Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ан амьтдаа хамгаалахаас яагаад татгалзаад байна вэ

Манай улсын хэмжээнд агнуурын 171 бүс бий. Эдгээрт нутагладаг амьтдын нөөц, тархац, үржлийн биологи (нөхөн үржихүйн чадавх)-ийг мэргэжлийн байгууллагынхан судалж, үнэлсний үндсэн дээр жилд хэчнээн тоо толгойг тусгай зориулалтаар агнуулахыг шийддэг. Үүнээс төвлөрүүлсэн орлогын тэн хагасыг зэрлэг амьтдыг хамгаалахад зарцуулдаг юм. Тодруулбал, агнуурын бүс нутаг бүрийг хариуцдаг аж ахуйн нэгж бий бөгөөд тэдгээр нь орлогынхоо тал хувиар санхүүжиж, амьтдын амьдрах орчныг сайжруулах, идэш тэжээлээр хангах (биотехникийн) ажил зохион байгуулж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд коронавирусийн улмаас тусгай зориулалтаар ан хийхийг зарим бүсэд бүрэн болон хэсэгчлэн хориглосноор манай улс зэрлэг амьтдад шаардлагатай “халамж”, үйлчилгээг үзүүлж чадахгүйд хүрсэн.

Амьтан судлаач, мэргэжилтнүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Зэрлэг амьтдын өвөлжилт, биотехникийн арга хэмжээ авахад шаардлагатай төсвийг зөвхөн агнуурын бүсээс төвлөрүүлэх нь учир дутагдалтай. Санхүүжилтийн ганц эх үүсвэртэй байх нь эрсдэлтэй, аюулгүй байдлын хувьд баталгаагүй. Дан ганц тусгай хамгаалалттай, агнуурын бүс гэлтгүй бүх газар дахь зэрлэг амьтдыг хамгаалах хэрэгтэй. Манай улс энэ асуудалд бодлогын түвшинд анхаарч, шаардлагатай санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт суулгах хэрэгтэй. Өвлийн ид хүйтнээр, эсвэл амьтад харангадаж үхсэний дараа халаглаж, арга хэмжээ авах бус, өмнө нь эрсдэлийн үнэлгээ хийн, урьдчилан сэргийлэх нь чухал” хэмээн анхааруулсаар байв. Гэтэл тэдний үгийг тоож, тосож авах хүн байгаагүй. Үүний улмаас өнгөрсөн өвөл, хавар олон тооны амьтан өлдөж, харангадаж үхсэн. БОАЖЯ-наас дорвитой шийдвэр гарах болов уу хэмээн нүдээ чилтэл хүлээсэн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагчид өнгөрсөн өвөл тэнхээгээ барсан. Тэдний дийлэнх нь байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэдээс хандив, тусламж босгох замаар хязгаарлагдмал хүрээнд биотехникийн арга хэмжээ авчээ.

Товчхондоо бол өнгөрсөн өвөл бидэнд хангалттай хэмжээний сургамж болсон. Монгол орны нийт газар нутгийн 50 хувьд нь өвөлжилт хүндэрсэн бол зургаан аймагт нэн хүнд түвшинд хүрсэн. Ган гачиг, зудын үнэлгээг нарийвчлан гаргаж, зэрлэг амьтдыг хамгаалах, тусгай хамгаалалттай бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээг эртнээс төлөвлөх шаардлагатайг энэ үйл явдал харуулсан юм. Тэгвэл зохих шатны байгууллагууд энэ сануулга, сургамжийг хэр мэдрэг, соргогоор хүлээж авсан бол. 2021-2022 оны өвөл өнгөрсөн жилийнх шиг байдал давтагдах юм биш биз. Зэрлэг амьтдад хэн санаа тавих вэ. Биотехникийн арга хэмжээнд хөрөнгө төсөвлөсөн үү. Эдгээр асуултад хариулах зорилгоор мэдээлэл цуглууллаа.

