Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн банк “Шинжан шинфа”-гаас нэхэмжилсэн 15.9 тэрбум төгрөгөө авч чадах уу

Төрийн банкны удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж, БНХАУ-ын “Шинжан шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон хэргийг уншигчид санаж буй. Тэгвэл тус банкныхан эл компаниас 20 тэрбум төгрөгийн зээлийн хүү болон өөр төсөл хөтөлбөр санхүүжүүлснээр олох ёстой орлого болох 15.9 тэрбум төгрөг нэхэмжилсэн юм. Төрийн банкнаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжан шинфа” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт дээрх мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэл бичсэн байдаг. Иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага нь зөв байж, түүнийгээ баталж чадвал өөрийнхөө талд шийдвэрлүүлж чаддаг. Буруу үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд шүүх хангадаггүй. Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хангаагүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тиймээс Төрийн банкныхан Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг өчигдөр хэлэлцэхээр товлоод байв. Гэвч өмгөөлөгч нар нь хурал давхацсан шалтгаанаар ирэх долоо хоног болтол хойшлуулжээ. Уг хэрэгт прокурорын байгууллагынхан төр, нийтийн эрх ашгийг хамгаалах эрхээ хэрэгжүүлж оролцож буй юм билээ.

Төрийн банкны ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфа” компани, түүний захирал Сун Гуан Чинд 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон байдаг. Эргэн төлөгдөх хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан ч тус компани зээлээ төлөөгүй. Уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн гэм буруутайд тооцсон. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Баярсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан гэж дүгнэн, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жил хорих ял оноосон юм. Харин тус банкнаас зээл авсан “Шинжан шинфа” ХХК-ийн захирал Сун Гуан Чинийг мөн хугацаагаар хорихоор болсон билээ. Шүүгдэгч БНХАУ-ын иргэн анхан шатны шүүх хурлын үеэр Төрийн банканд учруулсан хохирол болох 20 тэрбум төгрөгөө хүүгийн хамт төлсөн ч арилжааны банкны шинэ удирдлага нь 20 тэрбумаар өөр төсөл, арга хэмжээ санхүүжүүлсэн 15.9 тэрбум төгрөг олох ёстой байсан хэмээн нэхэмжлэл гаргасан юм.

Дээд шүүхийн Иргэний танхимын шүүх бүрэлдэхүүн Төрийн банкныхан болон прокурорын гомдлыг хэлэлцэн шийдвэрлэснээр уг мөнгийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс авч чадах, эсэх нь тодорхой болно.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply to Anonymous Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.