм. Сайд байсан таван хүнээс гадна дүрвэгсдэд тусламж үзүүлсэн Холливудын од Ричард Гир нар шүүхэд мэдүүлэг өгдөг дээрээ тулаад байх шиг байна. Жүжигчний шүүмжлэлийн хариуд Сальвини амийг нь аварсан хүмүүсийг Холливуддаа аваачихыг санал болгосон юм. “Хаалттай усан буудлуудын” хязгаарлах бодлогоороо Итали улсаа хууль бус дүрвэгсдийн дарамт шахалтаас хамгаалсан гэж сайд асан өөрийн үйлдлийг зөвтгөж байгаа. Өнгөрсөн онд Сенат нь түүний депутатын халдашгүй эрхийг цуцалж, шүүхээр асуудлыг шийдүүлэх замыг нь засаж өгсөн юм. Түүнд 15 жил хоригдох ял өгч болзошгүй. Үүний зэрэгцээ Европын Холбоо 2015 оноос Африк, Ойрхи Дорнодоос дөрвөн саяас доошгүй дүрвэгч хүлээж авсан. “Европын сүүлчийн дарангуйлагч”-ийг буруутгах юм бий гэдэгт эргэлзэх юм үгүй ч дүрвэгсдийн урсгалыг Европ руу нэвтрүүлэхийг зохион байгуулахад тэрбээр ердөө дам хамааралтай юм. Сальвинигийн жишээгээр харахад дүрвэгсдэд хүнлэг бусаар хандахад хөгшин Европ хатуу чанга хариу өгч буй. Тэгэхдээ яагаад ч юм бэ хүмүүсийг усан буу ашиглан хилээсээ хөөх болсон Польшийг ажиглахгүй, анзаарахгүй байна. Ирак, Афганистанаас ирсэн хүүхэд, эмэгтэйчүүд ямар нөхцөлд толгой хоргодож байгааг үзэхээр Ричард Гир Беларусьт ирэхгүй нь мэдээж. Улигт хоёрдмол стандарт саадгүй үйлчилж байгаа нь илт.

ЭРДОАН ЮУГААРАА ЛУКАШЕНКОГООС ЯЛГААТАЙ ВЭ

Үүнтэй төстэй байдал таван жилийн өмнө Туркт бий болж байв. Тус улс бараг дөрвөн сая дүрвэгч хүлээж авсан. Үүний буруутан нь өнөөх л Сири дэх дайн. Хүмүүнлэгийн сүйрэлд анхаарлаа хандуулж, дүрвэгсдийн хуаран байгуулахад нь туслалцаа үзүүлэхийг Режеп Тайип Эрдоан удаан хугацааны турш Европын Холбоонд уриалсан. Анкарагийн энэ хүсэлтийг Европын Холбоо хайхраагүй. 2016 оны дөрөвдүгээр сард Ангела Меркель болон Европын зөвлөлийн дарга Дональд Туск нарын ахалсан сүр бараатай төлөөлөгчид Туркт очлоо. Тэд Эрдоанд зориулж аятайхан үг харамгүй хэлсэн. “Дүрвэгсдийг халамжлахад Анкара шилдэг үлгэр жишээ үзүүллээ” гэж Туск мэдэгдэв. “Энэ бол улс төрийн улиг болсон үнэлгээ биш, миний хувийн сэтгэгдэл юм” гэж тэрбээр Германы Канцлерийн хамт Сирийн дүрвэгсдэд зориулж бий болгосон хуаранг үзсэнийхээ дараа сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байдаг.

Саад бэрхшээлийг арилгаж, хууль бус дүрвэгсдийг Европ руу нэвтрүүлэхийн өмнө Эрдоан энэ асуудалд анхаарлыг нь татахын тулд элдвээр хичээж, хуаранд зориулж жилд таван тэрбум ам.доллар өгөхийг Европын Холбооноос шаардсан ч бас л хайхраагүй. Арай хэтэрсэн шаардлагаас гадна дүрвэгсдийн урсгалыг залж чиглүүлэх бодит боломжоо Туркийн удирдагч харуулсангүй гэж Европын Холбоо үзэж байв. Тэглээ ч эцэст нь Турктэй Европ хэлэлцээр байгууллаа. Түүнд Сирийн бүх дүрвэгчийг Турк хүлээж авах, хариуд нь дүрвэгч, цагаачдад тусламж болгож зургаан тэрбум евро авахаар болов. Мөн Турк рүү буцаасан хууль бус дүрвэгч тус бүрийн оронд Туркийн хуарангаас зугтагсдад Европ орогнол олгохоор тусгалаа.

