Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын ХӨГЖИМ ДЭХ ШИНЭЧЛЭЛ

Залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн эрдүү хийл (альт), симфони найрал хөгжимд зориулсан IV концертын тухай өгүүлье. Хөгжмийн зохиолч уг бүтээлээ Оросын алдарт эрдүү хийлч Юрий Башметад зориулан бичжээ. Х.Мөнх-Ертөнц Санкт-Петербургийн Хөгжмийн дээд сургуульд Оросын алдарт хөгжмийн зохиолч Б.И.Тишенкогийн удирдлага дор суралцаж төгссөн юм. Мөн тус улсын Москвагийн Хөгжмийн их сургуулийн профессор А.Чайковский нарын удирдлага дор магистрын түвшний мэдлэг эзэмшиж, улмаар эдүгээ докторантурт суралцаж буй.

Хөгжмийн зохиолч уг, политоналын буюу холимог дэвсгэр хөгт бичсэн концертоороо энэ оны наймдугаар сард Австри улсын Вена хотод болсон “Academia musica” хэмээх дэлхийн 52 орны 600 гаруй хөгжмийн зохиолч оролцсон олон улсын томоохон уралдааны гуравдугаар байрын шагнал хүртсэн билээ. Түүний энэхүү бүтээл нь уг уралдаанд Монгол Улсыг төлөөлсөн бөгөөд Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээсэн амжилт төдийгүй ХХI зууны дэлхий дахины хөгжмийн урлагтай монголчууд бид хөл нийлүүлэн алхаж буйн яруу тод жишээ болсон юм.

Х.Мөнх-Ертөнцийн эрдүү хийл, симфони найрал хөгжмийн концерт бол хөгжмийн уран бүтээлийн том хэлбэрийн жанрт тооцогдох бүтээл юм. Найрал хөгжмийн их состав буюу бүрэлдэхүүнд бичигдсэн авиа эгшиг, өнгө техник, штрих хэллэг, найруулга зүй, тоглолтын арга барил, дуурьсал, зохиомж, фактур, бичилтийн хувьд хөдөлмөр ихээхэн шаардсан том хэлбэрийн бүтээл.

ХХ зууны сонгодог хөгжмийн урсгал чиглэл бол урьд өмнө байгаагүй шинэ, шинэ үйл явдал, мэдээлэл, зохиомж бичилт, сэтгэмж сэтгэлгээ, уран чадварын нэн шинэ арга техник шаардаж байгаагаар онцлогтой. Түүн лүгээ Х.Мөнх-Ертөнц нь хөгжмийн зохиомж, бичилтийн арга техникийн хувьд урьд өмнөх улиг болсон хуучин замаар шогшсонгүй, шинэ хандлага, шинэ эрэл хайгуул, бичилтийн шинэлэг арга хэлбэрээр баян бүтээл төрүүлснээрээ онцлогтой юм.

Энэхүү эрдүү хийл, найрал хөгжмийн бүтээл нь өнгө будаг, дүрслэл илэрхийллийн хувьд хурц тод, ХХ зууны хөгжмийн шинэ урсгалын фактурын гол цөм болсон 12 хөгийн (додекафония) тогтолцоог вариацын хэлбэрээр уран чамин дүрслэмжээр баяжуулан илэрхийлсэн зохиол болжээ.

Тус зохиолын ерөнхий найруулга, дуурьслыг монгол хүний төрж өссөн газар нутаг, уул ус, ёс заншил, үлгэр домог, түүхэн дүрслэл, ахуй байдлын дүр зургийг тавц хөгийн эгшиглэлээр төдийгүй, ардын дуу, хөгжмийн хөг аялга (интонац)-ыг хурц тод, уран дүрслэлийн аргаар баяжуулсан байна.

Концерт үндсэн хоёр ангитай бөгөөд I анги Largo темп-д ре минороор эхэлж, олон дэвсгэр хөгийн зарчмыг хадгалсан (d moll, polytonal)-150 такт буюу 62 хуудсаас бүтсэн бол, II анги Variation а moll-оор эхэлж хөг солин нийт 126 такт буюу 48 хуудас, нийт 110 хуудас, 21 минут үргэлжлэх зохиол юм.