БОАЖЯ юун өвөлжилт, зэрлэг амьтны асуудал манатай бужигнаантай байна. Тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргыг нь сольсон юм байх. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагууд хэрхэн ажиллахыг тусгасан Засгийн газрын 93 дугаар тогтоолыг өөрчлөх асуудлын хүрээнд агнуурзүйч, судлаачид өнөөдөр тус яамны “Хаан” танхимд чуулж, санал бодлоо хуваалцах юм гэсэн. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын үнэлгээг гаргахаар ажиллаж буй гэсэн мэдээлэл өглөө. Төсвийн тайлан, “шилэн данс”-ны мэдээллийг нэгд нэгэнгүй шүүж үзлээ. Аялал жуулчлалын бүс тохижуулах, хог хаягдал бууруулах, гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулах ажилд гар татахгүй “том” мөнгө тавьжээ. Харин тэр дунд биотехникийн арга хэмжээ, ан амьтан гэдэг үг ганц ч байсангүй. Монгол орны зэрлэг амьтад энэ өвлийг дахиад л хоолгүй, хоосон угтах нь гарцаагүй юм байна.

Зарим хүн “Нийгэм, цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа учраас амьтдын идэш тэжээлд зарцуулах хөрөнгийг хойш тавьж болох” хэмээн бодож магадгүй юм. Гэвч бүсээ чангалах, тэвчиж болох зардлаа танах уриалга зөвхөн гэнэн иргэдэд зориулсан жүжиг байсан гэдгийг сүүлийн үеийн үйл явдлууд (“Богд Зонхов” хөшөө, “Андлалын өргөө” цогцолбор) гэрчилсээр байна. Мөн нөгөө хэсэг нь “Агнуурын бүс нутгаас төвлөрүүлсэн орлогоор шийдэх ёстой асуудалд БОАЖЯ яагаад оролцох ёстой гэж” хэмээн сөргүүлэх байх. Үнэн хэрэгтээ яам шаардлагатай тохиолдолд хариуцсан салбар, эрхэлсэн асуудлынхаа хүрээнд энэ зэргийн зохицуулалт, өөрчлөлт хийж, байгалийн нөөцөө хамгаалах эрхтэй. БШУ-ны сайд гэхэд салбарт нь тулгамдсан аливаа асуудлыг шийдэхийн тулд улсын төсөвт баригдахгүй, аль болох дотоод нөөц боломжоороо зохицуулна гээд ам гарчихлаа. БОАЖЯ-ынханд ч ийм боломж, гарц бий шүү.

Нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас хот орчмын зэрлэг амьтдын өвөлжилтийн бэлтгэлийг хэр базаасныг тодруулахад “2016 оны судалгааны үр дүнд үндэслэн халиун буга, бор гөрөөсний тархац нутагт биотехникийн арга хэмжээ тогтмол зохион байгуулсаар ирсэн. Өнөө жил хот орчмын хөхтөн амьтдын тархац, нөөцийн судалгааг дахин хийсэн. Үүнээс улбаалаад зарим бүсэд нэмэлтээр биотехникийн арга хэмжээ авах санал гаргаад байна. Жил болгон тодорхой төсөв тусгаад, тэр дагуу ажлаа хийдэг” гэв. Хотын ногоон бүсийн амьтдын идэш тэжээлд хэчнээн төгрөгийн төсөв тусгадаг, энэ жил хэр хэмжээний нөөцтэйг түүнээс асуухад “Нарийн мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм. Төрийн байгууллагынхан төсөв, зардалтай холбоотой мэдээллийг ихэд нууцалж, “нарийн” хэмээх тусгай ангилалд багтаадаг болжээ.