Эрдоан Европоос хүссэн болгоноо авсан гэж хэлж болно. Гэвч энэ тохироо богино хугацаатай байж, дөрвөн жилийн дараа Турк, Грекийн хил дээр дүрвэгсдийн шинэ хямрал үүслээ. Үүний шалтгаан нь Сирийн Идлиб муж дахь ажиллагаа байлаа. Үүнээс болж Туркийг зүглэх дүрвэгсдийн урсгал нэмэгдсэн юм. Анкара хилээ хаахаас татгалзсанаар дүрвэгсдийн тоог нэмэхийг хүсэхгүй байгаа бол Брюссель бидэнтэй хэлэлцэн тохиролцох ёстой гэдгийг Турк ойлгууллаа.

Итали, Туркээр дамжин Газрын дундад тэнгисээр Балкан руу гарах бусад том хонгилтой харьцуулбал Беларусь нь хууль бус дүрвэгсдийн хувьд Европ руу нэвтрэх цонх биш, жижиг салхивч төдий юм. Уламжлал болсон замаар урсах олон сая хүнийг бодвол Польшийг зорьсон хэдхэн мянган хүн гэдэг бараг нүдэнд өртөмгүй гэж хэлмээр. Тэгвэл тэднээс болж яагаад ийм айхавтар шуугиан дэгдэв. Лукашенкогийн эсрэг үзэл санааг хөөрөгдөн тийм ч өргөн цар хүрээтэй биш дүрвэгсдийн хямралыг нийт Европын түвшинд аваачихаар Варшавын гаргасан хүчин чармайлт л үүний шалтгаан болсон болов уу. Эхний үед Польш нэлээд үр бүтээлтэй хөдөлж, хууль бусаар дүрвэгсдийн урсгал бий болгох гэж оролдсоны төлөө Беларусьт шинээр хориг тавих асуудлыг хөндөж байсан юм. Сүүлийн үед энэ талаарх яриа хөөрөө нэлээд намжлаа. Беларусь-Европын дүрвэгсдийн хямрал нь ердөө Орост үзүүлэх дарамт шахалтын нэг элемент болоход эргэлзэх юм үгүй. Ихээхэн үндэслэл муутай ч гэсэн Беларусийг Оросын хараат, Лукашенког Оросын Ерөнхийлөгчийн заавраар ажилладаг, Владимир Путиний өргөөний тавиул хүн гэж үзэх нь Өрнөдийнхний хувьд зүй ёсны юм. Тиймээс Германы Канцлерийн үүрэг гүйцэтгэгч Ангела Меркель дүрвэгсдийн хямралыг нэг тийш болгох оролдлого хийж Москва руу утасдав. Тэгээд Лукашенкотой тохиролц, Орост ямар ч хамаагүй гэсэн хариу авсан. Үнэн хэрэг дээрээ Беларусь нь Оросоос бүрэн хамааралтай ч Александр Лукашенко гадаад бодлогодоо бие даасан тоглогч, түүнийгээ хэнтэй ч хуваалцах бодолгүй. Эцэст нь, Германы Канцлерийн үүрэг гүйцэтгэгч түүнтэй утсаар ярьж, айхавтар шүүмжлүүлсний зэрэгцээ Лукашенког Беларусийн Ерөнхийлөгч гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүрсэн. Үр дүнд нь хилийн “Брузги” боомтоос холгүй дүрвэгсдийг байршуулах төвтэй болсон. Дүрвэгсэд энд өвлийг ч өнгөрөөж болзошгүй. Ирак руугаа буцах хүний нэрсийг гаргахад 60 нь л бүртгүүлсэн байдаг. Дүрвэгсэд Европт хөл тавих найдвар тасраагүй бололтой.