I АНГИ LARGO (РЕ МИНОР ПОЛИТОНАЛ)

Энэ анги бол 4\4 хэмжээнд, богино оршил нь тавц хөгт дуурьсах бөгөөд аялгын (интонац) хувьд эртний монгол цэргийн ан, ав, цэрэг дайны уриа дуудлагын шинжтэй цэвэр дөрөвц, тавцын өгссөн (фанфар) дуурьслаар эхэлнэ. Энэхүү уриаг дөрвөн угалзан бүрээ (валторн) хөгжимд дөрвөн өөр хөг дуурьсгаж байгаа фактур нь политонал үүсгэн олон хөгт зэрэг дуурьсах байдлаар зохиомжилсон нь урьд өмнөхийг дуурайн давтсангүй, шинэлэг зам мөр гаргасан гэж үзэх үндэстэй юм.

Дуурьслын ерөнхий шинж төрх нь жинхэнэ монгол ахуйн дүрслэл, монгол үлгэр домгийн үүд хаалгыг нээх мэт өвөрмөц хэмнэлт дүрслэмжийг илэрхийлэх бөгөөд энэ нь тус зохиолын уриа дуудлагын хэсэг юм. Мөн энэ хэсгийн гол аялгуу нь утсан хөгжим альт, контрбасс хөгжмүүдэд харш (диссонанс) хөгөөр өгсөн, улмаар модон үлээвэрт шилжиж байгаа нь цаст Алтайн өндөрлөг рүү мацах мэт орон зайн дүрслэмжийг тавц хөгөөр илэрхийлжээ.

…Х.Мөнх-Ертөнцийн зохиомжийн шинэлэг тал нь юу вэ. Тэрбээр энэхүү бүтээлдээ дараах хэдэн зүйлийн шинэчлэлийг дэвшүүлэн тавьжээ. Үүнд:

Зохиолынхоо гол болон туслах аялгууг харилцан яриа хэлбэрээр зохиомжилсон бол, пластик аккорд буй үлээвэр хөгжмийн зэмсгүүд (флейт, кларнет, гобой, фагот)-ийг хос хосоор нь эсрэгцүүлсэн хөдөлгөөнөөр баяжуулсан.

Гоцлол ба найрал хөгжмийг харилцан яриа, асуулт хариултын хэлбэрээр товчлон авч үзэхдээ найрал хөгжмийг педаль хэлбэрээр зохиомжилсон нь бичилтийн фактурт өөрчлөлт оруулсан шинэлэг санаа байв.

Фактурын хувьд монгол ардын дуу хөгжимд байх дөрөвц, тавц голлосон пентатоник эгшиглэгээг дангаар бус, “гемиол”, “давхар харш хөг”, “давхар бага хоёрц” арван хоёр хөг (додекафони)-ын хурц тод харш хөг (диссонанс)-өөр чадварлаг баяжуулсан нь онц сонирхолтой шинэлэг дуурьслыг буй болгосон. Ялангуяа эхний анги ре минорт дуурьсах хэрнээ ре бемоль-ийг оруулж өгсөн нь эгшиглэгээний хувьд өвөрмөц төдийгүй эхлэлийн дөрвөн валторн хөгжмийн дуурьсалд дөрвөн өөр эгшиглэгээг оруулснаар политонал үүсгэсэн нь шинэлэг болов.

Эгшиглэгээний хувьд эрдүү хийлийн гоцлолд хоёр ба дөрвөн хоолойн найралжуулгыг оруулж, хөгжимдөх арга хэлбэрийг баяжуулсан нь шинэлэг болжээ. Өөрөөр хэлбэл, дөрөвц, тавц хөгийг диатоник, пентатоник, гемиол, хроматика, арван хоёр эгшиглэгээний төрлүүдээр баяжуулан холбосон нь шинэлэг.

