Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зээл аваад ч сэхэл авсангүй

-“Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон захын лангуунууд хоосорчээ-

“Хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг” гэдэг ардын ёж үг бий. Үүний үлгэр болсон үйл явдал энэ цаг үед өрнөсөөр байна. Тодруулбал, төрөөс хөнгөлөлттэй зээл олгосон ч түүнийг нь аваад, бизнесээ өргөжүүлж, ашгаа арвижуулж, улмаар бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулж буй иргэн, аж ахуйн нэгж бараг алга гэхэд болох нь. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сайжруулах 10 их наядын цогц төлөвлөгөө”- нд хамрагдан, зээл аваад ч сэхэл аваагүй дараах жишээнүүдийг онцолъё.

Сүхбаатар, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон хоёр худалдааны төвд лангуу түрээслэн, бэлэн хувцас борлуулдаг Б.Ариунтуяа хоёр хүн цалинжуулдаг бөгөөд ийм бизнес эрхлээд 10 жил болжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу гурван хувийн хүүтэй зээл авчээ. Сард хэдэн төгрөг төлдөг вэ. Үр өгөөжийг нь хүртэж чадаж байна уу?

-Би 10 сая төгрөгийг өнгөрсөн зургадугаар сард зээлсэн. Гурван жилийн хугацаанд сар бүр 280 000 төгрөг төлж барагдуулна. Хүү багатай нь олзуурхууштай ч үр ашгийг нь хүртэхэд хэцүү байна. Учир нь зээлээ авсан даруй таван сая төгрөгт нь БНХАУ-аас бараа захиалсан. Уг нь 7-10 хоногт ирдэг ачаа хоёр сар хүлээгдсэн. Сүүлд аравдугаар сарын дунд үед найман сая төгрөг бүрдүүлж, Эрээнд байдаг түншдээ 7-8 төрлийн хувцас, хэрэгсэл захиалсан юм. Гэтэл удалгүй хил хаагдсанаас өдгөө мөнгө ч үгүй, бараа ч үгүй болчихлоо. Хятадууд бараа аваад “дарсан”, явуулах боломж хаагдлаа гэсэн. Мөн тээврийн зардал нь нэг жилд бараг хоёр дахин өссөн гээд бод. Урд хөршийн бараа, бүтээгдэхүүн хямд, сонголт сайтай ч тийшээ явж наймаа хийх үнэхээр хүнд боллоо.

-ОХУ, эсвэл өөр орны бүтээгдэхүүн оруулж ирж зарж болох нь уу. Туршиж үзэв үү?

-Он солигдох дөхсөн энэ үе, жил бүрийн арванхоёрдугаар сар бол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон бэлэн бүтээгдэхүүн борлуулагчид хэн нь ч боломжийн орлого олдог мөч. Зарах бараа цөөнтэй, сонголтгүй болсон учраас Турк яваад ирлээ. Манай улсаас Турк руу долоо хоногт нэг удаа нислэг үйлддэг учраас тэнд заавал долоо хонох шаардлагатай аж. Тийзийн үнэ, зочид буудалд олон хонох зардал нийлээд таван сая гаруй төгрөг болсон нь нэн өндөр дүн юм. Хамгийн гол нь газрын ачаануудыг заавал Хятадаар дамжуулах учраас онгоцонд бараагаа тавихаас өөр арга байсангүй. Гэтэл нэг кг ачаанд 10 ам.доллар буюу бараг 30 000 төгрөг төлсөн. Би дөрвөн пресс ачаанд нийт 13 сая төгрөг өглөө. Хувь хүнээс сарын найман хувийн хүүтэй мөнгө зээлж байж энэ шүү дээ. Би хоёр худалдагчийн цалин, хоёр лангууны түрээс, зээлийн төлбөр зэрэгт сард таван сая төгрөг төлж, татвараа ч суутгуулдаг. Тээвэр ложистикийн асуудлыг яаралтай шийдвэрлэх, агаарын тээврийн зардлыг бууруулахад анхаарахгүй бол энэ байдлаараа улсаараа удахгүй дампуурах биз гэв.

