Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түүхэнд байгаагүй “ТОМ” ТӨСӨВ

Нийслэлийн төсөв ирэх онд түүхэнд байгаагүйгээр “томорч”, анх удаа их наяд төгрөгөөс давах нь. Хууль, эрх зүйн орчин шинэчлэгдэж, зарим салбарын хөрөнгө оруулалтыг нийслэл бие даан шийдвэрлэх эрхтэй болсонтой холбоотойгоор төсөв ийнхүү нэмэгдээд байна. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилснээр ирэх онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр болсон. Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөрийн орлогыг 100 хувь дүүргүүдийн төсөвт төвлөрүүлэхээр болсон билээ. Ингэснээр нийслэлийн төсвийн орлого ирэх онд 1.6 их наяд төгрөгт хүрч нэмэгдэх төслийг холбогдох албаныхан боловсруулаад байна. Уг тоо нь энэ оныхоос 42.5 хувиар нэмэгдсэн дүн. Түүнчлэн 2020 оныхтой харьцуулахад 90.9 хувиар тэлсэн төсөв юм.

Уламжлалын дагуу ирэх онд төсвийн ихэнх буюу 86.8 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр тооцжээ. Тэр дундаа орлогын албан татвараар төсвийн 66.4 хувийг бүрдүүлэхээр төсөл боловсруулсан байна. Уг төслийн нэг томоохон онцлог нь хөрөнгө оруулалтын зардал энэ оныхоос 7.3 дахин нэмэгдсэн явдал юм. Тодруулбал, эл зардал энэ онд 115 тэрбум төгрөг байсан бол ирэх жил 847.3 тэрбум болж нэмэгдэх нь. Уг хөрөнгөөр нийт 270 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг салбараар нь ангилж үзвэл авто зам, нийтийн тээвэрт хамгийн их буюу 421.5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын 53.4 хувийг эзэлжээ. Эдгээр салбарт хийх гол ажил нь замын түгжрэлийг бууруулах бөгөөд үүнд 420 тэрбум төгрөг төсөвлөсөн билээ.

Түгжрэл бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын гол гудамж, авто замуудыг өргөтгөн шинэчилж, хэд хэдэн байршилд гүүр барин, замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын нэгдсэн систем нэвтрүүлэх, томоохон уулзваруудыг дахин төлөвлөн инженерчлэх, дугуйн болон явган хүний зам нэмэгдүүлэх зэргийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх аж. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг шинээр барих, дэд бүтэц сайжруулах зэргийг төсөлд тусгажээ.

Хотын төсвийн төслийг боловсруулж, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж эхэлснээс хойш хороод нэмж байгуулах, дүүжин тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр нийслэлд хороод нэмж байгуулахыг эсэргүүцэж, үүний оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх зардлыг нэмэх саналтайгаа илэрхийлсэн. Мөн төлөөлөгч П.Ганзориг “Улаанбаатар хотын иргэдийн 50 хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэтэл гэр хорооллын инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэхэд 20 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн нь хангалтгүй” гэсэн санал гаргасан. Төлөөлөгч Д.Пүрэвдаваагийн хувьд ажлын байр бий болгож, татвар төлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих арга хэмжээг төсөлд тусгаагүйг дурдлаа.

Үүнээс гадна нийслэлд дүүжин тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төлөвлөгөөг олон нийт шүүмжилж байгаа. Энэ талаар нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн уржигдар “Засгийн газрын хэмжээнд дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Одоогоор гурван удаа хуралдсан. Дүүжин тээврийн эхний шугамыг Баянхошуунаас III хорооллын эцэс хүртэл тавихаар төлөвлөсөн. Уг шугам нь айлуудын дээгүүр өнгөрөх учраас иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс эрсдэлийг тооцоолон, эхний трассыг өөрчлөх шийдвэрийг ажлын хэсгээс гаргасан. Дүүжин тээвэр бол хоёр улсын (Монгол, Франц) Засгийн газрын хэмжээнд, нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төсөл. Уг төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд оновчтой байршил гаргахаар ажиллаж байна” хэмээн тайлбар өгсөн юм.

Нийслэлийн төсөв тойрсон энэ мэт санал, шүүмжлэл өрнөсөөр байна. Эцсийн дүндээ хотын төсвийг хэрхэн батлахыг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ сарын 5-наас өмнө шийдэх ёстой билээ. Ирэх оны төсвийн төслийг энэ оныхтой харьцуулсныг инфографикт үзүүллээ.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.