Харин аймгуудын БОАЖГ, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад өөрсдийн нөөц боломжийн хэрээр амьтдад өвс, хужир, ус нөөцөлж, дөхүүлж эхэлсэн байна. Дархан-Уул аймгийн БОАЖГ-ынхан “Одоогоор нэн ховор, ховор туруутан амьтад нутагладаг Мөөл уул, Мухарын гол, Моностой зэрэг таван газарт 1000 кг хужир тавиад байна. Манайх жил болгон өвөлжилтөд зориулж 500 кг өвс, мөн хэмжээний хужир мараа нөөцөлдөг. Энэ удаа ч тэр хэмжээнд нөөцөлнө. Шаардлагатай санхүүжилтийг байгалийн нөөц ашигласны төлбөр болон аж ахуйн нэгжийн дүйцүүлэн хамгааллын арга хэмжээний орлогоос шийднэ” гэсэн бол Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Батгэрэл “Өнгөрсөн өвөл үнэхээр хүнд байсан. Энэ жил хур тунадас элбэг, өвс боломжийн хэмжээнд ургасан ч их цас орвол хэцүүднэ. Цаг агаар барьцгүй. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлээд байна. Орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэгт тулгуурлаад өвс, хужир нөөцлөх төлөвлөгөөтэй” хэмээв.

Харин Өмнөговь аймгийн БОАЖГ-ын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Пунсанцогвоо “2020-2021 оны өвөл Монгол орны нийт нутгаар, манай аймгийн баруун, хойд сумуудад өвөлжилт хүндэрсэн. 200 боодол өвс, 800 сав тэжээл нөөцөлсөн байснаа ховор амьтдын гол тархац нутаг болон уст цэгүүдэд тавьсан. Энэ өвөл биотехникийн арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 26.5 сая төгрөг зарцуулахаар тусгаад байна. Төсөв баталсны дараа хэрэгжүүлэх боломж бүрдэнэ” хэмээн ярилаа. Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв “Өнгөрсөн зун хур тунадас элбэг, өвс ургамлын гарц сайн байсан учраас манай бүс нутагт зэрлэг амьтад тарга тэвээрэг сайн авсан. Гэвч зэргэлдээх аймаг, сумуудын малчид отрын бүс нутгийг зорихдоо Их нартыг дайран өнгөрч болзошгүй. Ингэвэл мал болон ан амьтдын бэлчээр давхцаж, хүндрэл үүснэ. Эдгээр эрсдэлийг тооцоолсны үндсэн дээр уст цэгүүдийг хашиж хамгаалах арга хэмжээ авч байна. Эхний ээлжид 200 боодол өвс нөөцөллөө. Байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааны зардал болон ажилчдын цалинг улсын төсвөөс шийддэг. Биотехникийн арга хэмжээнд тусгайлан төсөвлөсөн санхүүжилт байдаггүй. Ихэнхдээ гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр болон дүйцүүлэн хамгааллын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэдэг. Өнгөрсөн өвөл гэхэд АНУ-ын Денверийн зоологийн сангийн төлөөлөгч “Монголын ховор амьтдыг хамгаалах эвсэл” төрийн бус байгууллага, “Мак цемент”, “Тэнүүн байгаль” компанийн тусламжтайгаар зэрлэг амьтдыг өвс, хужраар хангасан” гэв.

Засгийн газар цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор салбар салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын саналыг авсан. Тэгэхэд байгаль орчны салбарынхан тусгай зориулалтаар агнуулдаг амьтдын тоог нэмэгдүүлэх саналыг хамгийн түрүүнд гаргаж байв. Ядарч туйлдсан, аргаа барсан үедээ хамгийн түрүүнд ан амьтны нөөц рүү “дайрдаг” юм. Харин амьтдыг хахир өвөл, хариуцлагагүйн зуднаас хамгаалах халуун сэтгэлтэн ховор аж. Хэдэн байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааныхан энд тэндээс тусламж эрж байгаа бол БОАЖГ-ынхан “толгой” яам, орон нутгийнхаа удирдлагын амыг хараад сууж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.