С.Баярсайхан “Бөмбөгөр” худалдааны төвд төрөл бүрийн бэлэн хувцас, ахуйн бараа борлуулаад цөөнгүй жил болжээ. Жижиг бизнес эрхэлсэн арвин түүхтэй, барьцаа хөрөнгөтэй учраас гурван хувийн хүүтэй зээлээс 50 сая төгрөг авсан аж. Өнгөрсөн долдугаар сард авсан уг зээлийн хүү, үндсэн төлбөрт сард 1.3 сая төгрөг төлөх хуваарьтай. Гэтэл 7-12 дугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд урд хөрш рүү нэг л удаа бараа захиалан, хүлээн авсан гэнэ. С.Баярсайхан “Урд хөршөөс бэлэн бараа оруулж ирдэг, мөн түүхий эд авч, түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэний ч үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зээлсэн мөнгө нь “царцсан” гэж болно. Мэдээж энэ нь ачаа тээвэр саатсан, хил хаагдсантай холбоотой. Хэдийгээр бага хүүтэй зээл авсан ч ашгийг нь хүртэж чадахгүй л байна. Сүүлд арваннэгдүгээр сарын эхээр 15 сая төгрөгт бараа захиалсан, ирээгүй байгаа. Байдал хэзээ хэвийн болохыг хэлэх, баримжаа өгөх хүн ч алга. Бас өвлийн хувцас, эдлэл захисан учраас хавраас авч ирээд ч борлуулж чадахгүй, 2022 оны өвөл болтол хүлээнэ гэсэн үг” хэмээв.

Дархан-Уул аймагт түргэн хоолны газар ажиллуулдаг тогооч Б.Золбаярыг ч мөнгө зээлээд үйл ажиллагаагаа олигтой явуулж чадаагүй нөхцөл тойрсонгүй. Тэрбээр тоног төхөөрөмжөө шинэчлэх зорилгоор 30 сая төгрөг зээлсэн юм байна. Урд хөршид үйлдвэрлэдэг, нэг удаад олон бүтээгдэхүүн шарж, жигнэх боломжтой шарах шүүгээ худалдан авахаар сүүлийн 3-4 сар хөөцөлдсөн ч үр дүнд хүрээгүй гэнэ. Ийм шарах шүүгээг дунджаар 15-20 сая төгрөгөөр Улаанбаатарт цөөнгүй иргэн, аж ахуйн нэгж нийлүүлж байсан ч өдгөө тасарчээ. Улмаар ганц хоёр худалдаачин борлуулах боломжтойгоо илэрхийлсэн ч үнэ нь багадаа 30 сая төгрөг гэжээ. Энэ нь нэг жил гаруйн өмнөхөөс даруй 10 сая төгрөг буюу 1.5-2 дахин нэмэгдсэн дүн гэнэ. Б.Золбаяр “Авсан зээлээ зориулалтын бусаар ашигласныг банкнаас тогтоовол хүүг нь арилжааных руу шилжүүлэх буюу гурван хувийг 10-12-т хүргэнэ гэсэн. Хэрэв шалгавал бид тоног төхөөрөмжөө авч чадаагүй, мөнгөө “хөдөлгөөгүй” гэдгээ л нотлох байх. Гэхдээ зээлийн хүү, үндсэн төлбөрт сард 840 000 төгрөг төлсөөр байгаа” гэсэн юм.

Үүнээс гадна “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон захад бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсэн, лангуунууд нь хоосорсон аж. Энэ нь мэдээж захиалсан бараагаа хүлээн авч чадахгүй, байсныг нь орон нутгийнхан бөөнд нь худалдан авч, хэт эрэлт үүсгэсэнтэй холбоотой.

Эдийн засгийн цусны эргэлт нь мөнгө. Мөнгө нь эрэлтийг бий болгон, эрэлт нийлүүлэлтийг үүсгэн, нийлүүлэлт нь бүтээмж, үйлдвэрлэлийг тэтгэн, харилцан бие биенээ нөхцөлдүүлдэг. Гэтэл мөнгө нь байгаад ч хэрэгцээгээ хангаж чадахгүй, борлуулалт байхгүй, улмаар зээлсэн мөнгө нь “царцсан” тохиолдол ийнхүү олон байна. Үүнд цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, үйлдвэрлэгч бус дамжуулан борлуулагч, хэрэглэгч орныг л бүтээсэн зэрэг олон бурууг олж болох юм. Цаашид тээвэр ложистикийн тогтолцоог сайжруулж, учрах ямар ч бэрхшээлийг даван туулах бэлтгэлийг хангах, мөн үндэсний үйлдвэрүүдийн бүтээмжийг нэмэхэд анхаарах хэрэгтэй байна. Эдийн засгийн экосистемийг цогцоор нь бүрдүүлэхгүй бол горьгүй нь.

Ташрамд дурдахад, манай улс нийт импортынхоо 56 орчим хувийг Эрээн-Замын-Үүдийн боомтоор оруулж ирдэг бол 10 бараа, бүтээгдэхүүний 4-5-г урд хөршөөс авдаг. Түүнчлэн дотоодод үйлдвэрлэдэг гутал, бэлэн хувцас, эм, тариа, барилгын материал үйлдвэрлэлийн түүхий эдийн 60 гаруй хувийг БНХАУ-аас нийлүүлдэг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.