Меркель, Лукашенко хоёр юу гэж тохиролцсоныг хэлэхэд төвөгтэй. Одоогоор нууц байна. Дүрвэгсдэд шаардлагатай хөрөнгө олох, эмнэлгийн тусламж үзүүлэх, эх орон руугаа буцах хүсэлтэй хүмүүст нисэх онгоцны тасалбар авч өгөх талаар Беларусийн Ерөнхийлөгч ашигтай наймаа хийсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэгээгүй бол Польштой залгаа хил дээр хүмүүс одоо болтол асар, майханд амьдраад баймгүй. Хэрэв Германаас Беларусь мөнгө авсан бол хэмжээ нь Туркт өгсөнтэй харьцуулшгүй байж таарна. Бүх асуудлыг Польшийн оролцоогүйгээр шийдсэн. Одоо шинээр хориг тавихгүй болов уу. Ром, Мадридыг орхиод харахад дүрвэгсдийн “Беларусийн фронт” Парис, Берлиний аль алинд нь тийм ч айхавтар асуудал гэж харагдахгүй байгаа. Урьд нь Эрдоанд тохиолдсоны адил хувийн нэр хүндээ өргөхөд нь дүрвэгсэд Лукашенкод үр ашгаа өгч буй. Хуучин ертөнц (Европ) хаашаа ч зайлах газар үгүй, өмнөх зуунуудын колонийн бодлогынхоо бурууг мэдэрсэн нь түүнийг Европын колоничлогчдын хөл хэзээ нэгэн цагт гишгэж байсан бүх улсын дүрвэгсдийг хүлээж авахаас аргагүйд хүргэж байна. Далайн чанадаас газар нутаг эзэлж авахад оролцож байгаагүй Польш болохоор гэмших зовлон мэдрэхгүй байна. Түүнд колони улсууд үнэндээ байгаагүй ч Ойрхи Дорнодын орнууд, юуны урьд Ирак, Афганистаныг сүйрүүлэхэд харин хамгийн идэвхтэй оролцсон юм. Гэтэл чухам тэндээс Беларусь руу дүрвэгсэд нисэн ирлээ. Асуудал бэрхшээл гараад ирвэл бүгдийг Оросын хатгаас хэмээн тайлбарла, үнэн мөнийг бүү ухаж төнх, алдаагаа битгий ил гарга. Харамсалтай нь олон улсын харилцаанд ийм өнгөц хуурамч хандлага өнөө цагийн Өрнөдийн улс төрийн бодлогын тулгуур болоод байна.

Орос, Өрнөдийн хоорондын зөрчил сүүлийн үед мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Ан цав бүх чиглэлээр тэлж, “Умардын урсгал-2” төсөлд үзүүлэх дарамт шахалт урьд байгаагүй хэмжээнд хүрч, Хар далайд хүчээ үзэх “наадам” ил тод болж байна. Бүх гэм нүгэлд оросуудыг Өрнөд байнга буруутгаж, хориг тавьж, түүгээр айлгах гэх боллоо. Дайн нүүрлэж нэгэн зууны өмнө бол аль хэдийн их буу нүргэлж, хотуудын дээгүүр бөмбөгдөгч онгоцнууд нисэж байх байсан биз. Дайны хэнээтнүүдийг цөмийн зэвсэг л тогтоон барьж байх шив. Орос, Өрнөд хоёр биендээ итгэхээ байсан нь хамгийн санаанд багтамгүй хэлбэрээр хийх болсон мэдээллийн дайны уршиг юм. Оросыг Европын орнуудыг хэзээ ч пуужингаараа харвахад бэлэн улс гэж ойлгуулахыг хичээх болов. Тэгээд ийм бодлого явцгүй болох нь энгийн нүдэнд ч харагдсаар байхад дотоод хилээ хаах, шинэ төмөр хөшиг татах, эдийн засгийн төдийгүй дипломат харилцаагаа таслахыг оролдож байна. Улс төрөөс эдийн засгийг илүүд үзэх болсон цагт улс орнуудын харилцаа эерэг тал руугаа хазайх биз. Тэр цаг удаан битгий хүлээлгээсэй билээ.

Бэлтгэсэн Р.Жаргалант

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.