Темпийн хувьд уламжлалт (andante, alle¬gro, andante) удаан, хурдан, удаан гэдгээс татгалзаж, (Largo, variation) гэх долоон зүйлийн хувилбар аяз (вариац)-ыг оруулж өгснөөрөө хуучин уламжлалыг өөрчлөх гэсэн санаа дэвшүүлсэн нь дэлхий ертөнцийн хөгжлийн хурд, хувьсал хөгжилд хөгжмийн хэлээрх шинэлэг уриа дуудлага болон гарч байгаагаар онцлог болж байна.

ДЭВШҮҮЛЖ БУЙ САНАЛ

Цаашид манай хөгжмийн зохиолчид өөрсдийн бүтээлдээ:

Нэгдүгээрт, форм бүтцийн хувьд Өрнийн тогтолцоот хөгжим дэх “сонат симфонийн цикл”-д байх драматург, сөргөлдөөн (конфликт), уламжлалыг илүү товч тодорхой авч үзэн хөгжүүлэх тал дээр шинийг эрэлхийлэх цаг үе нэгэнт тулж ирснийг анхааруулсан зохиол болж байна.

Хоёрдугаарт, зохиомж фактурын хувьд хөгжмийн том хэлбэрийн бүтээлд гомофон, гетерофон, пентатоник тавц хөгийн дуурьслыг төдийгүй, хэмнэлийг болон нэгэн хөгжмийн зэмсэгт ч олон хоолойн дуурьслын фактурыг хэрхэн яаж баяжуулах тал дээр шинэлэг эрэл хайгуул хийх санааг энэ бүтээл дэвшүүлж байна.

Гуравдугаарт, зохиомж бичилтийн хувьд ХХI зууны хөгжим бол чөлөөт зах зээлийн нийгэмд, “чөлөөт сэтгэлгээ”, “чөлөөт зохиомж”, “чөлөөт бичилт”, “чөлөөт хөгжимдөх арга”, “чөлөөт техникээр шинэчлэгдэн, үндэсний онцлогийг хадгалсан ая эгшиг, хэмнэл дуурьслаар баяжигдаж байгааг анхаарах,

Дөрөвдүгээрт, шинэ зуунд төрөн гарч буй “Постмодернист урсгал” нь хуучин арга техник дэх нүсэр том бүтэц, нүсэр том дуурьсал, нүсэр том фактур, дахилтын олон давталтаас татгалзан, аль болох агуулгыг товчлох, үзэгч сонсогчдод сонирхолтой байх талыг илүүтэй анхаарах болсныг сануулж байна.

Тавдугаарт, шинэ зууны хөгжим бол цаг хугацааг хэмнэх, олон хоолойн дуурьсалд зохиомж бичилтийн олон сонирхолтой хэлбэрийг авч ашиглах, аль болох богино хугацаанд их мэдээлэл өгөх, дамжуулах арга техникт суралцах шаардлага урган гарч байгааг дамжуулж байгаагаар онцлогтой байна.

Эцэст нь тэмдэглэе. Монгол Улсын залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц бол ХХI зууны монгол үндэстний ахуй сэтгэлгээний онцлогийг хөгжмийн хэлээр гүнзгий илэрхийлэгч, чөлөөт зохиомж, чөлөөт сэтгэлгээний уран дүрслэгч “Постмодернист” урсгалын гол төлөөлөгч мөн хэмээн үзэж байна.

Ашигласан ном зүй

Adorno, Teodor. W. \1990. “Negative Dialec¬tics”, Cambridge, 1990,

Adorno, Theodor. W. /2002/. On the Fetish character in Music and the Regression of Lis¬tening”, University California Press. 2002, ISBN 0-520-22672-0.

Matthias Benzer. \2011. “The sociology of The¬odor Adorno”, Cambridge U\press,

Albright, Daniel \2004\, “Modernism and mu¬sic”, Chicago, ISBN 0226-1267-0,

Beard, David \2003\, “Musicology”, NY, 2003, “The portable Postmodernism”,

Х.Мөнх-Ертөнц. Зохиолын ноот, партитур, УБ, 2021, нийт 110 такт.

Х.Мөнх-Ертөнцтэй хийсэн ярилцлага, бичлэг

Шинжлэх ухааны доктор, профессор, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Л.ЭРДЭНЭЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.